| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00440/И |
| Дугаар | 00456 |
| Огноо | 2019-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00456
| 2019 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2019/00456 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Нийслэлийн ******* дүүргийн ******* хорооны ******* гудамжны ******* тоотод оршин суух, .... тоот регистрийн дугаартай, Бортон овогт Б-гийн Мын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 1977 онд элсэн орж, 7 дугаар анги 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төгсөөд ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. 1984 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1991 онд Н.Нямжавтай гэр бүл болж, тус нэгдлийнхээ Гахайт бригадад мөн малчнаар ажиллаж эхэлсэн. Би тус нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан.
Гэтэл ажилд орсон гарсан тушаал, цалингийн материал болон хөдөлмөрийн дэвтэр архив шатсаны улмаас олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1984 онд 7 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн ч тухайн үед 15 настай байсан учраас хүсэлтийнхээ шаардлагыг 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан учраас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж хүсэлтийнхээ шаардлагыг тодорхойлж байна.
Иймд Б.М намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.М нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7 дугаар анги төгсөөд ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. 1984 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1991 онд Н.Нямжавтай гэр бүл болж, тус нэгдлийнхээ Гахайт бригадад мөн малчнаар ажиллаж эхэлсэн. Тэрээр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдсан. Хүсэлт гаргагч Б.М нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 7 дугаар анги төгссөн бөгөөд нэхэмжлэл дээр 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилласан жилээ тогтоолгоно гэж буруу бичсэн байна. Үүнийг зөвтгөөд 6 дугаар сарын 20-ны өдөр болгож байна. Иймд түүнийг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.М нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд ...хүсэлт гаргагч Б.Мын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгалаа.
Хүсэлт гаргагч Б.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржид 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд тус итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржид нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1075 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Хувиарлан томилох тухай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадын 1984, 1989 оны Б.Мын нэр дээрх 70-р дансны хуулбар,
-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа,
-Гал түймэрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Г.Ганжаргалын тодорхойлолт,
-Б.Мын нэр дээрх 1987 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Баярын бичиг,
-Б.Мын нэр дээрх төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Давшилт ХК болж өөрчлөн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх Улсын бүртгэгчийн лавлагаа,
-Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зурагууд,
-Гэрч Н.Даваажаргалын шүүхэд өгсөн ...Б.М 1985 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургууль төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажилласан. Тэрээр нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.Цагаанцоозын шүүхэд өгсөн ...Б.М 1985 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургууль төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажилласан. Тэрээр нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.Цагаанцоозын гэрэл зурагтай 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Ховд аймгийн Хөдөлмөр сонины хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1117 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадын 1984 оны малын тооллогын картын бүртгэлийн 33 дугаарт Давга овогтой Баасансүрэн ам бүл 9, хөдөө аж ахуйд 1, 16-24 насны 1, 35-44 насны эмэгтэй 1, 45-60 насны эрэгтэй 1, 20 толгой мал тоолуулжээ. Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадын 1985 оны малын тооллогын картын бүртгэлийн 33 дугаарт Давга овогтой Баасансүрэн ам бүл 9, хөдөө аж ахуйд 1, 16-44 насны эрэгтэй 1, 35-44 насны эмэгтэй 1, 24 толгой мал тоолуулжээ. Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадын 1986 оны малын тооллогын картын бүртгэлийн 33 дугаарт Давга овогтой Баасансүрэн ам бүл 11, хөдөө аж ахуйд 1, 16-44 насны эмэгтэй 1, 9 толгой мал тоолуулжээ гэх лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын 1977-1985 оны 8 жилийн сургуулийн төгсөлтийн зураг,
-Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт,
-Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.М нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Бортон овогт Баасансүрэнгийн Мын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА