| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0003/э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/64 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Э.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Эын Бд холбогдох 2328000590087 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 13-39 тоотод байрлах иргэн Б.Мгийн эзэмшлийн “Ц” хүнсний дэлгүүрт нэвтэрч 2 ширхэг үхрийн өвчүү хулгайлж, 520.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Мөн Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 13-39 тоотод байрлах иргэн Б.Мгийн эзэмшлийн “Ц” хүнсний дэлгүүрт нэвтэрч 2 ширхэг үхрийн өвчүү, 5 килограмм шүүрмэгийг тус тус хулгайлж 670.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Бд холбогдох хэргээс яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдөр найзтайгаа архи ууж байгаад архиныхаа халуунд өөрийгөө авч явах чадваргүй байх үедээ найзынхаа дэлгүүр рүү ороод мах авсандаа харамсаж гэмшиж байна. Найзыгаа хохиролгүй болгосон. Миний буруу. Том алдаа хийсэн. Дахин ийм зүйл хийхгүй. Эцэг, эхийнхээ төлөө мал маллаж амьдарна. Дахин ийм алдаа гаргахгүй. Маш их гэмшиж харамсаж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Гурвансайханд хашаандаа Ц гэдэг нэртэй махны дэлгүүр ажиллуулдаг юм. 2023 оны 02 сарын 02-ны өдөр би дэлгүүрийнхээ хашаан дотор байдаг хаалгыг түгжилгүй орхичихсон байсан чинь дэлгүүрт байсан 4 ширхэг үхрийн өвчүүнээс 2 нь алга болсон байсан. Тэгээд би Б гэдэг танилаараа цоож авчруулаад ирж дэлгүүрээ цоожилсон. Намайг цоож аваад ирэхэд нөгөө 2 өвчүү нь байсан. Тэр өдөр цоожилсон юм чинь гайгүй байлгүй гэж бодоод найзынхаа гэр рүү очиж хоночхоод маргааш өглөө нь ирсэн чинь манай дэлгүүрийн цоожийг эвдлээд орчихсон үлдсэн 2 өвчүү болон 5 кг шүүрмэг аваад явчихсан байсан. Тэгээд би Цагдаад хандсан. Тэгсэн чинь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б над дээр нэг шил архи аваад ирсэн. Тэгээд бид хоёр хувааж уугаад сууж байсан чинь надад намайг уучлаарай би танай дэлгүүрээс 02 сарын 02-нд 2 өвчүү маргааш нь 2 өвчүү авчихсан юм гэж хэлсэн. ...Надад нийт 1.190.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б эхлээд хэлэхдээ бол дэлгүүрээс 2 ширхэг жижиг өвчүү байсныг нь авсан гэж надад хэлсэн. Харин таксинд явдаг М руу залгаад Бынд хүрээд ирээч гэж дуудсан. Удалгүй М ах ирээд Б бид хоёрыг суулгаад авч явах замдаа Баас би хоёрыг нь л авсан гээд байсан. Тэгэхээр нь чи тэгээд хаана зарсан юм гэхэд сэнжтэйг нь хүмүүс голоод авахгүй байсан гээд яриан дундаа алдаа гаргаад ярьчихсан. Хулгайд алдагдсан үхрийн 4 ширхэг өвчүүний 1 том өвчүү нь сэнжтэй байсан, нөгөө 3 нь сэнжгүй байсан. Тэгэхээр эхлээд хоёр жижиг өвчүүг зарчхаад дараа нь том өвчүүг зарсан болж таараад өөрөө хэргээ хүлээгээд миний хохирлыг төлөхөөр тохиролцсон юм. Харин шүүрмэгийг бол би аваагүй л гээд байгаа. Гэхдээ бүхэл бүтэн 4 ширхэг үхрийн өвчүүг авчихсан юм чин 5 уут шүүрмэг асуудалгүй байх. Тухайн ууттай шүүрмэгийг Баас өөр авах хүн байхгүй гэж бодож байна. ... 2023 оны 02 дугаар сарын 01-нд Мийнд Б бид гурав хамт архи ууж байгаад би согтчихсон байсан болохоороо тэндээ хоносон. Харин маргааш нь Б ирээд хамт манай гэрт очиход махны дэлгүүрийн хаалганы цоожийг эвдээд, цүйг нь мурийлгаж ороод дотроос нь үхрийн 2 ширхэг жижиг өвчүүг нь авчихсан байсан. Тэгэхээр нь Быг цоож аваад ир гэж цоож авхуулаад дэлгүүрээ цоожилчхоод дахиж яваад архи ууцгаагаад бас Мийнд хоночхоод 02 сарын 03-ны өглөө гэртээ ирэхэд дэлгүүрийн цоожийг бас эвдэж ороод үлдсэн 2 ширхэг том өвчүүг, 5 уут шүүрмэгийн хамт' хулгайлчихсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн газар дуудлага өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн асуудлын талаар 2023 оны 02 сард /хэдний өдрийг нь санахгүй байна/ М над руу залгаад манай махны дэлгүүрээс үхрийн өвчүү алга болчихсон байна гээд ярьж байсан. Түнээс хойш хоёр билүү гурав хоногийн дараа над руу залгаад өвчүү авсан хүнээ олчихсон. Манай сумын Бажгай авчихсан байна та Бажгайгийнд хүрээд ир гэхээр би Бажгайгийнд очиход М, Бажгай хоёр унтаж байсан. Тэгэхээр нь дуудаад ярилцсан. Бажгай нь эхлээд би хоёр жижиг өвчүүг нь авсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би та хоёр машинд суу цагдаагийн газар очиж учраа ол гэхэд Бажгай нь байж бай эндээ учраа олъё, цагдаад хэлээд хэрэггүй би бүгдийг нь авчихсан юм аа, эхлээд авахдаа хоёр жижгийг нь авсан, дараа нь хоёр томыг авсан. Хоёр томыг нь сэнжилчихсэн болохоор дэлгүүрүүд авахгүй байсан гэж ярьсан. Тэгээд М за за эндээ буулаа гээд төвд буугаад үлдэцгээсэн гэжээ. /хавтаст хэргийн 26-28 дахь тал/
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хэдний өдөр байсныг би сайн мэдэхгүй байна. 2023 оны 02 дугаар сарын 10-аас хойш нэг залуугаас 150,000 төгрөгөөр үхрийн өвчүү худалдаж авсан. Өндөр 162-165 см, туранхай, инээд алдсан залуу байсан гэжээ. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Гэрч Т.Тогтохсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өдрийг нь сайн санахгүй байна. 2023 оны 02 дугаар сарын эхээр надад намхан нуруутай бор залуу цэнхэр ирж уулзаад өөрийгөө хаанахын хүн гэж хэллээ /ямар ч байсан хангай нутгийн хүн гэж хэлээд/ сайн санахгүй байна. Тэгээд эхнэр өвдөөд буцахгүй бол болохгүй нь гээд намайг шүүрмэг авах уу гэсэн. Тухайн үед миний зарж байсан цагаан идээнээс шүүрмэг дуусчихсан байсан болохоор нөгөө залуугаас шүүрмэгийг нь 1 кг-г нь 15,000 төгрөгөөр бодож 45,000 төгрөгөөр 3 кг шүүрмэг худалдаж авсан. Нөгөө залуу надаас мөнгөө авчихаад явсан гэжээ. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мгийнд очсон чинь хашааны том хаалга болон дэлгүүр, гэрийн хаалганууд нь онгорхой байхаар нь гэрт нь орсон чинь хүн байгаагүй. Тэгэхээр нь гараад дэлгүүрт нь орсон чинь бас хүн байгаагүй. Тэгэхээр нь дэлгүүрийн лангуун дээр тавиатай байсан 4 ширхэг үхрийн өвчүүнээс 2 ширхэг өвчүүг нь аваад хажуу талдаа тэвэрч яваад гэртээ тавьчихаад Баруунсайхан хороололд байдаг Мийнд очиход М тэднийд байсан. Тэгээд М, М нартай хамт нэг шил архи уучхаад Мгийнд очих замдаа дэлгүүрээс цоож аваад Мгийн гэрт очиж бас нэг шил архи уучхаад гэр болон дэлгүүрийг нь цоожилчхоод буцаад Баруунсайхан хороололд Мийнд очоод дахиж архи ууцгааж байгаад тэднийд хоносон. Тэгээд маргааш нь Чинзориг гэх махлаг шар залуу Мийнд ирээд бүгдээрээ хамт Мгийнд очиход дэлгүүрийнх нь цоожийг эвдчихсэн дотроос нь үлдсэн байсан 2 ширхэг үхрийн өвчүү, 5 ууттай шүүрмэг зэрэг нь алга болчихсон байсан. М цагдаагийн газарт дуудлага өгчихөөд М, М, Чинзориг бид дөрөв манай гэрт очоод хүзэр тоглоод архи уугаад сууцгааж байхад цагдаа нар ирчихлээ гэж байна гээд М, Чинзориг гэх залуутай хамт гэр рүүгээ явчихаад буцаж ирээд М, Чинзориг, М нар явсаны дараа би гудамжнаас такси барьж зогсоогоод гэрт орон доогуур хийчихсэн байсан 2 ширхэг үхрийн өвчүүний нэгийг нь авч гараад таксинд суугаад төв рүү явъя гэсэн чинь таксины жолооч эгч энэ өвчүүгээ яах гэж байгаа юм гэхээр нь зарах гэж байгаа юм гэсэн чинь эгч нь авъя хэдэд өгөх юм гэхээр нь би 100.000 төгрөгөөр зарна гэхэд эгч нь 80,000 төгрөгөөр авъя гэхээр нь тухайн эгчид 80.000 төгрөгөөр зараад мөнгийг нь бэлнээр аваад буцаад гэртээ хүргүүлээд буучхаад дахиад гудамжнаас такси бариад гэрт үлдсэн нэг үхрийн өвчүүгээ аваад таксинд суугаад энэ өвчүүг зарах гэж байгаа юм, авах хүн байна уу гэж асуухад хүнээс асууя гээд нэг хүн рүү залгаад Нисэх хороололд нэг айлд хүргэж өгөөд 150.000 төгрөгөөр зарчхаад худалдааны төвд бууж үлдээд хүүхэд хувцас авч өгчихөөд гэртээ хариад байж байхад М, Чинзориг хоёр ирээд намайг хамт явъя гээд авч яваад тал руу гараад архи ууцгааж байгаад буцаад Мгийнд очиж ууж байгаад бид хоёр хоорондоо маргалдаад би зугтаагаад гэртээ хариад хаалгаа түгжээд унтчихсан. Маргааш орой нь Мгийнд очихдоо нэг шил архи авч очоод хамт ууж байхад М найз нь өрөнд орчихлоо гээд уйлаад байхаар нь би найзыгаа уучлаарай, найз нь хоёр ширхэг өвчүүг нь аваад зарсан гэж өөрөө хэргээ хүлээж хэлэхэд за зүгээрээ төлөөд өгчихөөрэй гэж хэлсэн гэжээ. /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1237 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Үхрийн өвчүү 4 ширхэг 1.040.000 төгрөг, шүүрмэг 5 кг 150.000 төгрөг нийт 1.190.000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 45-48 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/
Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/
Дансны хуулга /хавтаст хэргийн 69-70 дахь тал/
Боловсролын лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Бын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 13-39 тоотод байрлах иргэн Б.Мгийн эзэмшлийн “Ц” хүнсний дэлгүүрт нэвтэрч 2 ширхэг үхрийн өвчүү хулгайлж 520.000 төгрөгийн, мөн 2023 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 13-39 тоотод байрлах иргэн Б.Мгийн эзэмшлийн “Ц” хүнсний дэлгүүрт нэвтэрч 2 ширхэг үхрийн өвчүү, 5 килограмм шүүрмэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 21-22 дахь тал/, гэрч А.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/, гэрч Б.Сгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрч Т.Тогтохсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1237 “Үхрийн өвчүү 4 ширхэг 1.040.000 төгрөг, шүүрмэг 5 кг 150.000 төгрөг нийт 1.190.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-48 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Мгийн Ц нэртэй худалдаа үйлчилгээ явуулдаг хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрснийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэхээр байна.
Улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй байдлаар тогтоогдож байх тул үйл ажиллагаа явуулах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Түүнчлэн шүүгдэгч Э.Б нь үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар саналыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.Б нь 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Энэ нь шүүгдэгч Э.Бын эрх зүйн байдал дордох үндэслэл болохгүй ба хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Быг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь хувийн байдлын хувьд зэргээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мд гэмт хэргийн улмаас 1.190.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1237 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 45-48 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мд 1.200.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирол төлж барагдуулсан банк хооронд мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Быг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, өөрийгөө гэмт хэрэг үйлдсэнээ илчилсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон учраас ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д өөрийгөө илчилсэн нөхцөл байдал байгаа. Хохирогч Мд би өвчүүг нь авсан гэдгээ илчлэн очсон нөхцөлүүд тогтоогдож байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журмаар эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан. Энэ хөнгөрүүлэх нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчид тогтоогдож байгаа учраас энэ заалтыг журамлаад хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгч миний зүгээс оруулж байна гэв.
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Э.Б бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч Д овгийн Эын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ