Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/240

 

 

 

 

 

 

 

   2023         04          04                                   2023/ШЦТ/240

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч А.Дэлгэрмөнх /томилолтоор/,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан эрүүгийн 2111 01204 1392 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ж-ын Б /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 00 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 22 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The lof” цахим тоглоомын газарт хохирогч Т.А-ын өмчлөлийн Ай фоне 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Т.А-ын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Б-ийн мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 04-03/1754 тоот албан бичиг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 06/285 дугаартай ЧД1-21-693 дугаартай тайлан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Хавтаст хэрэгт авагдаж, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар танилцуулсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Дугаар 06/285 тоот шинжээчийн дүгнэлтийг шүүх шинжлэн судалж, үнэлж, дүгнэхээс татгалзсан болно. Учир нь энэхүү шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 дугаартай гарын мөрүүд Ууганбаяр овогтой Бат-Оргилын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь MN000120004213 /MN000110023871/ дугаарт бүртгэгдсэн Ж овогтой Б-ийн баруун гарын эрхий хуруугаар дарагдсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дэх тал)-ийн шинжилгээний объект болсон гарын мөрүүдийг мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол дурьдсанаар “...Г-4322 дугаартай гомдолд хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрөнд шинжилгээ хийхийг Шинжилгээний байгууллагад даалгасугай” гэх тогтоол (хавтаст хэргийн 21 дэх тал) үйлдсэн боловч хавтаст хэрэгт гарын мөрүүдийг бэхжүүлж авсан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг авагдаагүй, тухайн гарын мөрүүдийг хаанаас ямар арга хэлбэрээр хэрхэн хэн бэхжүүлж авсан нь тодорхойгүй байх тул дээрх гарын мөрүүдэд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан бусад нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч нь мөн дээрх байр суурийг дэмжиж оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The lof” цахим тоглоомын газарт хохирогч Т.А-ын өмчлөлийн Ай фоне 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч Т.А мэдүүлсэн “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Пийс молл худалдааны төвийн ард байх Лоп нэртэй цахим тоглоомын газарт орж тоголж эхэлсэн. Тухайн газар 2 цаг орчим тоголж 18 цаг өнгөрч байсан ба өөрийн гар утсыг ашиглах гэсэн боловч гар утас маань байгаагүй. Тэгээд тухайн цахим тоглоомын газрын ажилтан дээр очиж “миний гар утас алга болчихлоо, та хяналтын камер байдаг бол шүүж өгөөч” гэхэд “за” гэж хэлээд шүүж өгсөн. Тэгтэл би өөрийн гар утсыг ил ширээ нь дээрээ тавьсан байсан ба ногоон өнгийн юүдэнтэй хүрэмтэй, царай нь харагдахгүй, масктай залуу миний урд талын компьютер дээр сууж гараа миний ширээний завсраар оруулж байгаады гар утсыг маань авч байгаа дурс бичлэг бичигдсэн байсан. ...Миний гар утас ай фоне 10 загварын гар утас байсан. Өөрийн гар утсыг 2021 оны 8 дугаар сарын эхээр Теди гар утасны худалдааны төвөөс 1.340.000 төгрөгөөр худалдан авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-44 дахь тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 04-03/1754 тоот “2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг 05 минутаас 18 цаг 20 минутын хооронд дээрх тоглоомын газарт зорчих хөдөлгөөн хийсэн байна.” албан бичиг (хавтаст хэргийн 189 дэх тал), “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Дугаар ЧД1-21-693 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 900.000 төгрөг” (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр гарын мөрний дардасанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэхээс татгалзсан боловч хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, мөн хохирогчийн гар утсыг хулгайлан авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилготой, амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайрах сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч Ж.Б-т гэмт хэргийн улмаас учирсан, “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Дугаар ЧД1-21-693 хөрөнгийн үнэлгээгээний тайлангаар тогтоогдсон 900.000 төгрөгийн хохирол учирснаас 200.000 төгрөгийн хохирлыг хохирогч Т.А-т төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ж.Б-өөс 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 00 тоотод оршин суух, Б овогт Т-ийн А /РД:хх000000/-т олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчлан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч Ж.Б нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 200.000 төгрөгийг төлж барагдуулсан, 700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Ж.Б нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 892 шийтгэх тогтоолоор бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож нийтэд тустай ажил хийлгэх ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 2021/ШЦТ/135 шийтгэх тогтоолоор мөн бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутйд тооцогдож 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шйитгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 136 захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Б-т оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн хугацаанд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 2022/ШЦТ/384 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Ж.Б нь хэдийгээр үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байсан гэж мэдүүлж байгаа боловч  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 2022/ШЦТ/384 шийтгэх тогтоолд тэмдэглэгдсэнээр “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлэх шатанд үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шалгуулах, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх нь яллагдагч, шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаарах нөхцөл байдал бөгөөд шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “The lof” цахим тоглоомын газарт хохирогч Т.А-ын өмчлөлийн Ай фоне 10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаар нэгтгэн шалгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн энэ талаар дээрх шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 2022/ШЦТ/384 шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүчингүй болгосон, эсхүл энэ талаар прокурор дүгнэлт бичсэн зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байна. 

Шүүгдэгч Ж.Б нь хулгайлах гэмт хэргийг тэр дотроо бусдын өмчлөлийн гар утсыг удаа дараа хулгайлж шүүхээс ял шийтгүүлсэн, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанд мөн дахин үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Б нь удаа дараа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа нь түүнийг нийгэмшүүлэх, мөн дахин гэмт хэрэг үйлдлүүлэхгүй байх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэхгүй, өөрийн үйлдлийг ухаарч, засарч хүмүүжихгүй байгааг илтгэж байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 2022/ШЦТ/384 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт 208 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Б /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 2022/ШЦТ/384 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 2 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 208 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-өөс 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 00 тоотод оршин суух, Б овогт Т-ийн А /РД:хх000000/-т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР