| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0157/З |
| Дугаар | 221/МА2025/0489 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0489
БНХАУ-ын иргэн Г*******ны
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г*******н /*******/
Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газрын дарга
Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч
Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/064-589 дугаар дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/505 дугаар тушаалын Г*******н /*******/-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох, Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05/626 дугаар албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0281 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 128/2025/0157/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г*******н /*******/-оос Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, болон тус газрын Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/064-589 дугаар дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/505 дугаар тушаалын Г*******н /*******/-д холбогдох хэсгийг тус тус илт хууль болохыг тогтоолгох, Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05/626 дугаар албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0281 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г*******н /*******/-оос Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, тус газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид тус тус холбогдуулан гаргасан Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/064-589 дугаартай дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/505 дугаар тушаалын Г*******н /*******/-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох, Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05/626 дугаар албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0281 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан "Шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмыг зөрчсөн тухайд:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу шүүхийн шийдвэрийн 6-7 дугаар хуудаст улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь маргаан бүхий актуудыг илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй гэх ганцхан өгүүлбэрээр дүгнэжээ.
Гэтэл хэргийн материалд авагдсан баримтад нэхэмжлэгчийг улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгийн шийтгэл ногдуулж торгосон бөгөөд үүнийг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 31 дүгээр магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн дүгнэлт гаргах, тушаал гаргах гол үндэслэл болгосон шийтгэх хуудсыг шүүхээс хүчингүй болгосон байхад захиргааны хэргийн шүүгч үүнийг огт үндэслэл болгохгүй байгаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг илтэд зөрчиж байна.
Мөн Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг илтэд зөрчсөн юм.
3.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Шүүх нотлох зарчим, 34 дүгээр зүйлд заасан Нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг зөрчсөн тухайд:
Хариуцагч нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь зочид буудлын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан хэрэг юм гэж үздэг.
Гэтэл хэрэгт хариуцагч ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлож шалгасан баримт байдаггүй, Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоосоо өөр ямар үйл ажиллагаа явуулсан гэдгийг ямар ч баримт, үйл баримтаар тогтоосон зүйл байдаггүй.
Нэхэмжлэгч Баянгол дүүрэгт зочид буудал барьж, 2024 оны 4 дүгээр сард барилгын ажил дууссан бөгөөд холбогдох зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас авахаар ажиллаж байсан боловч хууль зүйн мэдлэг, зөвлөгөө дутсанаас болж ажлаа тур хойшлуулаад байтал түүний бизнесийн хамтрагчид нь буяны ажил гарч БНХАУ-аас буяны ажилд оролцох хүмүүс ирж түүний барьсан буудалд түр байрласан үйл явдлыг зочид буудлын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгадаг.
Үүнийг шүүх нотлох баримтгүйгээр үнэн бодит гэж дүгнэж байгаа нь хуулийг илтэд зөрчиж байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид зөвшөөрөл гэх/-тэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно гэж заасан бөгөөд энэ хуульд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авах талаар огт зохицуулалт байхгүй.
Өөрөөр хэлбэл зочид буудлын үйл ажиллагаа явуулахад нь ямар нэг тусгай болон энгийн зөвшөөрөл байдаггүй байна. Гэтэл шүүгч хүчингүй болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэж зөвшөөрөл авах мэтээр тайлбарлажээ. Уг тогтоол, түүний хавсралтыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу Legainfo.mn-д хүчингүй гэж оруулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан.
Өөрөөр хэлбэл зөрчлийн хэргийг шүүх шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг улсын байцаагч зөрчсөн, нотлох баримтгүйгээр шийтгэх хуудас гаргасан гэж шийдсээр байхад шүүгч илтэд хариуцагчийн талд хуулийг буруу тайлбарласан.
Хуулийн 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасныг шүүх зөрчсөн.
Хэрэгт нэхэмжлэгчийг зочид буудлын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэдгийг Баянгол дүүрэг, Нийслэлийн холбогдох эрх бүхий байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн, дүгнэсэн баримт байдаггүй.
Хуулийн 106.5-т Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч маргаан бүхий дүгнэлт, тушаал гарсны дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн татварын хэлтэс, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэгт бичиг явуулж хууль зөрчсөн ажиллагаагаа зөвтгөх гэж оролдсон байдаг. Харин эдгээр байгууллагын хариу бичиг нь асуудлыг шалгаж байна, зочлох үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлээгүй байна гэсэн утгатай байдаг бөгөөд нэхэмжлэгчийг хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн байр суурь илэрхийлээгүй, энэ талаар хяналт шалгалт хийсэн, шийдвэр гаргасан зүйлийг илэрхийлээгүй байдаг.
Гэтэл шүүгч эдгээр байгууллагын албан бичгийг нэхэмжлэгчийн асуудлыг шалгаж шийдвэрлэсэн мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, хүрээнээс хальсан гэж үзэхээр байна.
3.4.Захиргааны ерөнхий хуулийн 16, 24, 25, 26, 27, 29, 32 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх, орчуулагч авах, хууль зүйн туслалцаа авах зэрэг ажиллагаа огт хийгээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөж, эдгээр зохицуулалтыг илтэд буруу хэрэглэж тайлбарлаж хуулийг бүхэлд нь зөрчсөн тухайд:
Хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0816301 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол 100.000 төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн торгосон.
Энэ шийтгэх хуудсаа гарахаас өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг хурааж авсан байдаг. Ингэхдээ зөрчлийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хурааж байгаагаа дурдсан байдаг. Гэтэл Эрүүгийн шүүхээс зөрчлийг шийдвэрлэж, байцаагчийн шийтгэх хуудсыг хүчингүй болгочихоод байхад нэхэмжлэгчийн баримт бичгийг өгөхгүй байгаа үйлдэл нь илт хууль бус үйлдэл байхад шүүх үүнийг зөвтгөж шийдсэн нь хууль бус байна.
Харин Шийтгэх хуудас гарах өдөр албадан гаргах сонсох ажиллагааг хэлбэр төдий, хууль зөрчиж, нэхэмжлэгчид яг юу болоод байгаа, ямар шийдвэр гаргах гэж байгааг огт ойлгуулалгүй, албан ёсны орчуулагчгүй, түүний орчуулагч гэх ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсээр орчуулагч хийлгэж ус алдсан тул торгож байгаа гэж ойлгуулан сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэгт гарын үсэг зуруулсан байдаг. Нэхэмжлэгч өөрөө биечлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцож албадан гаргах гэж байгааг огт мэдээгүй, юун дээр гарын үсэг зуруулж байгааг ойлгоогүй, зурах ёстой юм байх гэж бодоод, зур гэхээр нь гарын үсэг зурсан гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч торгууль ногдуулсан, албадан гаргах шийдвэр аль нь болохыг огт ойлгоогүй, энэ талаар хариуцагч төөрөгдүүлж, тулгасан байна.
Ингээд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гялс энэхүү шийтгэх хуудсаа үндэслэж УБ05/064-589 дугаар дүгнэлтийг гаргаж, энэ дүгнэлтийг үндэслэн 2 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөр Монгол Улсаас албадан гаргах тухай А/505 дугаар тушаалыг гаргасан байдаг.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг үнэлэх зэрэг ажиллагааг хэлбэр төдий, нэхэмжлэгчийг Монгол хэл мэдэхгүй байдлын ашиглаж хуурч, төөрөгдүүлэн яаран явуулсныг шүүх сонсох ажиллагааг сайн хийсэн мэтээр баримт нотолгоогүй дүгнэсэн нь уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3.5.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.1-т утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.5-т хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол захиргааны акт илт хууль бус гэж заасныг шүүх буруу хэрэглэж, тайлбарласан тухайд:
Шүүх хариуцагчийн дүгнэлт, шийдвэр дээрх заалтад хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг илтэд буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэхээр байна.
1.Хариуцагч нэхэмжлэгчийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж тушаал, дүгнэлтэдээ дурдаж, үүнийгээ үндэслэж байгаа нь утга агуулгын илэрхий алдаа юм. Өөрөөр хэлбэл нотлогдоогүй, утгагүй зүйлийг агуулсан, худал үйл баримтыг үндэслэсэн тушаал болсон.
2.Хариуцагч дүгнэлт, тушаалдаа нэхэмжлэгчийн хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, хууль зөрчсөн болгож, үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулаагүй байхад явуулсан болгож байна.
3.Нэхэмжлэгчийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт байдаггүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Тагнуул, Шүүхийн байгууллага ийм дүгнэлт, шийдвэр гаргаагүй байхад хариуцагч манайх албадан гаргах эрхтэй гэдэг ганцхан үндэслэлээр хандаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гэдгийг харуулж байна.
4.Хариуцагчийн дүгнэлт, тушаалын гол үндэслэл болсон байцаагчийн шийтгэх хуудсыг шүүхээс хүчингүй болгосон, нэхэмжлэгч Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдоогүй, нэхэмжлэгчид хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй байхад хариуцагчийн шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0281 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн маргаан бүхий дүгнэлт, газрын даргын тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бусад тооцох үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийжээ.
Учир нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгохоор, 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах нэг тохиолдол нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана гэж, 41 дүгээр зүйлийн 41.9.3-д зааснаар улсын байцаагч гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх тухай дүгнэлт гаргах эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тус тус заасныг үндэслэн Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албадан гаргах санал, дүгнэлт гаргаж, улмаар албадан гаргахаар шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэхгүй.
Харин нэхэмжлэгчийг буруутгасан зочид буудлын үйл ажиллагааг зохих зөвшөөрлийн хүрээнд явуулах шаардлагатай эсэх, тухайлбал нэхэмжлэгч Баянгол дүүргийн ... хаягт байршилтай ...ийн 9, 10 давхарт байрлах тус бүр нь 867 мкв талбай бүхий өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг энэ чиглэлээр ашиглаж байсныг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж үзэх эсэх нь маргаан бүхий дүгнэлт, тушаалыг илт хууль бусад тооцохоос илүүтэй хүчингүй болгох шаардлагад хамаарах үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл хариуцагчдаас хуулиар олгогдсон дээрх эрх хэмжээгээ хэтрүүлсэн, эсхүл зөрчсөн, мөн хуулийг буруу хэрэгжүүлэх зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулахаар маргах байжээ.
Гэвч илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй бөгөөд дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ талаар тодорхой зохицуулсан.
2.Шийдвэрт нэхэмжлэгчийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бус гагцхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн гэж буруутгахдаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.5-д хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах-ыг гадаадын иргэнд хориглоно гэснийг, мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчингүй болсон 2022 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ын 2.4.1-д заасныг үндэслэл болгож, хууль хэрэглээний зарим алдаа гаргасан ч улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь маргаан бүхий дүгнэлт, тушаалыг илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
Тухайлбал хариуцагч улсын байцаагч албадан гаргах дүгнэлтээс 4 хоногийн өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0816301 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг 100.000 төгрөгөөр торгосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэхдээ зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхэд заавал зөвшөөрөл авах шаардлагатай эсэх, Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл шаардагдахгүй үйл ажиллагаа явуулахдаа ямар байгууллагаас зөвшөөрөл авдаг эсэх, уг байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх, эсхүл авах хүсэлт гаргасан эсэх зэргийг тогтоосон баримт үгүй байна гэж дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу шийтгэлийн хуудас, дүгнэлт, тушаалаар нэхэмжлэгчийг буруутгасан үйл баримт адил байх тул үүнийг шийдвэр гаргахдаа зайлшгүй харгалзан үзэх ёстой боловч хариуцагчдыг хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ дарааллын хувьд заавал шийтгэлийн хуудас эхэлж гаргасан байхыг хуулиар шаардаагүй, мөн өмнө дурдсанчилан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн дээрх магадлалд хийсэн дүгнэлтээр маргаан бүхий актуудыг илт хууль бусад тооцох боломжгүй.
Харин давж заалдах гомдолд нэхэмжлэлийн шаардлагаас өөр дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэснийг чухам ямар үндэслэлээр дурдсан нь ойлгомжгүй байна.
3.Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын виз олгох журам-ын 2.2.1-д B1 ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч-д олгохоор заасан, нэхэмжлэгч Г*******н нь Ж******* ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд 2027 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тус гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчаар буюу В1 ангиллын визээр Монгол Улсад оршин суудаг, мөн тус хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны 1 чиглэлд зочид буудлын үйлчилгээ байхаар улсын бүртгэлд бүртгэгдсэн ч бодит байдалд төлбөрийг хувийн дансаараа авч, цаашлаад татвар ногдох орлогоо үнэн зөвөөр тайлагнаагүй зэрэг үйл баримт хяналт шалгалтын явцад тогтоогджээ.
Гэхдээ нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр албадан гаргахаар шийдвэрлээгүй, мөн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******ы өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан бөгөөд тухайн хугацаанд өмгөөлөгч аваагүй, дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...нэхэмжлэгч өөрөө оролцохгүй гэдгийг хэлсэнээс гадна товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цахимаар ч оролцох хүсэлтээ гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0281 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН