Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 15

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Б.Ичинхорол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд,

Шүүгдэгч Г.Түвшинжаргал нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гөлөгийн Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 201611000484 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 07-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 1 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө "Зөв боломж" ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 1-9 насны 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 17 дугаар гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЮ78012873 регистрийн дугаартай, Боржигон овогт Гөлөгийн Түвшинжаргал,

Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна дачин тамсаг" ХХК-ний 19 дүгээр талбайн Т19-242-хт164 тоот газрын Донканы хажуу талаас машин механизм хэрэглэж 2016 оны 11 сарын 08-ны өдөр нийт 41 ширхэг труба хулгайлан 7808532 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: Би Матад сумын 6 дугаар баг "Петро Чайна дачин тамсаг" ХХК-ний 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг "Зөв боломж" ХХК-ний цементазын ангид туслах ажилчнаар ажиллаж байгаад 2016 оны 11 сарын 05-ны өдөр чөлөө аваад аймгийн төв ирчихээд 2016 оны 11 сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн "Портер" маркийн 32-03 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ажилдаа очиход анги дээр хийх ажил байхгүй байсан тул Батцэнгэл гэдэг айлынд очсон. Тэгээд тэднийд хоол цай идэж уучихаад гэрээс нь гараад Кемп рүүгээ явж байтал газрын тосны Донканы хажууд труба байхаар нь машинаа зогсоогоод бууж очоод үзээд хаягдал, хэрэггүй труба байх гэж бодоод гэрийнхээ хашааны шонгийн труба хийе гэж бодоод машин дээрээ бүгдийг нь ачсан. Тэгээд эргэж дахиад Батцэнгэлийн гадаа ирээд байж байтал цагдаа ирээд намайг хулгай хийлээ гээд шалгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Иргэний нэхэмжлэгч Э.Дамдин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: … Манай "Петрочайна дачин тамсаг" ХХКомпани РОД, ДҮПЭН гэдэг нэртэй хоёр төрлийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд уг зүйл нь газрын тосыг соруулахдаа угсарч, холбох зориулалттай шугам, хоолой юм. 2016 оны 11 сарын  эхээр манай ажилчид Донканы хажууд ашиглах гэж байсан шинэ трубанууд хулгайд алдагдсан юм. РОД труба нь 9,6 метрийн урттай 34 ширхэг байсан. Нэг ширхэг труба нь 57,6 ам доллар, нийт 1958,04 ам доллар болж байгаа юм. ДҮПЭН труба нь 1 ширхэг нь 181 ам долларын үнэтэй, 7 ширхэг труба нь 1267 ам доллар болж байна. Иймд дээрх ханшаар үнэлж байна. Манай компани дээрх трубануудыг бүрэн бүтэн хүлээн авсан учир ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Нотлох баримтаар:    

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-7/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/

- Гэрч Б.Алтансувдын мэдүүлэг /хх-ийн 23-24/

- Гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 25-26/

- Гэрч Г.Алтанхуягийн мэдүүлэг /хх-ийн 27-28/

 -Гэрч Б.Барсболдын мэдүүлэг /хх-ийн 29-30/

- Гэрч О.Төр-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 31-32/

- Г.Түвшинжаргалын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 41-42/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58/

-"Зөв боломж"  ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 64/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 69/,

-Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 3 ширхэг хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.Түвшинжаргал нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна дачинг тамсаг" ХХК-ний 19 дүгээр талбайн Т19-242-хт164 тоот газрын Донканы хажуу талаас машин механизм хэрэглэж 2016 оны 11 сарын 08-ны өдөр нийт 41 ширхэг труба хулгайлан 7808532 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд: Иргэний нэхэмжлэгч Э.Дамдин, гэрч Б.Бат-Эрдэнэ, Б,Барсболд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Түвшинжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Г.Түвшинжаргалд холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч, бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч Г.Түвшинжаргал нь машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Мөн хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Түвшинжаргалын ЖЮ78012873 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинжаргалын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-03 ДОР улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй тэнцэх буюу 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, уг тээрийн хэрэгслийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгон эзэмшигч Б.Барсболдод олгож, шүүгдэгч Г.Түвшинжаргалын эзэмшлээс "Самсунг Галакси S-2" маркийн гар утсыг битүүмжилсэн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Нэргүйн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Гөлөгийн Түвшинжаргалыг машин механизм хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Гөлөгийн Түвшинжаргалыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Түвшинжаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Түвшинжаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Ялтан Г.Түвшинжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, ЖЮ78012873 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Түвшинжаргалын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй тэнцэх буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 32-03 ДОР улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгон эзэмшигч Б.Барсболдод олгож, ялтан Г.Түвшинжаргалын эзэмшлээс Самсунг Галакси S-2 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  түүний  эдлэх ялыг 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ЭНХБААТАР