Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2022/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

батлах тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын МАН-аас нэр дэвшигч Ю.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг /******* сум/ дахин явуулахыг даалгах шаардлага бүхий иргэн А.*******ы нэхэмжлэлтэй Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овгийн А.******* би Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Завхан аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын МАН-аас хэр дэвшигч Ю.*******г Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд Завхан аймгийн ******* сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Ю.******* нь сонгуулийн сурталчилгааны явцад болон сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж сонгогчдын саналыг татах зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан, Улаанбаатар хотоос сонгогчдыг автобусаар зохион байгуулалттай үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдоод байна.

...Энэ нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.1 мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх гэх хуулиар хориглосон үйлдлүүдийг хориглосон. Нэр дэвшигч Ю.******* нь 7 дугаар сарын 1-10-ны хооронд морин хуурч хүүхдүүдийн хамт сумын бүх багуудаар явж БАЯРЛАЛАА нэртэй шоу тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.2 нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх хуулиар хориглосон үйлдлүүдийг хориглосон. ...Иймд Монгол ардын намаас нэр дэвшигч Ю.*******гийн гаргасан дээрх үйлдлүүд нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа байна. Ю.******* нэр дэвшигчийн гаргасан үйлдэл хууль бус гэдэг нь нийтэд илэрхий үйл баримтаар нотлогдсоор байтал сонгуулийн хороо ямар нэгэн арга хэмжээ авч, таслан зогсоогоогүй явдал нь сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. ...Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэр дэвшигч дээр дурдсан хориглосон үйлдлийг гаргавал тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй. Гэтэл Завхан аймгийн Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдэд өгсөн саналыг хүчинтэйд тооцож, хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон явдалд гомдолтой байна. Хууль зөрчсөн нэр дэвшигчийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон энэхүү шийдвэр нь тус тойрогт АН-аас нэр дэвшсэн нэхэмжлэгч миний Үндсэн хуульд олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3-т зааснаар сонгууль зохион байгуулах төрийн байгууллага, албан тушаалтан сонгууль зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах , шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. Завхан аймгийн Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын дүн гарахаас өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасаж болох байсан. Энэ нь нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа юм. Хэрэв сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассан бол дахин сонгууль зохион байгуулах шаардлага үүсэхгүй байх боломжтой байсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд нэр дэвшигч хууль зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдсон бол тухайн этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах гэсэн хоёрхон боломжийг хуульчилж өгсөн. Эхний боломжийг Завхан аймгийн Сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй учраас хоёр дахь боломжийг ашиглах ганцхан сонголт үлдсэн гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын МАН-аас дэвшигч Ю.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг ******* сумд дахин явуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Захиргааны хэргийн гуравдагч этгээд Ю.*******д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1-т заасан Сонгуулийн хууль тогтоомж зөрчих зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2021 оны 03 сарын 26-ны өдөр болж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 2021/ЗШ/64 тоот шийтгэврээр Ю.*******г Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцсон ба Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 2021/ДШ213/18 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж мөн өдрөөс шүүхийн шийтгэвэр хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч миний бие Завхан аймгийн Сонгуулийн хороонд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар дахин хандсан ба Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заагдсан ******* сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ю.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн тус сонгуулийн хорооны 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот тогтоолоор Завхан аймгийн ******* суманд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ням гарагт товлон зарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

А.******* нь Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын МАН-аас нэр дэвшигч Ю.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг /******* сум/ дахин явуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан байна.

Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тогтоолын хавсралтын Ю.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай 01 дүгээр тогтоолоор Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заагдсан ******* сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ю.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дахин сонгууль явуулах тов зарлах тухай 01 дүгээр тогтоолоор Завхан аймгийн ******* сумд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг 2022 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Ням гарагт явуулахаар товлон зарлаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.*******аас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж тогтоолоо гаргасан гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө, 50 дугаар зүйлийн 50.4-д Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас тавин хувь болох 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.******* Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын МАН-аас нэр дэвшигч Ю.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг ******* суманд дахин явуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохыг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооноос 35100 төгрөг гаргуулж А.*******д олгосугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА