Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 751

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.С-, Р.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Г.А- нь хариуцагч С.С-, Р.Б- нарт 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 286 тоот зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг зээлсэн. 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэхэд хариуцагч нар зээлээ бүрэн төлж барагдуулахаар тохирсон боловч буцааж төлөөгүй бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г.А- бусдын гарт амь насаа алдсан. 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авсан. Иймд надад гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 155 дугаар шийтгэх тогтоолоор “Б ө с” ХЗХ-ны захирал С.С- болон “Б ө с” ХЗХ-ны менежер Р.Б- нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, “Б ө с” ХЗХ-ны эзэмшлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, Гашуун хар уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх эрхийн гэрчилгээтэй лицензийг хохирогч нарын хохиролд тооцож олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг албадан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон хохирогч нарын хохирлыг барагдуулахаар болсон. Албадан дуудлага худалдааг шүүхийн шийдвэрийн өр барагдуулах албанаас явуулсан ба уг дуудлага худалдаанд “Д м” ХХК ялсан. Тухайн үед талийгаач Г.А- нь “Д м” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тэрээр хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаанд оролцож ялагч болсон. Нийт 412 578 015 төгрөгийн үнийн саналыг талийгаач нь дуудлага худалдаанд ялсны үндсэн дээр гэрээ байгуулсан байдаг бөгөөд 9 дүгээр сарын 04-ний өдөр 41 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Түүнээс биш Г.А- нь “Б ө с” ХЗХ эсхүл уг хоршооны захирал С.С-ээс тусгай зөвшөөрлийг худалдан аваагүй. Тэгээд ч нэг тусгай зөвшөөрлийг 2 удаа өөр өөр байдлаар худалдан борлуулах ямар ч боломжгүй юм. Иймд талуудын хооронд ямар нэг худалдах-худалдан авах гэрээний харилцаа өмнө нь огт байгаагүй. Харин ч Г.А- нь С.С-т хүнд үед нь туслах зорилгоор 100 000 000 төгрөг зээлдүүлсэн. Талуудын хооронд зөвхөн зээлийн гэрээний харилцаа байсан. Бодит байдал дээр энэ хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан. Г.А- 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амь насаа алдснаас хойш уг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 286 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 43 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр өвлөн авсан. Ийм учраас Г.А- болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Иймд зээлийн гэрээний дагуу Р.Б-, С.С- нараас 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Г-ын гаргасан нэхэмжлэлийн талаар юу ч мэдэхгүй. 2013 оны 4 дүгээр сард Г.А- Баянголын шүүхийн баруун талд хүрээд ирээч, нотариатын бичиг үйлдчихээд С.С- ах руу эргэлтээр очих гэсэн юм хэлсний дагуу очиход 100 000 000 төгрөгийн гэрээ үйлдчихсэн гарын үсгээ зур гэхэд нь би ямар ч гарын үсэг зурахгүй гэсэн боловч хамтдаа хорих 0441 дүгээр анги руу нотариатч дагуулж очсоны дагуу гарын үсгээ зурсан. Өөр надад мөнгө авсан зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч С.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасны дагуу 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлэн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. “Б ө с” ХЗХ-ны захирлын албыг хашиж байгаад шийтгүүлсэн надад 2012 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан захирамжийн дагуу миний өмчлөлд байх Төв аймаг Заамар сум, Галтын нутагт орших А лицензийг, Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Гашуун Хар ууланд орших “X” алтны лицензүүдийг буцаан олгож сэргээж өгсөн. Энэ бүхнийг телевиз, сонин хэвлэлүүдээр нээлттэй цацсаны улмаас Г.А- нь 2013 оны 01 дүгээр сараас эхлэн миний эзэмшлийн Бөмбөгөр сум дахь “X” лицензийг худалдан авах санал тавьж, удаа дараа ярилцсаны эцэст бид тохиролцон 420 000 000 төгрөгт худалдан борлуулахад хүрсэн. Иймээс тус уурхайд өрөмдлөг явуулах шаардлагатай буюу уг өрмийн хайгуулд 100 000 000 төгрөгийг зарцуулж дээрх 100 000 000 төгрөгийг үндсэн үнэлгээ болох 420 000 000 төгрөгөөс хасч тооцон үлдэгдэл 320 000 000 төгрөгийг Г.А-ийн эзэмшилд уурхайн бичиг баримт шилжсэний дараа өгч авалцахаар тохирсон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу уг 100 000 000 төгрөгийг өгч өрөмдлөгийн ажил явуулж буйг баталгаажуулахын тулд 100 000 000 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээ үйлдэж бидний хооронд худалдааны ажил эхэлсэн. Уг уурхайн борлуулалтын ажил эхэлсний дараа талийгаач нь 2013 оны 4 дүгээр сарын сүүлээр ирж надтай уулзсан. Тэр үед би ялтны хувиар хөдөлмөр эрхэлж албан хаагчдын автобусыг жолооддог байсан. Тэрээр таны уурхайг худалдан авахаар боллоо, ярьж тохирсноороо бүгдийг хийсэн тул худалдаж буй зөвшөөрлөө бичээд өгчих, би танд бас албан бичгүүд үйлдээд ирлээ, таныг яасан ч хуурахгүй гэсээр 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 05, 06 тоот “Дэвшилмайнинг” ХХК-ийн албан ёсны бичиг баримтыг биечлэн авчирч өгсөн. Үүнээс хойш миний бие 1 жилийн дараа буюу 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусан суллагдаж Г.А-тэй уулзах гэсэн боловч надаас зугтаж утасны дугаар зэргээ сольж уулзалдаж чадахгүй явсан. Гэхдээ би өөрийн уурхайн бичиг баримтуудыг Ашигт малтмал хэрэг эрхлэх газраас шүүлгэхэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь уурхай Г.А-ийн нэр дээр шилжсэн байсан. Тиймээс миний бие үлдэгдэл болох 320 000 000 төгрөгийг өнөөг хүртэл нэхэмжлэх гээд явж байна. Миний эзэмшлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан эзэн нь нас барсан бөгөөд би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын мөрдөн байцаах газарт уг асуудлаар өргөдлөө гаргасан. Иймд талийгаачийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгч С.Г-оос өөрийн хүүгийн эхлүүлэн хийсэн миний уурхайг нэр дээрээ шилжүүлсэн худалдан авсан байдлыг нотлох баримт дээр үндэслэн үлдэгдэл болох 320 000 000 төгрөгийг надад олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй тул С.С- болон Р.Б- нараас 100 000 000 төгрөг гаргуулах тухай С.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 тугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлаж, улмаар үндэслэл бүхий гарах нь хууль ёсны шаардлага. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлдэг.

Шүүхийн шийдвэрт “...дуудлага худалдаанд Г.А-ийн үүсгэн байгуулсан “Д м” ХХК ялсан, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Гашуун хар уул нэртэй тапбай бүхий ХҮ-17324Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийг “Д м” ХХК-д шилжүүлсэн” гэж дүгнэснээр “Д м” ХХК-ийн зүгээс дуудлага худалдаанд оролцож 412 578 015 төгрөгийн үнийн санал хэлж дуудлага худалдаанд ялж 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөрийг төлж уг тусгай зөвшөөрлийг шударгаар олж авсныг шүүх мөн хүлээн зөвшөөрснийг харуулж байна.

Дээрх үйл баримтыг нотлох 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 489 дүгээр шийдвэр, төлбөр төлсөн баримтууд, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 529 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албанаас Ашигт малтмалын газар хүргүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2530 тоот албан бичиг, Ашигт малтмалын газраас “Д м” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 20-ны 6-6924 тоот албан бичгүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албанаас хорих 441 дүгээр ангийн ялтан С.С-т 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2/1159 тоот мэдэгдэл зэргийг шүүхэд мэдүүлсээр байтал дээрх баримтуудад дугнэлт өгөөгүй.

Харин шүүхийн шийдвэрт “...2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 441 дүгээр ангид ил эдэлж буй С.С-т гэсэн бичиг 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй С.С-т баримт үйлдэх гэсэн албан бичгүүдийг үндэслэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” гэж дүгнэсэн. Учир нь бодит байдал дээр нэг тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдаагаар 412 578 015 төгрөгөөр худалдан аваад, ахин 420 000 000 төгрөгөөр хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан хүнээс худалдан авахаар 100 000 000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр төлөх боломж байхгүй. Нөгөөтэйгүүр, албан бичгийн агуулга болсон үйл явдлууд зөрөөтэй байхад шүүх хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан түүний үнэн зөв байдалд эргэлзээ байхад уг эргэлзээг бусад баримтууд буюу нэхэмжлэгчийн мэдүүлж буй баримтуудтай харьцуулан үнэн зөв талаас нь хараагүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчин, улмаар шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч С.С-, Р.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан уг мөнгийг хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцож, зээлийн гэрээг дуусгавар болгосон тухай бичгийг хариуцагч С.С-т талийгаач Г.А- нь ирүүлсэн гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түүний нас барсан хүү Г.А- нь хариуцагч С.С-, Р.Б- нарт зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, тэдгээрийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр байгуулагдсан 100 000 000 төгрөгийг хүүгүй 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр тохиролцсон гэрээ, хүү Г.А-ийн энэхүү гэрээний дагуу шаардах эрхийг өвлөсөн талаарх өвлөх эрхийн гэрчилгээг шүүхэд гаргажээ.

 

Дээрх зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч С.С-, Р.Б- нар болон нас барагч Г.А- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хэргийн 4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан өвлөгчийн хувьд нас барсан Г.А-ийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.

 

Хэрэгт цугларсан болон талуудын тайлбараас үзэхэд 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 155 дугаар шийтгэх тогтоолоор “Б ө с” ХЗХ-ны захирал С.С- болон тус ХЗХ-ны менежер Р.Б- нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, “Б ө с” ХЗХ-ны эзэмшлийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, “Гашуун хар уул” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх эрхийн гэрчилгээтэй лицензийг хохирогч нарын хохиролд тооцож олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсний дагуу хийгдсэн тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдааны ажиллагаанд нэхэмжлэгчийн /талийгч/ хүү Г.А-ийн үүсгэн байгуулсан “Д м” ХХК оролцож, 413 500 000 төгрөгөөр худалдан авч, эзэмших эрхтэй болсон үйл баримт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2017 оны оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/10743 тоот албан бичгийн хамт ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх материалууд болон 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн  Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын XV-017324 тоот тусгай зөвшөөрөл, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 489 дүгээр шийдвэр зэргээр тогтоогджээ.

 

Дээрх тусгай зөвшөөрлийг “Д м” ХХК албадан дуудлага худалдаагаар худалдан авсны төлбөрт зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 100 000 000 төгрөгийг тооцож, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгон хүчингүйд тооцож, өглөг авлагыг бүрэн тэглэсэн талаар Г.А-ээс хариуцагч С.С-т хүргүүлсэн 2013 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрийн 05, 06 тоот албан бичиг эх хувиар хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтыг нэхэмжлэгч няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг албан бичигт Г.А- гарын үсэг зурсан нь эргэлзээтэй гэж тайлбарласан боловч шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлээр тогтоосон мэтгэлцэх зарчимд нийцжээ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл”-ээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй. /хэргийн 36 дугаар тал/ Мөн Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусвгавар болно” гэж зааснаар Г.А- нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нас барахаасаа өмнө буюу 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр амьд байх үедээ хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгосон агуулгатай хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заасан байх ба Г.А- нь амьд байх үедээ үйлдсэн 2013 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрийн 05, 06 тоот албан бичгийг хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч С.Г- нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                           С.ЭНХТӨР