Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1244

 

 

 

 

 

 

     2019          12             17                                        2019/ДШМ/1244                                                        

 

                                    А.Отгонжаргалд холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч А.Отгонжаргалын өмгөөлөгч С.Төмөрбаатар, Д.Тунгалаг,

хохирогч “Өү Эм Эс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав   даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 884 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Отгонжаргал, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Отгонжаргалд холбогдох эрүүгийн 2015260000652 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.О-нь 2013 оны 11 дүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 38в-24 тоотод “Өү Эм Эс” ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус компаниас 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 12.786.000 төгрөгийн мах нийлүүлж, үлдэгдэл 87.214.000 төгрөгийг,

мөн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дорнод аймгийн Дашбалбар суманд байгаа их хэмжээний үржлийн малаас хонь, ямаа, тэмээ, үхэр нийлүүлнэ” хэмээн хуурч иргэн Ц.Батбаяраас 2014 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 25.000.000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөгийг буюу нийт 40.000.000 төгрөгийг авч, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 9.191.000 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж үлдэгдэл 30.809.000 төгрөгийг,

мөн “Дорнод аймгийн хэмжээнд гадаад улс руу гаргах чиглэлээр үржлийн үхэр сүрэг худалдан авахад зориулж санхүүжилт авч хамтран ажиллаж, санхүүжилтийн мөнгөөр 100 эм бяруу худалдан авна” хэмээн хуурч, иргэн Ц.Баярмаагаас 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 34.000.000 төгрөгийг буюу 40.000.000 төгрөгийг тус тус авч, 2015 оны 7 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 30.000.000 төгрөгийг тус тус өгөлгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад нийт 148.023.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Отгонжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Лэглүүд хүгдүүд овгийн Адилбишийн Отгонжаргалыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, А.Отгонжаргалд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Отгонжаргалаас 87.214.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Өү Эс Эс” ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх хэсгийн төлөөлөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 22 тэмээг хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Отгонжаргалын цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч А.Отгонжаргалын өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.О-нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 884 дүгээр шийтгэх тогтоолд дурдсан 3 үйлдэл бүхий залилан гэмт хэргийг үйлдсэн талаараа маргахгүй байгаа бөгөөд тэрээр өөрийн чадлаар иргэн Батбаяр, Баярмаа нарт учруулсан тус бүр 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч “Өү Эм Эс” ХХК-д учруулсан 87.214.000 төгрөгийг түүнд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад төлж барагдуулахаа илэрхийлсэн, мөн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс учруулсан хохирлыг барагдуулах боломж олгох үүднээс торгуулийн ял оногдуулах хүсэлтийг амаар болон бичгийн хэлбэрээр гаргаж өгсөн зэрэг байдлыг харгалзан үзэлгүй, түүнд оногдуулах ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлсэн шийдвэр боллоо гэж өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна. Шүүгдэгч өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс “Өү Эм Эс” ХХК-д учруулсан 87.214.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад төлж барагдуулсан, мөн тэр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн өөрчилж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.О-тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...намайг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо барагдуулсан, үлдэгдэл хохирлыг барагдуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэж дуусгах хүсэл эрмэлзэлтэй байгаа, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.3-д зааснаар надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Отгонжаргалын өмгөөлөгч Д.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.Отгонжаргалыг илтгэгч шүүгчийн илтгэснээр залилах гэмт хэргийн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэсэн гурван шинжээр гэм буруутайд тооцсон байгаа юм. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  А.О-нь “Өү Эм Эс” ХХК-тай “бэлтгэн нийлүүлэх, худалдан авах” гэрээ байгуулсан. Гэрээ хийгдсэнээс хойш 2 сарын дараа 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээний гүйцэтгэлийн тодорхой хэмжээг нь хангаж, 12.786.000 төгрөгийн мал нийлүүлсэн байдаг. Дараа нь Батбаяр гэдэг хүнтэй мөн адил мал нийлүүлэх гэрээ байгуулсан. Батбаяр гэдэг хүнийг миний үйлчлүүлэгч урьд нь таньдаггүй байсан бөгөөд Батбаяр нь өөрөө Отгонжаргалыг олж, очиж гэрээ байгуулсан байсан. Энэ гэрээнээс мөн тодорхой хэмжээг нь гүйцэтгэж 9.191.000 төгрөгийг барагдуулсан байдаг. Мөн Отгонжаргалын компанийн хуулийн зөвлөхөөр дамжуулан Баярмаа гэж хүн ирж 40.000.000 сая төгрөгийн гэрээ хийсэн. Эдгээр нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан Алимаагийн мэдүүлэг гэх мэтчилэн нотлох баримтуудаас харахад Отгонжаргалд эдгээр хүмүүс нь өөрсдөө гэрээ байгуулах санал тавьдаг нь харагдаж байна. Мөн энэ асуудал нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал, нотлох баримтаас харахад тодорхой хэмжээгээр гэрээний үүргийн гүйцэтгэл хийгдэж байсан байна. Мөн Засгийн газраас Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс руу мах нийлүүлэх ажиллагааг зогсоосон нь мал, мах нийлүүлэх ажиллагаанд саад учруулсан. Мөн мал нийлүүлэхэд туранхай, тарган байна. Наад малаа өөрөө зараад мөнгө өг гэх мэт захиалагч талтай үл ойлголцсон зүйл харагддаг юм. Тиймээс энэ нь Эрүүгийн гэмт хэрэг биш, гэрээний гүйцэтгэлтэй холбоотой Иргэний хэрэг байна. Нөгөө талаас  “Өү Эм Эс” ХХК-иас энэ нь гэрээтэй холбоотой асуудал учир Иргэний маргаан хэмээн Иргэний шүүхэд хандсан тохиолдол байдаг. Мөрдөн байцаалтын явцад А.О-олдохгүй байсан нь хөдөө малаа хариулж байсан. Хөдөө байхад нь хэн ч эрэн сурвалжилж байгаа талаар хэлээгүй учраас А.О-мэдээгүй. Иймээс өмгөөлөгчийн зүгээс залилах гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа, мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр энэ нь гэрээтэй холбоотой Иргэний эрх зүйн маргаан байж болох тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай оролцож байна. ...” гэв.

Хохирогч “Өү Эм Эс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр өглөө А.Отгонжаргалаас 35 сая төгрөг орж ирснийг хүлээж авсан. А.Отгонжаргалын гараар бичсэн амлалт буюу битүүмжлэгдсэн 22 тэмээн дээр нэмээд 33 тэмээ өгнө гэсэн амлалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. ...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... А.Отгонжаргалын хувийн байдлын талаар өмгөөлөгч танилцуулж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. 2017 онд энэ хэрэг Улсын ерөнхий прокурорын газраас цохогдож над дээр шилжиж ирсэн. Энэ үеэс хяналт тавьж яллагдагчаар татахад А.О-нь мөрдөн байцаалтаас оргон зайлсан. Түүнтэй холбогдох гэж өмгөөлөгч Д.Тунгалагаар дамжуулан дуудах хуудас өгөх гэхэд өмгөөлөгч Д.Тунгалаг “би хүлээн авахгүй” гэдэг, өөртэй нь утсаар холбогдоход цааргалсан байдалтай байсаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж ирсэн. Өнөөдөр шүүгдэгч маань оргож байгаагаа ч мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь ичгүүртэй санагдаж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг биш Иргэний хэрэг гэж байна. А.О-нь мах, мал нийлүүлэх агуулга бүхий гэрээ хийхийн хувьд хийдэг. Гэхдээ мах нийлүүлэх гэсэн чинь шүлхий өвчин гарчихлаа, Солонгос улс Засгийн газрын хооронд асуудал гарчихлаа гэх мэтчилэн тайлбар хэлдэг. Үнэхээр тэр мөнгөөр мал авсан байсан, тэрийг нь туранхай гээд голоод авдаггүй юм бол тэр мал нь байж байх ёстой биз дээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаас удаа дараа мал тоолуулъя гэхэд А.Отгонжаргалын нэр дээр мал байхгүй гэж хариу ирж байсан. Шүүгдэгч нь өөрөө мэдүүлэхдээ би малтай гэж хэлээд Дашбалбар суманд байх ахынхаа малыг зааж өгсөн байдаг юм. Сүүлдээ ах нь хүлээн зөвшөөрч миний мал гэдгээ хэлсэн. Яг өөрийнх нь өмчлөлд нэг ширхэг ч мал байхгүй.  Мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн удаа дараа худал мэдүүлэг өгч байсан. Бодит байдлыг нуусан, бусдыг хуурсан. Үнэхээр л гэрээний эрх зүйн харилцаа байгаад гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм бол хүмүүсээс авсан мөнгөө буцаагаад өгөх боломж байсан шүү дээ. Тэр нь ямар нэг байдлаар бизнесийн эрсдэлд ороод алга болчихсон юм биш. Тиймээс энэ нь залилах гэмт хэрэг, иргэний эрх зүйгээс ялгаатай байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн талаас анхан шатны шүүх хурал дээр гэм буруугийн талаар маргасан, хохирол төлөгдөөгүй байсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Давж заалдах гомдолдоо мөн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргажээ. Өнөөдрийн хувьд хохирол төлөгдсөнд тооцож байх шиг байна. Гэхдээ гэм буруугийн талаар маргасаар л байгаа тул мөн л Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад А.О-нь:

 2013 оны 11 дүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 38в-24 тоотод “Өү Эм Эс” ХХК-тай “Бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус компаниас 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 12.786.000 төгрөгийн мах нийлүүлж, үлдэгдэл 87.214.000 төгрөгийг,

мөн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дорнод аймгийн Дашбалбар суманд байгаа их хэмжээний үржлийн малаас хонь, ямаа, тэмээ, үхэр нийлүүлнэ” хэмээн хуурч иргэн Ц.Батбаяраас 2014 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 25.000.000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөгийг буюу нийт 40.000.000 төгрөгийг авч, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 9.191.000 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж үлдэгдэл 30.809.000 төгрөгийг,

мөн “Дорнод аймгийн хэмжээнд гадаад улс руу гаргах чиглэлээр үржлийн үхэр сүрэг худалдан авахад зориулж санхүүжилт авч хамтран ажиллаж, санхүүжилтийн мөнгөөр 100 эм бяруу худалдан авна” хэмээн хуурч, иргэн Ц.Баярмаагаас 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 34.000.000 төгрөгийг буюу 40.000.000 төгрөгийг тус тус авч, 2015 оны 7 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 30.000.000 төгрөгийг тус тус өгөлгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад нийт 148.023.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь:

хохирогч Ц.Батбаярын “... А.О-надтай уулзаад Дорнод аймгийн Дашбалбар суманд үржлийн мал аж ахуй эрхэлж байгаа хамтарч ажиллая, эр сувай малаа нийлүүлье гэдэг санал тавихаар би зөвшөөрсөн. ...2014 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар гэдэг хүний 5411017933 дугаарын данс руу 25 сая төгрөг шилжүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...Дашбалбар сум руу явах гэж байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь вокзалын Хаан банкны гадаа 11 сая төгрөгийг бэлнээр аваад, ...мөн тэр өдрийнхөө үдээс хойш ...Худалдаа хөгжлийн банкны 4503150127043476 дугаарын дансаар 4 сая төгрөг шилжүүлсэн. А.Отгонжаргалд нийтдээ 40 сая төгрөг өгсөн. А.О-эр сувай малаасаа 300 эр хонь, ямаа, 50 эр тэмээ, 20 эр үхэр нийлүүлнэ гэсэн боловч ...2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 8 тэмээний мах, гэдэс, арьс ширтэйгээ нийтдээ 5.726.000 төгрөгийн мах, 3.465.000 төгрөгийн хонь, ямааны мах тус тус зарж бэлэн мөнгийг өгсөн. ...” /1 хх 18-20/,

хохирогч Ц.Баярмаагийн “...О-нь манай нөхөр Баасандорж бид хоёрт “би Солонгос улс руу шүдлэн үхэр амьдаар нь гаргах гэж байгаа, 40.000.000 төгрөгийн хэрэг байна, мөнгө байвал зээлээч” гэж хэлэхээр нь ...2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ...6.000.000 төгрөг бэлнээр, 2015 оны 3 сарын 11-ний өдөр үлдсэн 34.000.000 төгрөгийг бэлнээр Отгонжаргалын ажил дээр нь өгсөн. ...янз бүрийн шалтаг хэлээд байдаг байсан. ...2015 оны 7 сарын сүүлээр ... 2.000.000 төгрөг, 8.000.000 төгрөг тус тус өгсөн. ...утас руу нь залгахаар утсаа авахгүй, гэр рүү нь очихоор хаалгаа тавихгүй ...ямар ч сураггүй болсон ...” /1 хх 125-126, 177/,

гэрч А.Балдоржийн “...2016 оны жилийн эцсийн мал тооллогоор манай Отгонжаргалын нэр дээр мал тоологдоогүй, Манай дүү Отгонжаргалын нэр дээр мал эд хөрөнгө байхгүй. ...” /1 хх 183, 205/,

гэрч А.Батдоржийн “ ...миний мал дотор Отгонжаргалын мал байхгүй өөрийнхөө малыг маллаж амьдардаг...” /1 хх 181/,

гэрч Г.Ганцогийн “ ...А.О-нь манай багт төрсөн ах Батдоржтойгоо нэг ам бүлд бүртгэлтэй байдаг. А.Отгонжаргалын 2016 оны жилийн эцсээр мал тоологдоогүй байна, мөн эд хөрөнгө байхгүй, харин төрсөн ах Батдоржийн нэр дээр мал тоологдсон байдаг. ...энэ талаар манай сумын мал үржил тасгийн дарга Содмэргэн гэх хүн мэднэ ...” /1 хх 182/,

Б.Очирбатын “...Би 2012 онд О-гэдэг хүнтэй найзынхаа найз гэдгээр танилцаж байсан. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр О-миний хувь эзэмшдэг мах хадгалах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өү Эм Эс” ХХК-д мах нийлүүлэх гэрээг Отгонжаргалын зүгээс “Буянжаргал Дорнод “ ХХК-ийн нэрээр байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө О-намайг Дорнод аймгийн төв Дашбалбарт аваачиж мал үзүүлж өөрийнхөө мал гэж танилцуулж тус малнаас нийлүүлнэ гэж ярьж байсан. Тэгээд л Отгонжаргалын ажлын байр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 38в-24 тоотод ирж гэрээ байгуулж бэлнээр 100 сая төгрөг өгсөн. Тэгээд 2 тонн орчим буюу 12 сая төгрөгийн мах нийлүүлээд тэрнээс хойш утсаар яриад ч байхгүй, хайгаад олдохгүй байсан. ...Намайг Дорнод аймагт очиход их л олон морь, үхэр, тэмээ, хонь, ямаа зэрэг 5 хошуу мал байсан. Тэдгээрийг О-нь өөрийнхөө мал гэж ярьж байсан. 2012 онд танилцсанаасаа хойш хойш хэлж ярьж байгаа үйл хөдлөлөөрөө миний итгэл үнэмшлийг авсан. 2013 оны намайг Дорнод аймагт очиход О-маш их малтай гээд мал гаргаад надад морь бэлэглэж олон тооны малтайгаа үзүүлж харуулж байсан. Тэгэхдээ нягтлан Алимаа гэх хүнийг танилцуулж байсан. Отгонжаргалыг эрэн сурвалжлах явцад өөрийн гэсэн ямар нэгэн эд хөрөнгө малгүй болох нь ах Батхуяг ярьж хэлж байгаагаар болон компанийн улсын бүртгэлийн бичгээр харагдаж байгаа. ...” /2 хх 229-233/ гэх мэдүүлгүүд,

Дашбалбар сумын мал эмнэлэг үржлийн тасгийн тодорхойлолт /1 хх 101/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх 9/, Худалдаа хөгжлийн банкны 458022174 тоот дансны хуулга /2 хх 157/, Хаан банкны дансны хуулга /1 хх 13/, Бэлэн       мөнгөний орлогын ордер баримтууд /1 хх 45, 148, 149/, Дашбалбар сумын мал эмнэлэг үржлийн тасгийн тодорхойлолт /1 хх 101/, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 15 “Бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ” /2 хх 194-198/, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт” /2 хх 199/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Отгонжаргалын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч А.Отгонжаргалын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасанд нийцэж байгаа болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн “...Залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн маргаан байж болох тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг. 

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж ойлгодог.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг үзэхгүй.

Шүүгдэгч А.О-нь “Өү Эм Эс” ХХК, Ц.Батбаяр, Ц.Баярмаа нартай махан бүтээгдэхүүн, үржлийн малаас хонь, ямаа, тэмээ, үхэр нийлүүлнэ, гадаад улс руу гаргах чиглэлээр үржлийн үхэр сүрэг худалдан авахад зориулж санхүүжилт авч хамтран ажиллана хэмээн харилцан тохиролцсон байна.    

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Отгонжаргалын зүгээс өөрт мал байгаа, бусдаас худалдан авч хамтран аж ахуйн үйл ажиллагаа эрхлэнэ гэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, цааш ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй, хохирогч нартай уулзахгүй зугтаасан байдал тогтоогджээ.

А.Отгонжаргалын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч А.Отгонжаргал, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нараас  “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, шүүгдэгч А.О-давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч “Өү Эм Эс” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

 

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж заажээ.

Шүүгдэгч А.О-анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргасан, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс үзвэл түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулах буюу хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж хуульчилжээ.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.  

Шүүгдэгч А.О-холбогдох хэрэгт мөрдөн шалгах явуулж байхад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд шинэ хуулийг хуучинд хэрэглэх гэсэн мөрдлөгийг удирдлага болгон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нь хорих ял болон дэглэм хөнгөрсөн, эрүүгийн хариуцлага эсхүл ялаас чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, ялгүй болох хугацааг багасгасан байдлаар илэрдэг юм.

Харин ял хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт ногдуулах ялын дээд доод хугацааг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн ялыг хуульчилсан, хөнгөн ял хэрэглэж болох сонгох санкцыг тогтоосон хуулийг ойлгодог бөгөөд ялыг хөнгөрүүлсэн хуулийг ял шийтгэгдэх буюу ял шийтгүүлсэн этгээдэд хамааруулж шийдвэрлэх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Отгонжаргалын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Отгонжаргал, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял, түүний хэмжээг өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Отгонжаргал, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 884 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Шүүгдэгч А.Отгонжаргалаас хохирогч “Өү Эс Эм” ХХК-д 87,214,000 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурдсугай.
  2.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

           ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

 

                                    ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ