Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00095

 

 

Б.Энхчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03581 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 580 дугаар магадлалтай, 

Б.Энхчимэгийн нэхэмжлэлтэй,

Дүнжингарав ХХК-д холбогдох  

Гэм хорын хохирол 10,191,140 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 36,000,000

төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч Б.Энхчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхчимэг, түүний өмгөөлөгч З.Хүрэлбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Л.Батхүү, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Б.Энхчимэг нь Дүнжингарав ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 46,191,140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03581 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дүнжингарав ХХК-аас 31,855,504 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхчимэгт олгож, нэхэмжлэлээс 14,335,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Дүнжингарав ХХК-аас 317,227 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Дүнжингарав ХХК-аас шинжээчийн ажлын хөлс 960,000 төгрөг нөхөн гаргуулж шинжээч А.Урангуа, П.Чойсүрэн, А.Рэнчинванжил нарт олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 580 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03581 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 31,855,504 төгрөг гэснийг 15,927,752 төгрөг гэж, үлдэх 14,335,636 төгрөг гэснийг үлдэх 30,263,388 төгрөг гэж, 2 дахь заалтын 317,227 гэснийг 237,588 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,377 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгч Б.Энхчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулсан. Талийгаач Б.Энх-Амгалан нь албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн осол байсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон. Талийгаачийг архи уусан байсныг баримтаар нотлогдоогүй, гэрч нарын мэдүүлгүүд эх сурвалжаа зааж чадаагүй, хэргийн газраас олдсон архины шилнээс гэрчийн болон талийгаачийн гарын хээ илрээгүй, хэзээ хаясан шил гэдгийг шинжлээгүй байтал хариуцагч худал баримт бүрдүүлж, хууль бус үйлдлээ баллахыг оролдсон. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолд үйлдвэрлэлийн ослоор иргэн амиа алдахад тухайн байгууллага осол юунаас гарсан, хэн буруутай эсэхийг тогтоохын тулд комисс гарган ажиллуулах ёстой гэж заасан. Гэтэл хариуцагч архи уусан гэх үндэслэлгүй баримт шүүхэд гаргаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь дээрх хууль, дүрмээ зөрчсөн үйлдэл юм. Хуулийн 3.8-д комисс осол гарснаас хойш 48 цагийн дотор ослыг бүртгэж, акт үйлдэх ёстой. Ажлын 3 хоногийн дотор актыг хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх байсан хэдий ч үүнийг дагаж мөрдөөгүй, хууль дүрмээ биелүүлэхээс татгалзсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч Б.Энхчимэгийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх-ийг хүсч хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Дүнжингарав ХХК-аас 31,855,504 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 14,335,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 31,855,504 төгрөг гэснийг 15,927,752 төгрөг гэж, үлдэх 14,335,636 төгрөг гэснийг үлдэх 30,263,388 төгрөг гэж өөрчилсөн байна. 

7. Б.Энхчимэг нь хариуцагч Дүнжингарав ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 46,191,140 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талийгаач Э.Энх-Амгалан үйлдвэрлэлийн ослоор бус ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас золгүй байдлаар нас барсан, хохирлыг компани хариуцах үндэслэлгүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ. 

Зохигчийн хооронд талийгаач Э.Энх-Амгалан ажлын байрандаа ажлаа хийж гүйцэтгэх явцадаа үйлдвэрлэлийн осолд өртсөн эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой нас барсан эсэх нь маргааны зүйл болжээ. 

8. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүйн улмаас ...хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, талийгаач Э.Энх-Амгалан ямар хэмжээний согтолттой байсан эсэхийг тухайн үед шалгаж тогтоосон баримтгүй байх боловч түүнийг ажлын байрандаа ирэхдээ архи үнэртүүлсэн болон ажлын байрандаа нэг шил архи уусан талаар гэрчүүд мэдүүлсэн, хэргийн газрын үзлэгээр архины шил эд мөрийн баримтаар хураагдсан болохыг нэхэмжлэгч няцаасан баримтыг гаргаагүй... гэж дүгнэж, баримтаар тогтоогдсон 31,855,504 төгрөгийн хохирлын 50 хувь буюу 15,927,752 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу болжээ. 

Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх үйл баримт тогтоогдоогүй болно.  

9. Хэрэгт авагдсан талийгч Э.Энх-Амгаланг анх хүлээн авсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11025 тоот өвчний түүх, мөн түүний унаж бэртсэн гэх газарт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Содгэрэлийн 2015.10.10-ны өдөр үйлдсэн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.01.10-ны өдрийн 02/081 тоот, 2015.11.18-ны өдрийн 1911 тоот дүгнэлтүүд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016.07.06-ны өдрийн 11а, Улсын ерөнхий прокурорын газрын 2017.05.19-ний өдрийн 5/277 тоот прокурорын тогтоолууд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, хөдөлмөрийн хяналатын улсын байцаагч Ч.Дэлгэрсайхан нарын 2016.10.19-ны өдрийн №02-06-035/01, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн 2018.06.04-ний өдрийн SH-2018/16, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шинжээч А.Урангуа, П.Чойсүрэн, А.Рэнчинванжил нарын 2019.01.26-ны өдрийн 2019/01 тоот дүгнэлтүүд, гэрч Д.Энхболд, Х.Намсрай, Д.Баттулга, Н.Гантулга, Д.Хишигбаатар нарыг асуусан тэмдэглэл, 2013.05.30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Дүнжингарав ХХК-ийн 2015.02.28-ны өдрийн 31 тоот тушаал зэрэг баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, талийгаач Э.Энх-Амгалан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан буюу ээлжийн ажилтай байх үедээ амь насаа алдсан болох нь тогтоогджээ.  

10. Зохигч үйлдвэрлэлийн ослын талаар маргасан боловч Э.Энх-Амгалангийн 2015.10.09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж нас барсан болохыг эрх бүхий этгээд тогтоосон, энэ баримтыг үгүйсгэх боломжгүй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өндрөөс унаж нас барсан гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. 

Анхан шатны шүүх талийгаач Э.Энх-Амгаланг үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож, хариуцагч Дүнжингарав ХХК-аас талийгч Э.Энх-Амгалангийн 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулж түүний эхнэр нэхэмжлэгч Б.Энхчимэгт олгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т гэж заасантай нийцжээ.  

10.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ гэж заажээ. 

10.2. Монгол Улсын Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйийн 2.2-т Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ гэж зохицуулсан байна. 

10.3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2018.06.04-ний өдрийн SH-2018/16, 2019.01.26-ны өдрийн 2019/01 тоот дүгнэлтүүдэд ...талийгаач Э.Энх-Амгалан ажлын байрандаа архи согтууруулах ундаа хэрэглэснийг шүүхийн шинжилгээ, эд мөрийн баримтаар /хэргийн газар хохирогчийн бөөлжис мэт бохирлогдсон зүйлээс дээж авах боломжтой байсан/ нотолж тогтоогоогүй байна... гэж тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх тухайн осол гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 

Тодруулбал, шинжээч нарт шүүхээс эрх, үүргийг нь тайлбарлаж холбогдох хуулийг сануулсан байх ба шинжээч нар нь зохигчдын маргаанд хамааралтай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллагад тухайн чиглэлийн ажил, албан тушаал эрхэлдэг болон дүгнэлт гаргахдаа талийгаачийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, эрүүгийн хэргийн материалыг үндэслэл болгосон байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нас барсан хохирогчийг ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу үйлдвэрлэлийн ослоор нас барсан гэж үзэж, хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, 28.1.8, 28.1.10, 29 дүгээр зүйлийн 29.2, 35 дугаар зүйлийн 35.1, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.6, 2.1.1 дахь заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж дүгнэжээ. 

Түүнчлэн шүүхээс 2018.08.20-ны өдөр хариуцагчийн ажлын байранд үзлэг хийх үед хариуцагчийн тайлбарлаж буй ажилчдын амралтын байр гэж заан тодорхойлсон өрөөг агуулахын зориулалтаар ашиглагдаж байсан нь тогтоогдсон байх бөгөөд шинжээч нарын шүүх хуралдаанд гаргасан ажилтнуудын түр амрах байраа хариуцагч үзүүлээгүй, цоожтой байрыг гаднаас нь харуулсан гэх тайлбар зэргээр хариуцагч ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр амрах зориулалтаар тоноглож тохижуулсан байраар хангах үүргээ зөрчсөн болох нь нотлогджээ. 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.  

Энэхүү үйлдэхүй нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг. 

Өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардахаас гадна хохирогч нас барсантай шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.    

13. Анхан шатны шүүх Э.Энх-Амгаланг үйлдвэрлэлийн осолд өртөж улмаар нас барсан гэж үзэж, Дүнжингарав ХХК-аас талийгаач Э.Энх-Амгалангийн 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан түүний нэг сард авбал зохих үндсэн цалингийн хэмжээг 700,899 төгрөг болохыг тодорхойлж, нийт 25,232,364 төгрөг, талийгаач Э.Энх-Амгалан үйлдвэрлэлийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирч, эмчлүүлсэн хугацааны болон уг шалтгааны улмаас нас барсантай холбоотой гарсан эмчилгээ, оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал 10,191,140 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,568,000 төгрөгийг хасч, үлдэх 6,623,140 төгрөгийн хохирлын хамт, нийт 31,855,504 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдсон хэмжээнд тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Дүнжингарав ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эргэлзээгүй баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 580 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Энхчимэгийн гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2020/07968 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Г.АЛТАНЧИМЭГ 

                                                         ШҮҮГЧИД                Г.БАНЗРАГЧ 

                                                                                          П.ЗОЛЗАЯА 

                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД