Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 00474

 

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2019/00474

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-45 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Чойрд овогт С-ын О-ын нэхэмжлэлтэй төрүүлсэн охин О.Г-ийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болохыг тогтоож, иргэний улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.О, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Бүрэн бус дунд боловсролтой. 1978 онд 8-р анги төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарсан. Миний бие 1978-1981 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд ээж М.Зулзган хойт эцэг Н.Тогтох нарын хамт мал маллаж байсан. Миний бие эцэг эхийн хамт мал маллаж байх үедээ 1980 онд жирэмсэн болж 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хөдөө гэртээ охиноо төрүүлж, охиндоо Г- гэж нэр өгсөн. Хойт эцэг Н.Тогтох нь маш хатуу, ширүүн ааш араншинтай хүн байсан ба миний ээжийг зодож дарамталдаг, намайг гэртээ хүүхэд төрүүллээ гэж зодож дарамтлан хамт амьдрах аргагүй болсон тул надаас төрсөн охин Г-ийг миний ээж С.Зулзган асрамжиндаа авч үлдэн, намайг ажил хийж амьдралаа залгуул гэж гэрээсээ явуулсан.

Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд орж ирэн ээж С.Зулзганы хамаатан Ш.Хадбаатар гэдэг айлд байж, Мөнххайрхан сумын захиргаанд цэвэрлэгч хийж байгаад 1981 оны 11 дүгээр сард Д.Галбадрахтай гэр бүл болсон. 1985 оны сүүлчээр Мөнххайрхан сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилд орж 1995 онд ажлаасаа гарч хувиараа хөдөлмөр эрхлэж байгаад 2014 оны 5 дугаар сард тэтгэвэрт гарсан.

Миний охин О.Г нь 6 нас хүртлээ миний ээж Зулзган, аав Н.Тогтох нарын асрамжинд байж над дээр ирж очин байдаг байсан. Миний охиныг өхөөрдөн хар охио гэж дууддаг байсан ба 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өвчинөөр нас барсан. Миний бие 2014 оны 5 дугаар сард тэтгэвэрт гарах болж төрүүлсэн хүүхдүүдийн талаар материал бүрдүүлэхэд миний нас барсан охин О.Г-ийн төрсөн болон нас барсаны бүртгэл Улсын бүртгэлийн архиваас гарч ирсэн тул тэр бүртгэлийг үндэслэн намайг 4 хүүхэдтэй гэдэг үндэслэлээр тэтгэвэрт гаргасан. Тэтгэвэрээ аваад явж байтал 2018 оны 6 дугаар сард Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирсэн шалтгаанаар миний нас барсан охины бүртгэл эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр миний тэтгэвэрийг зогсоосон.

Миний бие 2018 оны 6 дугаар сараас хойш тэтгэвэр авахгүй байгаа. Миний нас барсан охины талаар Улсын бүртгэлд хуурамч бүртгэл хийж гэмт хэрэг үйлдсэн байх магдлалтай гэж үзэн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гомдол гарган шалгуулсан. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 1450 дугаартай дүгнэлтээр /миний нас барсан охин/ 1981 оны 20 дугаарт бүртгэлтэй О.Гт холбогдох төрсний бүртгэл, мөн сумын 1987 оны нас барсаны бүртгэлийн 7 дугаарт бүртгэлтэй Г.Гт холбогдох нас барсны бүртгэлийг тус тус хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21, 22, 23, 24 дүгээр зүйлүүд заасныг үндэслэн С.О миний төрүүлсэн охин О.Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү. Харин өмнө гаргасан энэхүү үйл баримтыг иргэний улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгасан шийвдэр гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.О нь төрүүлсэн охин О.Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болохыг тогтоож, иргэний улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд иргэний улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзлаа.

Хүсэлт гаргагч С.О нь охин О.Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрүүлээд энэ талаар 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн, улмаар охин О.Г нь 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг Улсын бүртгэлийн хэлтэст 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1450 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай улсын байцаагчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.Оын охин О.Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрүүлсэн талаарх бүртгэлийг Улсын бүртгэлийн хэлтэст 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын 1981 оны төрсний бүртгэлийн 20 дугаарт бүртгэлтэй иргэнтэй давхацан бүртгэгдсэн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан талаарх бүртгэлийг Улсын бүртгэлийн хэлтэст 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн нь Мөнххайрхан сумын 1987 оны нас барсны бүртгэлд 13 гэх дугаар нэмж, нэмсэн дугаарт бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1450 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд энэхүү нөхөн бүртгүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/59 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.О нь өмнө нь төрүүлсэн охин О.Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 812 дугаартай шийдвэрээр ...Оын Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрснийг 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 020 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэл, Галбадрахын Гийг 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 013 дугаарт бүртгэсэн нас барсны бүртгэлүүдийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргаагүй байна. Улсын иргэний бүртгэлд Олзбаяын Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрснийг бүртгэсэн төрсний бүртгэл, Галбадрахын Гийг 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг бүртгэсэн нас барсны бүртгэл тус тус бүртгэлтэй байхад шүүх Гийг 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болон 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг тус тус тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Мөн шүүх хуралдаан дээр тус шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 812 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан охин О.Гийн гэх гэрэл зураг, Иргэний бүртгэл мэдээллийн албаны 2013 оны 1 сарын 05-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Нас баралтын бүртгэлийн лавлагаа, гэрч Б.Эрхэмбаяр, Н.Цэцгээ, Д.Баттулга, Б.Батжав нарын мэдүүлэгүүдэд хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч С.О нь 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин О.Гийг төрүүлсэн, улмаар охин О.Г нь 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагч С.Оын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагч С.О нь шүүхэд гаргасан охин О.Г нь 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг иргэний улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ПЙ62051066 тоот регистрийн дугаартай, Чойрд овогт Соломын Оын төрүүлсэн охин О.Г нь 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд гаргасан охин О.Г нь 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг иргэний улсын бүртгэлд нөхөн бүртгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА