Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/256

 

 

 

 

 

 

 

 

    2023        04         10                                    2023/ШЦТ/256

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч Б.Батцэцэг,

хохирогч Ц.С,

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан эрүүгийн 2311 00344 0337 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Ч-ын Г /РД:хх000000/, Монгол Улсын иргэн 1966 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 36 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонхондой” эмийн сан дотор хохирогч Ц.С-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед хүзүү, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн булгалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохиролыг хүний эрүүл мэндэд санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийн сэтгэл санааны өдөр болгоны байдлаа харахад тэтгэвэртээ гарчихаад авч байсан цалин 3 дахин бага болчихоор ч юм уу, эсвэл хамт олны дунд байсан хүрээлэл маань багассан болохоор нэг хэсэгтээ бухимдалтай явдаг юм байна. Үйлчилгээний байгууллагын хүн хүнийг задгай мөнгө тоолсны төлөө доромжилсон, хорон өнгө аясаар хандсан байдал нь миний сэтгэлийн бухимдалаа тэсэрч гаргах нөхцөл байдал болсон. Эрхэм шүүгч та үүнийг тусгаж авч үзнэ үү гэж хүсэж байна. Тухайн үеийн сэтгэл зүйн бухимдлаа барьж чадаагүйн улмаас үйлчилгээний байгууллагын ажилтанг заамдаж аваад сэгсэрч байх үед нь гарыг нь тавиулах гэж оролдсон үйлдэлд маань хөнгөн зэргийн гэмтэл гарсан байна. Би 1998 онд Анагаах Ухааны Их сургуульд Шүүх эмнэлгийн багшаар ажиллаж байхдаа Шүүх эмнэлгийн салбарын хоёр дахь мастераа хамгаалж байсан. Одоогийн гэмтлийн зэргийн зааврын хоёр дахь дахин боловсруулах ажлын хэсэгт оролцож байсан. Тухайн үед үүсэж байсан гэмтлийн зэрэгт миний мэргэжлийн шинжээчийн хувьд харахад гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэж харагдаж байсан. Ийм байдлыг харгалзан үзээд Шүүх эмнэлэг дээр очиж уулзсан. Тухайн үед миний доор байсан зүйлийг өшиглөсөн, өвдгөө цохисон байдлаас болсон байж ч болзошгүй. Өвдөгний гэмтэлээ цаг тухайд нь Шүүх эмнэлэгт үзүүлээгүй нь миний энэ хэргийг цаашид гомдолтойгоор өнөөдрийн байдалд хүрэхгүй байх гэсэн дотоод буруу ойлголттой явж байсан байна. Цаг тухайд нь үзүүлж чадаагүй гэдгээ ойлгосон. Энэ талаар Шүүх эмнэлгийн байгууллагын хүмүүстэй уулзсан. Миний оролцож байсан гэмтлийн зэрэг тогтоохоос өөрчлөгдсөн байна. Бүтэн өөрчлөгдөөгүй ч гэсэн практик дээр хэрэглэж буй шинжээч эмчийн үзэл бодол арай өөр болсон гэдгийг ойлгосон. Дахин шинжээч томилоод өгөөч гэх хүсэлт гаргасан боловч хуулийн байгууллагыг хийгээгүй үйлдэлдээ заавал ингэж яах вэ нэгэнт л ийм байдалтай гэсэн. Гэхдээ миний хамгийн анхны цагдаа дээр очиж үзэж байсан Шүүх эмнэлгийн шинжээчийн гаргасан дүгнэлттэй харьцуулж үзэхэд тэр үеийн байдлаас ондоо гарсан ч гэсэн би энэ дээр маргалдахыг хүсэхгүй байна. Энэ нөхцөл байдлыг шүүгч та ойлгоосой гэж тайлбар хэлж байна. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас ч юм уу би бас өртэй байгаа. Тэтгэвэрт гарсан ч гэсэн цалингын зээл аваад хүүхдээ гадагшаа сургуульд явуулсан. Энэ өрөө төлөөд жоохон үлдэгдэл үлдсэн. Энэ нь надад нийгмийн амьдралд оролцоход дарамттай болж байгаа. Ажилгүй байгаа байдал маань удаан хугцаагаар тээж явсан дарамттай холбоотойгоор бухимдал гаргаад хүний биед ийм хохирол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Би 34 жил улсын байгууллагад ажиллачихаад өнөөдөр тэтгэвэртээ гарчихаад ийм нөхцөл байдал гаргаж байгаа нь миний хувьд гутамшигтай, гэмшилтэй байна. Миний ажлын дараах байдлыг авч үзэхэд хамгийн хэцүү шийтгэл амссанаас илүү надад дарамттай байна. Ийм учраас шүүгч, Монгол Улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа та бүхэн миний энэ байдлыг харгалзаж үзээч гэж хүсэж байна. Миний хувьд ашигтайгаар, хөнгөрүүлж үзэх тал байгаа юм болов уу. Энэ үйлдлийг дэнсэн дээр тавиад үзэх юм бол хохирогч надад тэгэж хандаагүй бол энэ байдал үүсэхгүй байх талыг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Миний настай ээж одоо 88 настай, би айлын бага хүүхэд, надаас өөр эмч байдаггүй учир Сүхбаатар дүүрэг лүү 2 өдөр өнжөөд ээж рүүгээ очдог учраас зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдуулхаар бол миний энэ байдлыг харгалзаж үзээчээ гэж хүсэж байна. Би гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа энэ байдлыг маань харгалзан үзээсэй гэж хүсэж байна.” гэв.

Хохирогч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Хонхондой эмийн санд төгссөнөөсөө хойш ажиллаж байгаа. Тухайн өдөр орой 6 цагийн үед энэ хүн гаднаас согтуу, утсаар ярьсан байдалтай орж ирсэн. Напазолин гурван ширхэгийг авъя гээд тавиур дээрээс гурван ширхэгийг авсан. Ямар үнэтэй вэ? гэхэд нь 3.300 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл ямар аймар үнэтэй юм бэ? 600, 700 төгрөгийн үнэтэй байдаг яагаад ийм үнэтэй байгаа юм гэж уурласан. Моносынх илүү үнэтэй байдаг талаар хэлсэн. Хоёрыг нь буцаагаад нэгийг нь авъя гэсэн. 1.100 төгрөг тоолж эхэлсэн. 10 төгрөг, 20 төгрөг, 100 төгрөг тоолсон. Согтуу байгаа учир тоолж чадахгүй байсан. Тоолж байх хооронд нь энэ хүний таньдаг хүн нь эсвэл хамт явж байсан хүн нь орж ирсэн. Мөнгийг нь тоолж өгчихөөд би түрүүлээд гараад байж байя гэсэн. Тэр хооронд нэг хүн орж ирээд эм аваад гарсан. Тэр хүн цитрамон авсан нээх удаагүй. Цитрамон авсан хүн баримтаа аваагүй тул би баримтыг нь хэвлэж өгч байхад шүүгдэгч баримтаа авъя гэхэд нь түр хүлээж байгаарай манай посс машин удаад байдаг талаар хэлтэл чи аль түрүүн хүн утсаар ярьж байх хооронд хэвлэхгүй яасан юм пизда минь гэсэн. Тэгээд дормжлоод л байсан. Угаасаа нэлээн согтолттой байсан. Би бол хэзээ ч худлаа ярихгүй. Яагаад гэвэл ээж маань авто ослоор нас бараад 49 хоног нь ч болоогүй байгаа учраас би энэ хүнтэй маргаж, хэрэлдэхгүй. Энэ хүн гэлтгүй ямар ч хүнтэй 49 хоног нь өнгөртөл маргаан хийхгүй. Тийм хүсэл надад угаасаа байгаагүй. Гэтэл энэ хүнд за одоо таны баримтыг хэвлээд өгчихлөө. Та явдаа гэсэн. Яагаад гэвэл намайг пизда, наахуу аль муухай үгээр хэлээд надад хэцүү байсан. Угаасаа сэтгэл санаа маань хямралтай байсан. Яагаад гэвэл ээжийгээ цаг бусаар алдсан учраас надад хэцүү байсан. Та одоо яваач дээ гээд би уурлангуй хэлтэл тэнд байсан гар ариутгагчийг над руу авч шидсэн. Би нимгэн хувцастай зогсож байсан. 1 литрийн багтаамжтай гар ариутгагч шидсэн. Шидээд тохойн дээр оноод аймар өвдөхөөр нь би эргүүлээд шидсэн. Зузаан куртиктай байсан болохоор куртикыг нь шүргээд л өнгөрсөн. Энэ үйлдэд бичлэг дээр байгаа. Гэтэл энэ хүн заамдаж авсан гэх худлаа зүйл яриад байна. Би орж ирээд мэдүүлгийг нь уншсан. Намайг задгай мөнгө тоолоод бүхэл болгоод өгөөч гэтэл чадахгүй новш минь гэж хэлсэн гэх худлаа зүйлс бичсэн байна. Надад хүнийг муу муухайгаар хэлэх зүйл байхгүй. Би үйлчилгээний ажилтан, миний хувийн ёс зүйд ч тийм зүйл байхгүй. Надад тухайн үед асуудал байсан ч муухай хандаагүй. Шүүгдэгч өөрөө согтуу муухай авир гаргасан. Энэ хүн хаалгаар гарах гээд манай ажлын хаалга дотогшоо татаж онгойдог гэтэл түлхээд байхаар нь онгойлгож өгөх гэтэл хажуу талд байсан хогийн савын тагаар миний цавь руу хүчтэй цохисон. Тэгтэл миний уур хүрээд та ороод ир, би цагдаа дуудна гээд нөгөө хүүхнийг нь дуудах гэсэн. Яагаад гэвэл тусламж хүсэх гээд би энэ хүнийг ганцаараа дийлэхгүй байгаа учир бичлэг дээр бүх зүйл тодорхой байгаа. Гэтэл намайг барьж авч түлхээд хэд хэд өшиглөсөн. Би энэ хүнийг аль болох өөртөө ойртуулахгүй байлгахаар түлхсэн. Гэтэл гар хурууг маань хумсалсан. Зурган дээр тодорхой байгаа. Бие дээр гарсан бүх гэмтлийнхээ зургуудыг авсан. Яагаад гэвэл байцаагчид мэдүүлэг өгөх үед би эрэгтэй хүн учир таны биед үзлэг хийх боломж байхгүй. Та өөрийнхөө боломжоороо зураг аваарай гэсэн. Би өөрийнхөө бүх боломжоор гэмтлийнхээ зургаа авсан. Тухайн өдөр мэдүүлэг аваад та Шүүх эмнэлэгт очоод үзүүлчих гэсэн. Шүүх эмнэлэг дээр очиж бүх гэмтлүүдээ үзүүлсэн. Хөнгөн гэмтэл гэж гарсан байсан. Тэгээд дараа нь найзыг нь арай гэж дуудаад тэр найз нь энэ хүнийг авч явах гээд байсан. Миний гар хурууг маажиж баахан өшиглөчихөөд нөгөө хүн нь авч зугтах гээд байхаар нь та нар хариуцлага хүлээх ёстой. Хүнийг ийм болгочихоод манай ажлыг бас аймар болгосон. Гаднаас хүн эм авах гэж орж ирэхэд нь миний дүү эгчдээ туслаарай. Энэ хоёр хүн ингээд байна гэтэл нөгөө банди шүүгдэгчийг согтууг нь мэдчихээд хүүе ээ та согтуу байгаа юм уу? Согтуу байж ингэж аашлаад байхдаа яадаг юм бэ? гээд хаалга дарж зогсчихоод энэ 2 хүнийг гаргаагүй. Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар луу утасдаад дуудлага өгөөд цагдаа ирж, мэдүүлэг өгсөн” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Ц.С-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 1466 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 1944 тоот дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, шүүгдэгч Ч.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Г-ийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хонхондой” эмийн сан дотор хохирогч Ц.С-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед хүзүү, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн булгалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохиролыг хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 1466 дүгнэлтэнд “...Ц.С-гийн хүзүү, цээж, баруун, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд зулгаралт, зүүн булгалга, зүүн шуу, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 18-19 дэх тал) гэх дүгнэлтээр хохирогч Ц.С-гийн биед Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч Ц.С мэдүүлсэн: “...Би Хонхондой эмийн санд жор баригчаар ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны оройн 18 цаг 30 минутын үед гаднаас утсаар ярьсан байдалтай согтуу ярьсан. Тухайн эмэгтэй манай эмийн сангаас Нафазолин гээд хамрын дусаагуур авах” асуух гэхээр нь таны зогсож байгаа хажуу талын тавиур дээр байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд 4 ширхэг нафазолин аваад тухай эмэгтэй үнийг асуухад би 1100 төгрөг шүү гэсэн чинь ямар үнэтэй юм 600-700 хооронд байдаг танайх яасан үнэтэй юм гээд уурлаж эхэлсэн. “Моносийн үйлдвэрийн нафазолин арай үнэтэй байдаг” гэхэд нөгөө эмэгтэй 3 ширхэгийг буцааж тавиур дээр тавиад 1 ширхгийг авахаар болсон. Тухайн эмэгтэй цүнхнээсээ мөнгө гаргаад тоолоод утсаар яриад удаад байсан тэр хооронд гаднаас өөр үйлчлүүлэгч ороод ирсэн, тэр үйлчлүүлэгч маань нүүрсэн эм авна гээд зогсож байхаар нь түрүүлээд үйлчилгээ үзүүлчихээд явуулсан, тэгсэн нөгөө эмэгтэйтэй цуг явж байгаа бололтой эмэгтэй гаднаас орж ирээд “чи юу авах гээд зогсоод байгаа юм бэ?” гээд мөнгөө хамт төлж дуусаад нөгөө эмэгтэй нь түрүүлээд гараад яваад өгсөн. Нэг ширхэг Нафазолиний мөнгө болох 1100 төгрөгийг надад өгөөд, баримтаа авъя гэсэн, тэгэхээр нь би баримтыг нь бичээд хэвлэх гэтэл дахин дахин нэхээд байсан. “манай принтер хэвлэх гэж жоохон уддаг болохоор удаж байна” гэсэн “түрүүн авна гэж хэлж байхад хэвлэж байхгүй яасан юм” гээд уурлаад намайг “писдаа” гээд хараагаад эхэлсэн, “би танд хэвлээд өгчихлөө одоо яах гээд байгаа юм” гэхэд тавиур дээр байсан гар ариутгагч аваад над руу шидээд намайг оносон. Миний уур хүрээд нөгөө эмэгтэй рүү шидсэн. Манай эмийн сангийн хаалга түлхэж биш, татаж онгойдог. Тэгсэн нөгөө согтуу эмэгтэй манай хаалгыг онгойлгож чадахгүй түлхээп байхаар нь би хаалга онгойлгож өгөх гээд очсон чинь түрүүлээд хаалга онгойлгосон манай хаалга жоохон хүнд болохоор туслах зорилгоор хаалга барьж өгсөн чинь үүдэнд байсан хогийн савны тагаар цохисон. Яг хаана цохисныг санахгүй байна. Хогийн савны тагаар цохиулсан болохоор миний уур хүрээд нөгөө эмэгтэйг “ороод ир” гээд татаад эмийн сан руугаа оруулсан чинь над руу дайраад эмийн сан дотор байсан эд зүйлсийг унагаагаад намайг өшиглөөд цохиод би дийлэхгүй болохоор хамт явж байсан хүнийг гарж дуудаад нөгөө найз эмэгтэй орж ирэхээр нь би “энэ ямар балай авгай вэ? Энэ хүнээ аваач” гэж хэлсэн чинь найзыгаа авч явах гээд байсан болохоор нь би энэ хүнд зодуулсан болохоор хариуцлага тооцуулах гээд цагдаа дуудна байлгаж бай гээд эмийн сан дотор байж байсан чинь гаднаас нэг залуу орж ирэхээр нь “наад 2 эмэгтэйг гаргаж болохгүй шүү” гэж хэлээд тусламж хүсээд цагдаад дуудлага өгсөн. ...би тэр хүнд нэг ч гар хүрээгүй өөрийгөө хамгаалахын тулд тухайн иргэнийг түлхэх зүйл гарсан хэл амаар доромжлоогүй харин намайг писда гээд байсан өөр юу гэж хэлснийг нь санахгүй байна. ...гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), шүүгдэгч Ч.Г яллагдагчаар мэдүүлсэн “...өмнө гэрчээр дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа энэ мэдүлгээрээ явна. ...Шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд олон гэмтэл бичигдсэн байсан би өөрөө харсан болохоор тийм гэмтэл байхгүй гэж бодож байгаа. Жижиг гэмтлүүд байсан тэр нь гэмтлийн зэрэгт тооцогдохгүй гэж бодоод би өөрөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй байсан. Тэгсэн гэмтилийн зэрэг гарч ирээд би шүүх эмнэлэгт үзүүлсэн чинь над дээр гэмт гараагүй би зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31-33 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь хохирогч Ц.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдааны үед болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ч.Г нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 1466 дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийн талаар маргасан боловч хохирогч Ц.С-гийн биед шинжилгээ хийсэн дээрх дүгнэлтийг няцаах, энэхүү дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх, дүгнэлтэнд эргэлзэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.Г-ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...Цэрэнгомбо Сарантуяа нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хонхондой 1 эмийн сангаас” хөнгөлөлттэй эм 216.750 төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ч.Г-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №04/881 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг баримтуудаар авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас ... Хэдийгээр хэрэгт 261.750 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн талаарх баримт авагдсан боловч хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж, үүнтэй холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчээс энэ зардлыг гаргуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна”  гэх саналыг гаргажээ. Хохирогч Ц.С нь дээрх эмийг худалдан авсан зориулалтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт “...Даралтны эм болон цус шингэлэх эм байгаа. Коронагийн дараа маш их цус өтгөрөлттэй болсон учраас цус шингэлэх эмийг 5-6 сар уух хэрэгтэй байгаа. Өвчин намдаах эм юм уу урсопалк авсан байх. 216.750 төгрөгийн эмийг би сар болгон эрүүл мэндийн даатгалаар авдаг. Энэ бол хэрэгт холбогдолтой биш өвчин намдаах эм биш өөрийн хэрэгцээт эм ээ авсан” гэж мэдүүлсэн байна. Иймээс иргэний нэхэмжлэгчийн иргэний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, тодруулбал энэхүү нэр бүхий эмнүүдийг хохирогч Ц.С нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан худалдан аваагүй байна.

            Хохирогч Ц.С-гаас эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би шүүгдэгчээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Ямар ч байсан хууль дүрэм байдгыг мэдрүүлэх гэсэн юм. Шүүгдэгчийн мэдүүлгээс харахд хүн болгон стресстэй, би ч гэсэн 2 жоохон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, оюутан хүүхэдтэй, би ч гэсэн зээлтэй ч гэсэн амьдраад л явж байгаа.” гэж мэдүүлэх тул шүүгдэгч Ч.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Ч.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 43 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Г-т ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Ч.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг буюу шүүгдэгч Ч.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг зэрэг нөхцөлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ч-ын Г /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Г-т сануулсугай.

5. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР