Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/281

 

 

 

 

 

 

 

 

   2023         04         20                                    2023/ШЦТ/281

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Булаг-Ундралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан эрүүгийн 2311 00000 0227 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овогт Г-ын М /РД: хх0000000/, Монгол Улсын иргэн 1989 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамтаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-00а тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны 03 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чикаго” нэртэй бааранд хохирогч Б.Б-тай маргалдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед зүүн хэнгэрэг хальсны урагдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч тооцоогоо хийхгүй гэдгээс улбаалж маргалдаагүй. Үйлчилгээний байгууллагын хүн байж ямар ч хүний тэвчээрийг барагдтал намайг маш их хэл амаар доромжилсон. Тооцоогоо төл гэж хэлэхэд нь “манай найз тооцоогоо хийж байгаа” гэж хэлэхэд “худлаа яриад бай” гэж элдвээр хэлж доромжилсон. Тэсэхийн аргагүй байдалд хүрсэн тул алгадсан.” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр нэлээн согтсон байдалтай найзын хамт хоёулаа орж ирсэн. Энэ хүн өмнө 2 удаа асуудал гаргаж байсныг мэддэг учир аль болох дөлж байсан. Би зогсож байтал найз нь ирээд 1 пиво авсан бөгөөд дахин ирээд нэгийг өгчих гэсэн. Миний хувьд 2 пиво байсан ч өмнөөс нь тооцоог төлж чадахгүй. Намайг нэлээн хэдэн удаа цохисон нь хяналтын камерын бичлэгээс харагдана. Би “тооцоогоо авчих уу” гэсэн болохоос бус элдвээр доромжилж хэлсэн зүйлгүй.” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Б.Б-ы мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2095 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 1950 дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, шүүгдэгч Г.М-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М-ын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч Г.М нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны 03 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чикаго” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны зөөгчөөр ажиллаж байсан хохирогч Б.Б-тай маргалдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед зүүн хэнгэрэг хальсны урагдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 1950 дүгнэлтэнд “...Б.Б-ы биед зүүн хэнгэрэг хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Б.Б-ы биед Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч Б.Б мэдүүлсэн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой 3 цаг 50 минутад зохион байгуулагч Чагнаадорж над дээр ирээд “нэг эмэгтэй куртик алга болсон байна. Чи тэр эмэгтэй хаана сууж байсныг харсан уу, заагаад өгчих” гээд би очоод тухайн эмэгтэйн куртик олж өгөөд “одоо хувцсаа олсон юм чинь төлбөр тооцоогоо хийчих” гэхэд “чи яахаараа дандаа ингэдэг юм писдаа” гээд намайг хараагаад эхэлсэн, миний толгой хацар алгадсан, хамгийн сүүлд миний зүүн талын чих рүү алгадаад миний чих дүнгэнээд эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), шүүгдэгч Г.М яллагдагчаар мэдүүлсэн “...Би хувцасаа олохгүй байхаар нь зохион байгуулагч дээр нь шууд ороод хяналтын камер үзээд хаана хувцасаа тайлж тавьсанаа хараад очиж аваад хувцасаа өмсөөд зогсож байтал зөөгч нь над дээр ирээд “Тооцоогоо хийгээч” гэж хэлэхэд би найз тооцоогоо хийх гээд тек рүү явсан гэсэн чинь зөөгч нь намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би “чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм гэж асуухад “чи угаасаа янхан биздээ төлбөрөө төлж чадахгүй, арчаагүй янхан” гэж хэлэхээр нь миний би уур хүрээд нөгөө зөөгчийг алгадсан. Алгадуулчихаад зөөгч залуу орилоод “миний хэнгэрэг цоорчихлоо” гээд намайг үсдэж чирээд унагасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 51-52 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдааны үед болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.М нь Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 1950 дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийн талаар маргасан буюу өөрийн үйлдлийн улмаас хэнгэрэг хальсны урагдал гэмтлийг учруулсан гэхэд эргэлзэж байна гэх боловч шинжээчийн дүгнэлтээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэж тогтоогдсон, мөн шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Б-ы биед гэмтэл учруулж болох үйлдлийг хийсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 1950 дүгнэлтийг няцаах нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, ийм баримтыг ирүүлээгүй байна.

 Шүүгдэгч Г.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.М-ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хохирогч Б.Б-аас эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэндэд нь учирсан шууд сөрөг үр дагаварыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэн хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Мөн хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Цаашид хэнгэргээ нөхүүлээд шүүгдэгчээс нэхэмжлэх саналтай байна. 3.500.000 орчим төгрөг гэж сонссон.” гэж мэдүүлсэн, мөн хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд учирсан хэнгэрэг хальсны урагдал нь өөрөө ердийн явцаараа эдгэрэхгүй, зайлшгүй нөхөн эмчилгээ хийлгэх нь илэрхий тодорхой үйл баримт тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотойгоор буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.   

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Г.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 45 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Г.М-д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

            Шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Г-ын М /РД: хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М-д сануулсугай.

5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотойгоор буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР