| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00187/И |
| Дугаар | 00488 |
| Огноо | 2019-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 00488
| 2019 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 153/ШШ2019/00488 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, ... регистрийн дугаартай, Их шарнууд овогт О-ын Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, ... регистрийн дугаартай, Халзан овогт Ч-ын Б-т холбогдох 15,495,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, гэрч Г.Даваасүрэн, Ж.Бүрэнбат, П.Янжинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б миний бие эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр дээр мал маллаж 365 хоног малласан ямааны ноолуураа авч амьдардаг, малчин өрхийн нэг нь билээ. 2017 оны мал тооллогоор манай гэр бүл адуу 4 толгой, хонь 250 толгой, ямаа 450 толгой нийт 704 толгой тоолуулсан эд хөрөнгөтэй байсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр О.Б миний бие Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.2-д зааснаар 111 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 457-р ангид ял эдлэж байх хугацаанд эрх зүйн чадамжгүй, бичиг үсэг мэдэхгүй эхнэр П.Янжинхорлоогоос хот харлуулан 380 толгой ямааг хүч хэрэглэн зах зээлийн үнээс хямдаар бодож 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ноолууртай 103 толгой сэрхийг нэг толгойг нь 70,000 /далан мянга/ төгрөгөөр, 193 толгой эм ямааны нэг толгойг нь 45,000 /дөчин таван мянга/ төгрөгөөр, 12 толгой ишигтэй ямааны нэг толгойг 50,000/ тавин мянга/ төгрөгөөр, 80 толгой шүдлэн ямааг нэг толгойг нь 17,500/ арван долоон мянга таван зуун /төгрөгөөр бодож нийт 376 толгой ямааг 17,355,000 /арван долоон сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг болсон гэж манай охинд өгч 376 толгой ямааг ачиж байхдаа үлдсэн 4 толгой ямааны үнийг бодолгүй нэмж ачаад явсан байдаг.
Миний эхнэр болон үр хүүхдүүд ямар нэгэн байдлаар малаа зарна гэж ерөөсөө хэн нэгэн хүнд ярьж хэлээгүй байсан. Тухайн үед зах зээлийн ханш сэрх нэг толгой 90,000 /ерөн мянган/ төгрөг, эм ямаа нэг толгой нь 60,000 /жаран мянга/ төгрөг, шүдлэн ямаа 25,000-30,000 /хорин таван мянгаас гучин мянган / төгрөгний үнэтэй, нэг килограмм ноолуур 100,000-110,000 /нэг зуун мянгаас нэг зуун арван мянган / төгрөгний үнэтэй байсан.
Иймд ядарсан биднийг дээрхлэж хүч хэрэглэн авч явсан эд хөрөнгө болсон 380 толгой ямааны үнийг зах зээлийн ханшнаас 5,495,000 төгрөгөөр дутуу бодож мөн 380 толгой ямаанаас багадаа 100 килограмм ноолуурын үнийг хямд ханшаар бодоход 10,000,000 төгрөг болж байгаа учир бид нарыг хохироосон нийт 15,495,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 3 сард антены ар Ухай овооны худаг гэдэг газар эгчтэйгээ хамт мал маллаж байсан. Би малаа услаж байхад Буянт сумын сайн малчин М.Мөнхөө гэдэг залуу О.Б гэдэг айлынх борлон зарах гэж байна гэж хэлсэн. Би О.Б болон эхнэрийг нь ч танихгүй. Би очиж эхнэртэй нь уулзахад малчныхаа хөлс өгнө 5-10 шүдлэн зарна гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь миний утасны дугаар авч үлдсэн. Эднийх бүх малаа зарна гэдгийг манай дүү Г.Даваасүрэн сонссон байсан. О.Бын эхнэр малаа услаад байж байхад би очиж уулзсан. Тэр үед би бүх малаа зарахаар боллоо 2018 оны 4 сарын 9, 4 сарын 11 гэж 2 хугацаа товлож өгсөн. Бүх малаа зарна гэхээр нь манай дүү хоёр удаа очиж уулзсан. Малынх нь ерөнхий байдлыг нь очиж үзээд бид нар ах дүүгээрээ ярилцсан.Би 84 шүдлэнг худалдаж авсан. Мал нь хогийн харын энд байхад би Ж.Бүрэнбат болон эхнэр хүүхэдтэй нь очиж үзээд би мал хийхээр худалдаж авсан. Би хорих анги дээр очиж танай нөхөртэй уулзая гэхэд тэрээр уулзах шаардлага байхгүй Жавын мэдлийн мал байхгүй гэж хэлсэн. О.Б-ийг Жав гэж хочилж дууддаг юм байна лээ. Б.Янжинхорлоо надад би 5 дахь өдөр малчнаа оруулж өгөөд нөхөртэйгээ уулзаад ирнэ бүх шийдвэрийг би өөрөө гаргана гэж хэлсэн. Улаанбаатараас манай охин ирж байгаа гэж хэлсэн. Би Жавын мэдлийн мал байна уу? би ах дүү хамаатан садантай нь уулзая гэхэд Жавын мэдлийн мал биш тэр хулгай хийгээд шорондоо орсон тэр насаараа хулгай хийж намайг зовоож байна гэж цаг гарантай надад зовлон тоочсон. Анх мал зарахыг нь М.Мөнхөө гэдэг залуугаас сонссон. Би банкнаас зээл гаргуулж байгаад 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ховд аймагт 3 жил ган зуд болж мал таргалаагүй үе байсан. Би хадлан хийж хадлангийн хүчээр онд оруулсан. Малыг нь худалдаж аваад гэрийнхээ гадаа тууж очиход 4 мал үхэж байсан.Өглөө босоход 2 мал үхсэн. 6 сар хүрэхэд мал дутуу хагас ногоонд цадаж байсан. Намайг дэмий наймаа хийсэн гэж манай эхнэр хүүхэд бүгд загнаж байна. Ноднин өвөл өвөлжөөнд орох үед 30 гаруй шүдлэн үлдсэн. Шүдлэнгийн хялгастай ноолуур гээд авдаггүй. Өнөөдөр ноолуур 50000 төгрөгийн ханштай байна. Бид нар малыг самнаж чадаагүй. Ховд аймгийн зах дээр хасагууд ирж шүдлэн авч байсан. Би 3 шүдлэнг мотоцикль дээрээ дүүрч ирээд тэжээл худалдаж аваад гарч байсан. Би шүдлэнг дунджаар 17,500 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан 15,495,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...намайг хорих ангид хоригдож байхад миний зөвшөөрөлгүйгээр зах зээлийн ханшнаас доогуур үнээр ноолууртай ямааг худалдан авсан тул тухайн үеийн ямааны зах зээлийн ханшны зөрүү болон тус ямаанаас авах байсан ноолуурын үнийг төлөх ёстой гэж, хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...би О.Бын ямааг хүч хэрэглэн худалдаж аваагүй, түүний эхнэртэй нь үнэ тохирч ноолууртай ямаа худалдан авсан гэж тайлбарлалаа.
Хэрэгт авагдсан 2017 оны жилийн эцсийн тооллогоос /хх-7/ үзэхэд нэхэмжлэгч О.Б нь 69 толгой эр төл, 69 толгой эм төл, өнгөрсөн жилийн 43 толгой эр төл, 30 толгой эм төл, 2 настай эр ямаа 100 толгой, 2 настай эм ямаа 138 толгой, 1 хээлтүүлэгч ямаа, нийт 450 толгой ямаатай байсан нь нотлогдож байна.
Хариуцагч Ч.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр О.Бын эхнэр П.Янжинхорлоогоос 103 толгой эр ямааг нэг толгойг нь 70,000 төгрөгөөр тооцож, 193 толгой эм ямааг нэг толгойг нь 45,000 төгрөгөөр тооцож, 84 толгой шүдлэнг нэг толгойг нь 17,500 төгрөгөөр тооцож нийт 376 толгой ямааг 17,355,000 төгрөгөөр худалдан авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэгүүдээр нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Ингэхдээ хариуцагч Ч.Б нар нь О.Бын эхнэр П.Янжинхорлоогоос 103 толгой эр ямаа, 193 толгой эм ямаа, 84 толгой шүдлэн ямааг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан Б, Янжинхорлоо нарын гарын үсэгтэй материал /хх-21/, шүүх хуралдаанд өгсөн гэрч П.Янжинхорлоо, Г.Даваасүрэн, Ж.Бүрэнбат нарын мэдүүлэгүүд, хариуцагч Ч.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч О.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан ...Ч.Б нь худалдан авсан ямаагаа авч явахдаа 80 толгой шүдлэнгийн үнийг төлөөд 4 шүдлэнгийн үнийг төлөхгүйгээр явсан байсан гэх тайлбар няцаагдаж байна.
Мөн нэхэмжлэгч О.Бын шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагч Ч.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эрх зүйн чадамжгүй, бичиг үсэг мэдэхгүй, эхнэр П.Янжинхорлоогоос нийт 376 толгой ямааг худалдан авахдаа хүч хэрэглэн, айлган сүрдүүлж авсан гэх тайлбар нь шүүх хуралдаанд өгсөн гэрч П.Янжинхорлоогийн ...би 10-р анги төгссөн. Охин Б.Зулаа 1994 онд төрсөн тухайн үед оюутан байсан. Мал худалдсан баримт дээр намайг гарын үсгээ зур гэхээр нь би уншаад зурсан. Охиныхоо нэрийг бич гэхээр нь би бичсэн. Би биеийн байдлаа бодоод ямаагаа самнаагүй өгсөн. Би сэрх 90,000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн. Миний ямаа ноолууртай тийм ханшаар худалдаж ав гэж хэлсэн. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй мөнгө төгрөгийг өгнө гэж хэлээд явсан. Би өөрийнхөө эрүүл мэндийг бодоод зарсан. Тухайн үед малаа 17,355,000 төгрөгөөр зарахыг хүлээн зөвшөөрч байсан. Харин нөхөр хүлээн зөвшөөрөхгүй байсан учир 7 хоногийн дараа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Г.Даваасүрэн, Ж.Бүрэнбат нарын мэдүүлэгүүд, хариуцагч Ч.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчингүй болгох үндэслэл нотлогдохгүй байна.
Иймд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ч.Б, П.Янжинхорлоо нар нь хоорондоо ярилцаж, худалдах худалдан авах ямааны үнийг тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Бт холбогдох 15,495,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан Ч.Б, Г.Даваасүрэн, Бүрэнбат, Янжинхорлоо, Зулаа нарын гарын үсэгтэй материал дээр зурагдсан гарын үсэгүүд нь уг этгээдүүд өөрсдөө гарын үсэг зурсан болох нь шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлгүүд, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна. Мөн тус материал дээр зурагдсан Янжин гэх гарын үсгийн хэвд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд уг гарын үсэг нь П.Янжинхорлоогийн гарын үсэг мөн болох нь нотлогдож байх ба дээрх баримтад зурагдсан гарын үсгийн талаар зохигчид маргаагүй тул тус материалыг хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Нэхэмжлэгч О.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Бт холбогдох 15,495,000 /арван таван сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,430 /хоёр зуун гучин таван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА