Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1242

 

 

 

 

 

 

       2019        12             17                                        2019/ДШМ/1242

 

 

Г.Бт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1687 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлоор Г.Бт холбогдох эрүүгийн 1906031111912 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болор-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Гомбожавын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Баас 2.782.796 /хоёр сая долоон зуун наян хоёр мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 97-1 байрны 89 тоотод оршин суух Энхбаярын Болор-Эрдэнэ /РД:ЦД86032175/-д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба Г.Бт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тус шүүхийн Төрийн банкны 100900005406 тоот барьцааны дансанд тушаасан 100.000 төгрөгийг гаргуулж, Г.Бт олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1687 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Баас 2.782.796 төгрөгийг гаргуулж Э.Болор-Эрдэнэд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний гэх баримтууд нь түүнд учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардал болохыг нотолсон баримт нэг ч байхгүй.

Хохирогч Э.Болор-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримт гэж нийт 7.321.945 төгрөгийн баримтыг өгсөн. Хохирогчийн хохирлын баримт гэж өгсөн баримтууд нь ходоод эрхтний эм, эмчилгээ, зүрх эрхтэний эм, эмэгтэйчүүдийн үрэвслийн эсрэг эм, эмчилгээ, бариа засал, гоо сайхны үйлчилгээ, хөдөө орон нутаг дахь шатахуун түгээх станцаас машины түлш авсан зэрэг Э.Болор-Эрдэнэд учирсан хохиролтой ямар ч хамааралгүй буюу хэрэгт ач холбогдолгүй баримтуудыг хохирогчийн зүгээс өөрт учирсан хохиролд зарцуулсан зардлын баримт хэмээн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хохирлын үнийн дүнд тусгагдсан мөнгө нь хохирогчийн эмчилгээний зардалд бүхэлдээ зарцуулагдаагүй болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тогтоогдсон буюу гэмт хэргээс үүдэлтэй хохиролд зарцуулагдсан баримт бус хохирогч өөрөөсөө гараагүй зардлын баримтуудыг нотлох баримтаар өгсөн болохоо шүүхийн хэлэлцүүлгийн үед тодорхой мэдүүлсэн. Шүүх бодит хохирлын хэмжээг тогтоолгүйгээр шүүгдэгч Г.Баас 2.782.796 төгрөгийг хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэхдээ хохирогчид учирсан хохирлыг нотлох баримт буюу бодит хохирол учирсан эсэхийг тогтоох баримт байхгүй байхад хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ...” гэж заасан байх буюу шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хохирлын хэр хэмжээг тодорхойлон зааж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор тогтоож шүүхийн шийтгэх тогтоолд тусгах ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1687 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар анхан шатны шүүх хурал дээр 7.452.000 төгрөг нэхэмжлэл гаргасан юм. Энийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд аль нь үндэслэлтэй талаар хэлэлцээд тодорхой хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч алийг нь шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоол дээр дурдагдах ёстой байсан гэж маргаж байна. Прокурорын зүгээс шүүх нь шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн баримтыг үнэлээд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар

хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Б нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болор-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Болор-Эрдэнийн “...Тэгээд би уурлаад машинаасаа буугаад барилцаж автал намайг нэг удаа цохиод газар унагаачихсан. Тэгээд унасан хойно нүүрэн тус газар цохьсон. Дундуур нь эхнэр нь орж ирээд дайраад байсан...” /хх 16/,

гэрч М.Ундралын “...Тэгээд би араас нь яваад очтол тухайн эрэгтэй дээшээ хараад уначихсан дээр нь манай нөхөр тонгойчихсон байж байсан. Тухайн эрэгтэй доороос нь сарвалзаад өшиглөөд байсан. Тэр үед манай нөхөр тухайн эрэгтэйн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод босоод явсан. ...” /хх 29/,

шүүгдэгч Г.Бын “...Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байрнаас гараад явтал байрны гадаа байсан 2-3 эмэгтэй хүүхдээ салхилуулж байсан ба нэг залуу таны машины толийг өшиглөөд ийм болгочихсон байна гэж хэлсэн. Би очоод энэ талаар асуухад чи утсаа тавихгүй яасан юм гэж хэлсэн. Чи өндийгөөд хар л даа дугаар байна гэж хэлэхэд чамайг дуудмаар байна гэсэн мөн архи уусан байсан тул би 102 дуудаад согтуу хүн машин барьж байна гээд 102-т 3 удаа дуудлага өгсөн. Намайг цагдаа дуудлаа гэж машинаа тавиад зодолдъё гээд чангаагаад байсан. Ингээд намайг цохиод зодоод байсан. Би өөрийгөө хамгаалахын тулд 1-2 удаа цохиход дахиад намайг цохисон...” /хх 57-58/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Болор-Эрдэнийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи болон хацар, шанаад хаван цус хуралт, хүзүүний баруун хажуу талд шалбаралт, эрүүний зүүн нуманд хаван, уруулын дотор салст язарч цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 33/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийж, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, ерөнхий байдлаар дүгнэлт хийж, 2.782.796 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Хавтас хэрэгт хохирогч Э.Болор-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд “УБ Сонгдо” эмнэлэгт 49.929, 1.338.800, 133.000, 38.000, 40.000, 20.400, 25.000, 42.273, 69.000, 25.000, 101.871, 207.064, 20.400, 31.878, “Натур” толгойн КТГ-д 120.000, шинжилгээ, эм, тарианд 150.000, 117.500, 230.659 төгрөг нийт 2.760.774 төгрөгийг зарцуулсан байна /хх 60-64/.

Харин хохирогч Э.Болор-Эрдэнийн шатахуун болон бусад зүйлийг авахад зарцуулсан төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй.

Үүнээс гадна хохирогч Э.Болор-Эрдэнэд хөнгөн гэмтэл учирснаас гадна түүний автомашины толийг шүүгдэгч Г.Б хугарсан үйл баримт хохирогчийн “...тэр залуу миний жолооч талын толийг цохиод хугалсан...” /хх 8/, “...ахын дүү гээд миний машины жолооч талын толийг хугалчихсан...” /хх 16/, гэрч О.Намууны “...манай машины толь хугарчихсан байсан...” /хх 32/ гэсэн мэдүүлгүүд, фото зураг /хх 81/, толины үнэ, суурилуулах төлбөр нийт 150.000 төгрөг /хх 60/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлээс улбаатай автомашины толь засуулсан 150.000 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй /хх 60/.   

Иймд дээр дурдагдсан зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1687 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 2.910.774 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 97-1 байрны 89 тоотод оршин суух Энхбаярын БолорЭрдэнэ /РД:ЦД86032175/-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ