Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0082

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Л-гийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0894 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-гийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч М.Л

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ц.У

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

 

Хэргийн индекс: 128/2024/0319/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0894 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Лгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1130 дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “... маргаан бүхий газарт нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, мөн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ байгуулаагүй ба нэхэмжлэгч нь бодитоор эзэмшиж байгаагүй байна” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11-т “нэхэмжлэгчид хуулиар хамгаалагдсан, шүүхээс сэргээн тогтоох эрх үүсэхгүй байна” гэж тус тус нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/363 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж бөгөөд уг баримт бичиг нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зүйн харилцааг үүсгэх анхдагч баримт бичиг мөн. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар чухам өөрийн ямар шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хуулийн аль заалтыг зөрчсөн болох, ямар газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөнөө өөрөө нотлох үүрэгтэй буюу маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэл, нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй.

2.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ” гээд 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасныг дурдсан байна. Энэхүү хуулийн хэм хэмжээ нь газар эзэмшигчийн хүлээх үүргийг тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ зөрчөөгүйн зэрэгцээ бусдын газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

2.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “... хариуцагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д зааснаар оролцогчийг сонсож, мөн хуулийн 37.4-д зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохдоо мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 “нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн” үндэслэлийг зааж гаргасан байгаа нь Монгол Улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нийцсэн хууль зөрчөөгүй байна”  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж заасныг дурдсан. Захиргааны ерөнхий хуульд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 5 тохиолдолд хүчингүй болгохоор заасан бөгөөд хуулийн 48.2.1-48.2.5-д тодорхой тусгасан. Гэтэл тухайн 5 тохиолдлын аль нөхцөл нь бүрдсэн нь тодорхойгүй буюу маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-д заасан үндэслэлийг заагаагүй байхад анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн бодит байдалд нийцээгүй буюу маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дурдаагүй зохицуулалтыг дурдаж, хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.

2.4. Нэхэмжлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/363 дугаар захирамжаар эрх олгосон нэгж талбарын 13309009** дугаартай газар нь шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчээс уг газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн зүүн түгээх төвөөр ямар нэгэн шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон эсэхийг шалгуулахад “БЗД-ийн *-р хорооны ** дугаар гудамж, *** тоотод байрлах хашаа нь УБЦТС ТӨХК-ийн ашиглалтын 10 кв-ын агаарын болон кабель шугамын хамгаалалтын зурваст ороогүй болно” гэх 32/244 тоот албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байдаг. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ нотолж бичгээр гаргасан хариу тайлбартаа шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон буюу уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга олгох эрх хэмжээ байгаагүй талаар огт дурдаагүй, энэ талаар огт маргаагүй, шугам сүлжээ орсон талаар баримт байхгүй байхад анхан шатны шүүх хуралдаан дээр “тухайн газар шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон” мэтээр худал тайлбар гаргаж, түүнийг нь шүүх хүлээн авч, шүүхийн шийдвэрт нөлөөлсөнд гомдолтой байна. Хариуцагчаас тухайн газар шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон гэж маргаж байгаа бол хариу тайлбартаа тусгаж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хэрхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж, холбогдох баримтыг хавсаргаж өгөх шаардлагатай байсан. Гэтэл энэ талаар огт дурдаагүй, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь огт өөр буюу Газрын тухай хуулийн 35.3.5-д заасныг үндэслэсэн. Шугам сүлжээ орсон талаар нотлох баримт байхгүй байхад шүүгч илт үндэслэлгүй дүгнэлт буюу шүүхээс явуулсан газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзсэнд гомдолтой байна. Хэрэв хариуцагчаас энэ талаар маргасан бол нэхэмжлэгчийн зүгээс өөрт байгаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн зүүн түгээх төвийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 32/244 тоот албан бичгээр агаарын болон кабель шугамын хамгаалалтын зурваст ороогүй гэх баримтыг гарган өгөх байсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмын хүлээнд энэ талаарх нотлох баримтыг цуглуулах байтал дээрх үйл баримт шүүхээс явуулсан газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0894 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт “маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн” өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч М.Л нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1130 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Уг маргаан бүхий А/1130 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг үндэслэн, тус дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 22 дугаар гудамжны 289 тоот хаягт байршилтай 269 м.кв газрыг эзэмшигч М.Л нь “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн” гэж үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... маргаан бүхий газар нь авто замтай залгаа байх ба байршил нь шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон, нягтаршил ихтэй бүс болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлэх эрх бүхий газар биш байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй ...” гэж дүгнэхдээ тухайн үйл баримт нь маргаан бүхий актад хэрхэн хамааралтай байгаад дүгнэлт өгөөгүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт нь бүрэн авагдаагүй асуудалд дүгнэлт хийжээ.

5. Мөн шүүх “... Хэдийгээр бусдын газар эзэмших эрхийг зөрчихгүй байх үүргийг зөрчсөн гэж газар эзэмшигчид үүрэг болгосон заалтыг захирамждаа дурдсан боловч нэхэмжлэгч нь гэрээ байгуулж газар эзэмшигчийн үүрэг хүлээгээгүй байсан, гуравдагч этгээдэд эрх олгосон баримтгүй, гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаж маргаагүй тул маргаан бүхий захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчид хуулиар хамгаалагдсан, шүүхээс сэргээн тогтоох эрх үүсэхгүй байна” гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актад нэхэмжлэгчийг буруутгасан үйл баримт буюу “бусдын эрх, ашиг сонирхол зөрчихгүй байх заалтыг зөрчсөн” гэсэн нь нийтийн эрх ашиг эсхүл гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, ямар баримтаар хэрхэн тогтоогдсон, аль хуулийн дагуу нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.  

6. Түүнчлэн анхан шатны шүүх “... дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлэх эрх бүхий газар биш байсан” гэх дүгнэлтийг хийхдээ аль баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь анх тухайн үед хүчин төгөлдөр байсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг үндэслэж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/363 дугаар захирамжаар газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байх бөгөөд маргаан бүхий актад “шийдвэр гаргах эрх хэмжээгүй газарт нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр” гаргасан талаар дурдаагүй байна.

7. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... авто зам, шугам сүлжээ, дүүргийн Засаг даргын эрх хэмжээгүй талаар маргаагүй асуудалд дүгнэлт өгсөн, маргасан бол газар эзэмших үед шугам сүлжээ байхгүй талаарх УБЦТС компанийн тодорхойлолт авч байсан талаар болон бусад баримт, тайлбараа гаргаж өгөх байсан, мөн шүүх өөрөө энэ талаарх баримтыг цуглуулах байтал үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж хийсвэр дүгнэлт хийсэн гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

8. Хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Л-г “бусдын газар эзэмших эрхийг зөрчихгүй байх үүргээ зөрчсөн” гэж буруутгасан боловч эдгээр хуулийн дагуу бодит нөхцөл байдлыг тодорхой тусгаагүй, эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгохдоо хэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй, хариуцагчийн тайлбар, ирүүлсэн баримтаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

9. Тухайлбал, хариуцагчаас гуравдагч этгээд Ц.У-ийн гомдлын дагуу маргаан бүхий актыг гаргасан гэх тайлбар бичгээр ирүүлсэн боловч хэрэгт Ц.У болон олон жил гэр барьж бусдад түрээслүүлэн эзэмшиж байгаа гэх түүний эцэг н.Ц нарт газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шугам сүлжээ бүхий газар, нягтаршил ихтэй бүс тул нийтийн эзэмшлийн талбай гэх тайлбар гаргасан, үзлэгийн тэмдэглэлээр ойр орчмын газар нь барилгажсан, орчны зай талбай хангалтгүй байгаагаас үзвэл маргаан бүхий актын үндэслэл тодорхойгүй, хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.2.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах” гэж, 48 дугаар зүйлийн 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Л-г гуравдагч этгээдийн, эсхүл нийтийн эрх ашгийг хэрхэн зөрчсөн эсэх талаарх  хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь хэргийн дээрх нөхцөл байдлыг тодруулж, хэрэв бусдын эрх зөрчигдсөн нь тогтоогдохгүй бол маргаан бүхий актаа хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрхийг сэргээх, гуравдагч этгээд, эсхүл нийтийн эрх, ашиг зөрчигдсөн нь тогтоогдвол холбогдох баримтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлыг тусгаж, маргаан бүхий актад өөрчлөлт оруулж дахин шинэ акт гаргах байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0894 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтыг “1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1130 дугаар  захирамжийг цаашид хэргийн нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, “2” гэсэн дугаарлалтыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

 

            ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ