Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 750

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00205 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “У э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н А з х гт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 278 457 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дагвадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тендерт шалгарч Н А з х г-тай 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр НХААГ-15/0101 дугаар “Борооны ус зайлуулах төв магистрал шугамын /Төв ба Зүүн хэсэг/ зураг төсөл боловсруулах” ажлын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу манай байгууллага Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн барилгажсан талбайн эмх замбараагүй баригдсан борооны ус зайлуулах шугамуудын болон хөрсний усыг хүлээн авч Туул голын эрэгт хүргэн, цэвэршүүлэн, усан санд хадгалан ашиглах, илүүдэл усыг Туул голд нийлүүлэх зориулалтын гол магистрал шугамын барилгын ажлын зураг зохиох байсан. Төвийн бүсийн борооны ус зайлуулах төв магистрал шугам нь Бүтэв хийдийн хойд замын уулзвараас эхлэн хотын төвийн зүүн хэсгээр дамжин Дунд голын доогуур гаран, үйлдвэрийн районы дундуур явуулж, Яармагийн гүүрний доод талд 6 м орчим гүнд байрласан трасс нь насос станцад хүрнэ. Түүний цутгал шугам нь 12, 13 дугаар хороолол болон түүнээс өмнөх хорооллын борооны усыг хүлээн авч нийлүүлнэ. Шугамын нийт урт 12347 м бөгөөд даалгаврын дагуу хотын төвийн инженерийн шугамны доогуур 5-6 м гүнд 1000-1500 м голчтой төмөр бетон хоолой болон дөрвөлжин хоолойноос бүрдэн, 4.3 м3/с усыг хүлээн авах чадвартай байна. Магистрал шугамаар дамжин ирсэн борооны ус нь Яармагийн гүүрний доод талын Насос станц-2-д байрлах шүүлтүүрт хог шүүгдэн, зайлуулагдаж, нийтдээ 5 м3/с ус өргөх 6 насосоор газрын гадарга дээр усыг гарган тунгаагуурт хагшаасыг тунгааж үлдээн, идэвхижүүлсэн нүүрсэн эсгийгээр хөвүүр тосыг шингээж, хэт ягаан туяагаар усыг шарж цэвэршүүлэн 30000 м3 багтаамжтай усан санд хадгалан усалгаанд ашиглах ба илүүдэл ус нь усан сангаас хальж Туул голд нийлнэ. Зүүн бүсийн борооны ус зайлуулах төв магистрал шугам нь Да Хүрээ автомашины захын өмнөөс эхлэн хотын зүүн хэсгийн барилгажсан талбайн борооны усны сүлжээнүүдийг холбох зорилгоор 14560 м урт 800-1500 мм хэмжээтэй хоолойг байрлуулж 5.8 м3/с борооны усыг хүлээн авах чадвартай байгуулагдана. Магистрал шугамаар дамжин ирсэн борооны ус нь Цэцэрлэгт хүрээлэнгийн урьдах Насос станц-1-д байрлах шүүлтүүрт хог шүүгдэн, зайлуулагдаж, нийтдээ 5 м3/с ус өргөх 6 насосоор газрын гадарга дээр усыг гарган тунгаагуурт хагшаасыг тунгааж үлдээн, идэвхижүүлсэн нүүрсэн эсгийгээр хөвүүр тосыг шингээж, хэт ягаан туяагаар усыг шарж цэвэршүүлэн 30000 м3 багтаамжтай усан санд хадгалан усалгаанд ашиглах ба илүүдэл ус нь усан сангаас хальж Туул голд нийлнэ. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ Төвийн бүсэд 34.9 тэрбум төгрөг, Зүүн бүсэд 31.9 тэрбум төгрөг бүгд 66.8 тэрбум төгрөг байна. Зураг төслийг 2016 оны 2 дугаар сард дуусгах даалгавартай байсан боловч Барилгын тухай хуулийн 37.1.3-д зааснаар Захиалагчийн эрхлэх үүрэгтэй 27 км урт борооны усны хоолойн трассыг хотын барилгажсан нутаг дэвсгэрээр явуулах, трассын дагуух газрыг эзэмшиж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, шугам сүлжээний байгууллагуудтай техникийн нөхцлийг тохиролцох, эзэмших газрын зөвшөөрөл авах ажил 2016 оны туршид үргэлжилж, оны эцсээр тохиролцож дууссан. Манай байгууллага захиалагч Нийслэлийн авто замын газартай хамтран 44 байгууллага, аж ахуйн нэгжтэй техникийн нөхцлийг тохиролцон, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/582 дугаар захирамжаар Трассын газрын байршлыг тогтоолгосон.

Ингээд Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас боловсруулж, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаярын баталсан даалгаврын дагуу ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд бидний ажилд “Наран Рашаан” ХХК, топозургийн ажлыг “Топ Кад” ХХК, “Цэц Бүтээмж Инженеринг” ХХК, инженер геологийн хайгуул, судалгаа, өрөмдлөгийн ажлыг “Инжгеотех” ХХК, “Монгео-Экотех” ХХК, барилгын дулаан, цахилгаан, салхивчийг “Buildings Technology” Со.,Ltd, Трассын дагуух нөхөн сэргээлтийг “Анод Катод” ХХК, цахилгаан хангамж, дэд өртөөг “Бодь Эрчим” ХХК, “Электросеть проект” ХХК гэх мэт олон байгууллага туслан гүйцэтгэгчээр оролцсон. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр магистрал шугамын ажлын зургийн товч тайлбар бичиг, 26.9 км урт трассын план, дагуу огтлол түүний үзүүлэлтийг харуулсан барилгын ажлын зургийг Н А з х гт санал авахаар хүргүүлж, мэргэжилтэн Б.Энхсайханаас саналыг бичгээр авч засварыг оруулсны үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 211/16 тоот албан бичгээр хүлээлгэн өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15/17 дугаар албан бичгээр захиалагч Н А з х гт Барилгын тухай хуулийн 37.1.10-д гэж зааснаар бэлэн болгосон Магистрал шугамын төсөлд магадлал хийлгэх санал тавьсан. Гэвч Нийслэлийн авто замын хөгжлийн газраас батлагдсан трассыг өөрчлөх асуудлыг тавьсныг бид зөвшөөрөөгүй 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15/17, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23/17 тоот бичгээр хариу өгсөн. Борооны ус зайлуулах төв магистрал шугамын төсөлд зохистой бус гэж төлөвлөгдсөн 8 асуудлыг инженерийн байгууламжийн Мэргэжлийн зөвлөлөөр хянан хэлэлцүүлж, шийдвэр дүгнэлт гаргуулахаар НАЗХГ-ын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/246 тоот албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хандсан. Инженерийн байгууламжийн шугам сүлжээний инженерийн мэргэжлийн зөвлөлийн хурал 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж 2 протокол нь 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Уг хурлаас гаргасан зөвлөмжид тодорхой чиглэл өгөөгүй боловч хурал дээр Монгол Улсын Зөвлөх инженерүүдийн ярьж, мэдээлснээс үзэхэд НАЗХГ-аас тавьсан асуултад манай компаниас өгсөн хариултыг нэг ч хүн эсэргүүцээгүй. Иймд зураг төсөлд Улсын магадлал хийлгэх ажлыг зохион байгуулж өгөхийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 78/17 тоот бичгээр “У э” ХХК НАЗХГ-т хандсан. 06 дугаар сард тус компаний мэргэжилтнүүд төслийн ажлыг баталгаажуулахаар захиалагчаас гарын үсэг авах гэсэн боловч Ж.Даваасүрэн гарын үсгээ зураагүй. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр компаний захирал Б.Дагвадорж хэлтсийн дарга Ж.Даваасүрэн, мэргэжилтэн Б.Энхсайхан нартай уулзан 7 хоногт багтаан барилгын ажлын дэс дарааллыг гарган өгөх ба захиалагчийн гарын үсгийг зурахаар тохирон материалыг бүрдүүлэн өгсөн. Гэвч НАЗХГ-аас уг төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгч хянуулахаар шийдвэрлэн “Манай газар үндсэн чиг үүргийнхээ хувьд газар доогуурх коллектор шугамын зураг төсөлд захиалагчийн хяналтыг тавих нь учир дутагдалтай байна. Иймд Мэргэжлийн зөвлөлийн хурлаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу зургийн даалгавар оновчтой, Зөвлөх нь зураг төслийг зургийн даалгаврын дагуу бүрэн гүйцэтгэсэн эсэхийг холбогдох хэлтэс, инженер, мэргэжилтнүүдээр хянан баталгаажуулж энэхүү ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэж НАЗХГ-ын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2/1588 тоот албан бичгийг хүргүүлсэн. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2017 оны 8 дугаар сарын 15-ны 01/1681 тоот албан бичгээр “НАЗХГ-т Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/486 дугаар захирамжаар танай байгууллагад Захиалагч хийх үүрэг даалгавар өгөгдсөн. Манай албаны зүгээс 2016 оны 5 дугаар сард тухайн ажлын зураг төсөлд саналаа тусгаж зөвшилцсөн. Цаашид Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж байгаагийн хувьд Улаанбаатар хотын зам талбайн шинэчлэл, өргөтгөлийн ажилтай уялдуулан ус зайлуулах системийг цогцоор нь шийдэх чиг үүргийнхээ хүрээнд мэргэжлийн усны барилга байгууламжийн асуудал хариуцсан инженертэй байх шаардлагатай” гэсэн хариу өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр НАЗХГ дээр хэлтсийн дарга Ж.Даваасүрэн, мэргэжилтэн Ө.Тамир нартай уулзахад төслийн ажил төсөл болох хэмжээнд хүрээгүй, хэсэг хэсгээр салгаагүй тул Захиалагчийн гарын үсэг зурахгүй гэсэн. Түүнийгээ албан ёсоор мэдэгдэхийг хүсэхэд Газрын орлогч дарга Б.Индрагийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний 2/1957 тоот албан бичгээр барилгын ажлын дэс дарааллын дагуу бүх зураг төслөө хувааж, хувилж, дэвтэрлэж ирүүлэх шаардлага тавьсан. Түүнийг үндэслэн төслийн даалгавар болон гэрээнд тусгагдаагүй ажил болох магистрал шугамын барилгын ажлын зураг төсөл, төсөв болон инженер геологийн тайланг 17 хэсэгт хувааж хувилан, шугам бүрд тохирсон барих технологи, нэг загварын зургуудыг нэмж хувилан нийтдээ 2008 хуудас төслийг хүргүүлсэн ба 2017 оны 2 сард хүлээлгэн өгсөн топозураг, инженер геологийн 554 хуудас тайлантай нийлээд 2562 хуудастай төсөл болгон 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 174/17 тоот албан бичгээр хүлээлгэн өгсөн. Гэтэл бидний ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352.5.1, 351.1 дэх хэсэгт заасны дагуу төслийн ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжилж байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэнэ”, 224 дүгээр зүйлд “хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах” гэж заасан. Бид төслийн урьдчилгаанд хариуцагчаас 78 711 996 төгрөг авсан. Гэрээнд заасан ажлын хөлс болох 265 438 000 төгрөгөөс уг 78 711 996 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 185 638 000 төгрөгийг хариуцагч бидэнд төлөх ёстой. Уг төлбөрөөс гэрээний тусгай нөхцөлд зааснаар алдангийг 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 10 сар хүртэл тооцвол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуульд нийцүүлэн 185 638 000 төгрөгийн 50 хувь 92 819 000 төгрөг, нийт 278 457 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тендерт шалгарч манай байгууллагатай 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр НХААГ-15/0101 дугаартай “Борооны ус зайлуулах төв магистрал шугамын /Төв ба Зүүн хэсэг/ зураг төсөл боловсруулах” ажлын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу “У э” ХХК нь ажлыг хийсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 28-нд буюу тухайн оны ажлын хамгийн сүүлийн өдөр 17 цагт гүйцэтгэгч нь зураг төслийг бүрэн бус байдлаар ирүүлсэн буюу экспертизээр оруулж батлагдаагүй, захиалагчтай эцсийн байдлаар зөвшилцөөгүй зураг төсөл байсан тул зураг төслийг хүлээлгэн өгсөн гэж ойлгохгүй. Харин сунгасан гэрээ ёсоор зураг төслийн ажлыг бүрэн дуусгаж 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Үүнээс хойш ирүүлсэн зураг төслийг манайх хянаж, алдаа дутагдлуудыг санал солилцон улмаар албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. Захиалагчийн зүгээс уг зураг төсөл нь шаардлага хангахгүй байгаад байсан тул хүлээн авах боломжгүй байна. Тус зураг төслийг хүлээлгэж өгнө гэдэг нь Улсын экспертээр батлагдсан, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан зураг төслийг албан ёсоор хүлээлгэн өгөх үйл явц болохоос бус зураг төслийн явцын хяналтын үе шат биш юм. Энэ нь Зөвлөх зураг төслийг дуусгаж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 211/16 тоот албан бичгээр хүлээлгэн өгсөн гэсэн үг биш. “НАЗХГ-аас магистраль шугамын төслийг Барилгын тухай хуулийн дагуу Улсын магадлал хийлгэн баталгаажуулах ажлыг саатуулсан” гэдэг нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан заалт нь тус хуулийн 37.1 дэх заалт нь барилгын ажлын захиалагчийн чиг үүрэгт хамаарна. Нөгөө талаас манай байгууллага нь зөвхөн зураг төслийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул тус хуулийн заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Барилгын ажил нь хаанаас захиалагдах, хэзээ хэрэгжих зэрэг нь тусдаа ажил юм. Мөн “У э” ХХК-тай байгуулсан НХААГ-15/0101 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн {1.5(ё)}-ийн 1.5.4-д заасны дагуу “Захиалагч Зөвлөхийн өмнөөс ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй, өөрөөр хэлбэл Зөвлөх зураг төсөл боловсруулахад, ялангуяа техникийн нөхцөлд шаардлагатай төлбөр, бусад аливаа татвар хураамжийг тооцож тендерт орсон гэж үзнэ” гэж заасан болно.

Зургийн даалгаварт манай газрын санал тусгагдаагүй бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 59/2015 дугаартай “Борооны ус зайлуулах төв магистраль шугамын нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах зургийн даалгавар”-ыг Нийслэлийн захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсээс боловсруулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар баталгаажуулсан. Зураг төслийн ажилд хяналт тавих үйл ажиллагаа нь нэлээдгүй цаг орсон, зураг төслийн норм дүрмийг мөрдүүлэх, инженерийн шийдэл нь зохистой байх талаас маш их анхаарал хяналт шаарддаг ажил юм. Иймд нэг удаагийн зураг төсөлд санал өгснөөр тухайн зураг төсөл нь хамгийн сайн шийдлээр хийгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд манай газрын захиалгатай бүхий л ажлууд Зөвлөхтэй олон дахин эргэн харилцаж зөвшилцөх зарчмаар явагддаг. 2017 оны эхээс удаа дараа уулзалт, хурал зохион байгуулж үүрэг даалгавар өгсөн боловч захиалагчийн шаардлагад нийцсэн дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн байна. Энэ талаар хүргүүлсэн албан бичгээс дурдвал, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/22 тоот албан бичгээр 2016 сарын 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан хурлаар хэлэлцсэн санал, шийдвэрийн дагуу албан хариуг болон трассын хувилбаруудын харьцуулалтыг ирүүлэх тухай мэдэгдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/73 тоот албан бичгээр “Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм”, БНбД 11.01.98 -ийн 1.13, 17. 2.1 дүгээр заалт, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх. “магадлал хийх дүрэм”, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын 3.2.1, 3.2.4, 4.1.1 дүгээр заалтыг мөрдөж ажиллах тухай, зураг төсөл боловсруулах тухай холбогдох норм дүрэмд нийцүүлэн ажиллаж магистраль шугамын батлагдсан трассыг ирүүлэх тухай сануулж, гэрээний нөхцөлийг үндэслэн, захиалагчтай зөвшилцөж баталгаажуулсан, магадлал хийлгэсэн зураг төслийн иж бүрдлийг хүлээн авахыг мэдэгдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/99 тоот албан бичгээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурал болон 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай мэдэгдсэн. Гэвч хурлаас гарсан шийдвэрүүдийг үл хэрэгсэн тус компани нь өөрийн оновчгүй зураг төслийг тулгасаар байна. Иймээс Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2/246 тоот албан бичгээр хүргүүлсэн. Үүний дагуу мэргэжлийн зөвлөлийн хурлаас зөвлөмж ирүүлсэн. Үүнд “Өөрийн урсгалтай хоолойд 26 км урт шугам уртын дагуу 5-7 м гүнд тавьсныг эргэн харж багасгах боломжтой гэж үзэж байна” гэж ирүүлсэн. Энэ нь манай газраас зөвлөхөд тавьсан шаардлагатай яв цав нийцэж байсан. Гэтэл тус байгууллага нь захиалагчийн удаа дараа хурал зохион байгуулж тавьсан шаардлага болон Мэргэжлийн зөвлөлийн хурлын зөвлөмжийг үл хэрэгсэн өөрийн дураар зураг төслийг гүйцэтгэж уг асуудалд ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй болно. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн уулзалтаар мөн л манай байгууллагын тавьсан шаардлагыг хангаагүй бүрэн бус зураг төсөл санал болгож байсан бөгөөд үүрэг хүлээсэн мэргэжлийн компанийн хувьд ёс зүйгүй. Цаашилбал албан тушаалтныг зураг төслийг хүлээн аваагүйн төлөө гүтгэлгийн шинжтэй асуудал үүсгэж байгаад харамсаж байна. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар Захиалагчийн удаа дараа тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зураг төслийг жижиг төсөл болгон хуваагаагүй, ажил гүйцэтгэх технологи оновчгүй гэж үзэн гарын үсэг зураагүй. Үүний дараа “У э” ХХК-д дараах шаардлагыг хүргүүлсэн болно. Үүнд:

1. Зураг төслийг “Барилгын ажил гүйцэтгэх дэс дараалал ба техникийн шаардлага” хэсэгт жагсаасны дагуу хэсэгчлэн хувааж зураг төсөл, тайлбар бичиг, техникийн шаардлага, инженер геологийн дүгнэлт, геодезийн ажлын тайлан, хяналтын төсөв зэргийг тус бүрд нь дэвтэрлэж ирүүлэх.

2.Барилгын ажпын технологийг өөрчлөх, газар доогуур туннель ухах далд аргыг судалж зураг төсөлд тусгах байсан. Ингээд “У э” ХХК-ийн ирүүлсэн иж бүрдлийг 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан. “У э” ХХК нь уг ажлын төлөө тендерт өрсөлдөхдөө 2 сарын хугацаанд зураг төслийг гүйцэтгэхээр ирүүлсэн байсан. Захиалагчтай анх гэрээг хийж 2 сарын хугацаанд зураг төслийг хүлээлгэн өгөх ёстой байтал гэрээг сунгаж 1 жил хүртэл ажлыг сунжруулж гэрээний 3.1.1 дэх заалт ёсоор хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Улс, нийслэлийн төсвийн байдал хүнд байгаа үед нийтийн эрх ашигт харшилсан хэт өндөр үнэ, зохисгүй инженерийн шийдэл бүхий бүрэн бус зураг төсөл ирүүлсэн, барилгын ажил нь хэрэгжихэд нэн хүндрэлтэй зэрэг нөхцөл байдал үүсгээд байгаа тул зураг төслийг манай байгууллагын зүгээс зөвшөөрөх боломжгүй. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бид ажлын иж бүрдлийг л хүлээн авсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу экспертиз хийлгэх үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн нь доголдолтой байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 194 919 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 83 537 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч У э ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 1 550 235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 1 132 549 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У э ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/00205 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...борооны усны төв магистрал шугамын зураг төслийн хүрээнд зохих байгууллагуудтай зөвшилцсөн ... нь зохигчдын тайлбар ... 2016.07.06-ны өдрийн А/582 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж, гүйцэтгэлийн баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдсон” гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс борооны усны төв магистрал шугамын зураг төслийн хүрээнд холбогдох байгууллагуудтай зөвшилцөөгүй ялангуяа захиалагч байгууллага болох Н А з х гтай зөвшилцөөгүй. Зөвшилцөлд хүрээгүйгээр үл барам захиалагчийн зүгээс тавьсан тус шугамын явах трасс буюу байршлыг хэд хэдэн газарт өөрчлөх тухай албан шаардлагуудын удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй зөвхөн өөрийн дураар, өөрийн эрх ашигт нийцсэн трассыг хүчээр тулгаж зураг төсвийг боловсруулсан. Энэ үйл баримт нь “2016 оны 12-р сарын 29-ний өдрийн У э ХХК-ийн гүйцэтгэж буй багц 2, Улаанбаатар хотын борооны ус зайлуулах төв магистраль шугамын зураг төслийн ажлын тухай хэлэлцсэн хурлын протокол, мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “У э” ХХК-ийн гүйцэтгэж буй багц 2, Улаанбаатар хотын борооны ус зайлуулах төв магистраль шугамын зураг төслийн ажлын тухай хэлэлцсэн хурлын протокол зэрэг баримтуудаар нотлогдоно. Мөн нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

2. Мөн шүүх “Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцлийн 3.4-т зөвлөхийн хүлээх хариуцлагын талаарх заалтууд хэсэгт энэхүү гэрээний салшгүй хэсэг болох техникийн буюу зургийн даалгаврыг бүрэн хангасан инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулж захиалагчид хүлээлгэн өгнө”, “эцсийн санхүүжилт гэрээний дүнгийн 60%-ийн төлбөрийг зураг төсөв бүрэн баталгаажиж, экспертээр хянагдаж баталгаажсан ажлын зураг болон төсөв 2 хуулбар хувь, СД файлаар захиалагчид хүлээлгэн өгөхөд” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч “У э” ХХК нь хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зураг төслийн ажлыг хариуцагч Н А з х гт хүлээлгэн өгсөн ...” дүгнэсэн нь гэж хууль бус болжээ. Учир нь ажлын зургийг бүрэн баталгаажуулж, экспертээр хянуулж баталгаажуулахын тулд тулд юуны өмнө захиалагчтай зөвшилцсөн трассын дагуу хийгдсэн, ажлын зургийг өгч хянуулж баталгаажуулсан байх журамтай байдаг бөгөөд энэхүү журмыг зөрчиж хариуцагч буюу Н А з х гтай зөвшилцөөгүй, хянуулж баталгаажуулаагүй болно. Гэрээний тусгай нөхцөлд “зургийн даалгаврыг бүрэн хангасан инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулж захиалагчид хүлээлгэж өгнө” гэж заасан бөгөөд зургийн даалгаврын 9-д буюу Онцгой нөхцөлд “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө..., Гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулах”, “Барилга байгууламжийг барих явцад хамгаалалтын зурваст хамрагдах барилга байшин, хашаа, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зардлыг тооцож төсөвт суулгаж өгөх” гэж тус тус заасан боловч энэ талаар арга хэмжээ аваагүй. Нүүлгэн шилжүүлэхээс өмнө Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу газар чөлөөлөхөд мөн маш их хэмжээний зардал хөрөнгө шаарддаг байтал энэ асуудлыг мөн орхигдуулсан.

3. Хариуцагч Н А з х г нь нэхэмжлэгч “У э” ХХК-ийн дээрх гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаас хойш тус байгууллагад тодорхой үүрэг даалгавар өгсөн, шаардлага тавьсан байх ба үүний дагуу нэхэмжлэгч “У э” ХХК тодорхой ажлуудыг нэмэлтээр хийж тавьсан шаардлагуудыг биелүүлж, ажлын үр дүнг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, гэрээний 3.4-т зааснаар эцсийн байдлаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгчээ. Дээрх байдал нь зохигчдын тайлбар, ... Улаанбаатар хотын борооны ус зайлуулах төв магистраль шугамын зураг төслийн ажлын тухай хэлэлцсэн хурлын протоколууд, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Инженерийн байгууламж, шугам сүлжээний инженерийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, ... Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон гэсэн нь мөн үндэслэлгүй болсон. Гэтэл шүүхийн дурдсан дээрх баримтууд нь зургийн ажлын урьдчилгаа төлсөн болон ажлын дутагдлуудыг засах, олон улсад хэрэгжсэн ижил төстэй төслүүдийг судлах, шинэ техник технологи хэрэглэх, дээрх шугамын трассыг захиалагчтай зөвшилцөн батлах тухай баримтууд байгаа бөгөөд нэхэмжлэгчийг зургийн ажлыг хууль болон гэрээний дагуу доголдолгүй хийж, бүрэн баталгаажуулсан гэдгийг нотлохгүй. Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцүүлэхэд “Өөрийн урсгалтай хоолойд 26 км уртын дагуу 5-7 метр гүнд тавьсаныг эргэн харж багасгах боломжтой” гэсэн зөвлөмж ирүүлсэн нь захиалагчийн байр суурь, шаардлагатай нийцэж байсан болно.

4. Мөн “Н А з х г нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй бөгөөд нэгэнт хүлээн авсан нь тогтоогдсон тул ... үлдэгдэл төлбөрийг төлөх хууль зүйн үүрэгтэй...” гэсэн нь мөн үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчаас ажлын үр дүнг хүлээн авах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, нэхэмжлэгч ажлыг гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй, захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан зураг нь хэт өндөр өртөгтэй хэрэгжих боломжгүй ажил болсон бөгөөд аль болох бага өртөгтэй ижил төстэй өөр бусад оронд хэрэгжсэн төслүүдийг судлах, шинэ техник технологи ашиглах талаар шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч биелүүлээгүй.

5. Түүнчлэн Улаанбаатар хотын борооны усны төв магистрал шугамын зургийн трассыг хийхдээ захиалагчийн тавьсан шаардлагыг хүлээж аваагүйгээс тухайн трассын дагуу байрлах олон зуун иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газар өртөхөөр уг зурагт тусгагдсан. Уг шугамыг 5-7 метрийн гүнд хийх учраас уг трассын дагуу байрлах барилга байгууламжийн бат бөх байдалд нөлөөлөх тул гүний буюу сүвлэх аргаар хийх талаар мөн шаардлага хүргүүлж, удаа дараагийн хурлууд дээр анхааруулж байсан Улаанбаатар хотын борооны ус зайлуулах төв магистраль шугамын зураг төслийн ажлын тухай хэлэлцсэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас шийдвэр гарч “У э” ХХК-д зураг төслийг “Барилгын ажил гүйцэтгэх дэс дараалал ба техникийн шаардлага” хэсэгт жагсаасны дагуу хэсэгчлэн хувааж, зураг төсөл, тайлбар бичиг, техникийн шаардлага, инженер геологийн дүгнэлт, геодезийн ажлын тайлан, хяналтын төсөв зэргийг тус тусд нь дэвтэрлэж ирүүлэх, барилгын ажлын технологийг өөрчлөх газар доогуур тунель ухах далд аргыг судалж зураг төсөлд тусгах тухай шаардлагыг хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс энэ нөхцөл байдлыг ямар нэгэн байдлаар хүлээж аваагүй, энэ талаар шүүхэд тайлбар өгсөн боловч шүүх үүнд ач холбогдол өгөөгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч “У э” ХХК нь хариуцагч Н А з х гт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 278 457 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй, зөвхөн иж бүрдлийг л хүлээн авсан, хийсэн ажил нь доголдолтой, хэрэгжих боломжгүй зураг төсөл учир үлдэгдэл ажлын хөлс болон алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Авто замын хөгжлийн газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерт нэхэмжлэгч “У э” ХХК нь шалгарч, гэрээ байгуулах эрхтэй болж 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкинд гүйцэтгэлийн баталгаа болох 13 271 900 төгрөгийг байршуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 1 дэх хавтас 31 дүгээр тал/

 

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Багц-2 борооны ус зайлуулах төв магистрал шугамын /Төв, урд зүүн хэсэг/ зураг төсөв боловсруулах ажлын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч  “У э” ХХК нь 265 438 000 төгрөгийн өртгөөр зургийн даалгавар болон үйлчилгээний цар хүрээнд зөвлөх үйлчилгээг үзүүлж уг ажлыг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч Н А з х г нь 2015 онд 79 800 000 төгрөг, үлдэгдэл 185 638 000 төгрөгийн хөлсийг тухайн онуудад батлагдсан хөрөнгийн дагуу гүйцэтгэлээр нь төлөхөөр тохиролцжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн. /хэргийн 1 дэх хавтас 22-30 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаярын боловсруулсан 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Борооны ус зайлуулах төв магистраль шугамын нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах зургийн даалгавар”-ын дагуу нэхэмжлэгч нь ажлыг эхлүүлж, тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээг дүгнэхэд ажлын 70 хувийг гүйцэтгэсэн болох нь талуудын хоорондын гэрээ дүгнэсэн протоколоор тогтоогдож байна. /хэргийн 1 дэх хавтас 16, 21 дүгээр тал/ Түүнчлэн, нэхэмжлэгч “авто замын трасст орсон цахилгааны АДШ шилжүүлэх техникийн нөхцөл 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гарсан, газар олголтын захирамж мөн оны 7 дугаар сарын 06-ны өдөр гарсан” гэсэн үндэслэлээр гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу талууд гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. /хэргийн 1 дэх хавтас 21 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “У э” ХХК нь хууль болон гэрээнд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын үр дүнг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан хурлаар хэлэлцүүлж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 211/16 дугаар албан бичгээр зураг төслийн ажлыг хариуцагч Н А з х гт хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Н А з х г нь гэрээний тусгай нөхцөлийн 6.4-т зааснаар нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 78 711 996 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 54, 101, 2 дахь хавтас 206 дугаар тал/

 

Хариуцагч Н А з х г нь нэхэмжлэгч “У э” ХХК-ийн дээрх гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/73, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/22 дугаар албан бичгүүдээр тодорхой үүрэг даалгавруудыг өгч, зарим зүйлийг тодруулах шаардлага тавьсан байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь тодорхой ажлуудыг нэмэлтээр хийж, тавьсан шаардлагуудыг биелүүлж ажлын үр дүнг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, гэрээний 3.4-т зааснаар эцсийн байдлаар хүргүүлснийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Инженерийн байгууламж, шугам сүлжээний инженерийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж зураг төслийн ажлыг зарчмын хувьд дэмжиж зохих байгууллагад хүргүүлж, магадлан хянуулахаар шийдвэрлэн тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 151-167 дугаар тал/ Түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2/1588 дугаартай албан бичгээр хариуцагч нь зураг төслийн ажлыг хянан баталгаажуулж өгөх хүсэлтийг Улбаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэний хариуд тус албанаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/1681 дүгээр албан бичгээр дээрх мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн талууд гэрээний дагуу асуудлыг өөрсдөө шийдвэрлэхийг мэдэгдсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 115, 171, 2 дахь хавтас 156-157 дугаар тал/ Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

 

Харин хариуцагч Н А з х г нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зөвхөн дээрх зураг төслийн ажлын иж бүрдэлийг хүлээн авсан, нэхэмжлэгч зургийг экспертизээр баталгаажуулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хийсэн ажил нь доголдолтой, бидний тавьсан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй, цаашид хэрэгжих боломжгүй төсөл учир хөлс төлөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзал, түүний үндэслэлийг баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 1 дэх хавтас 115, 2 дахь хавтас 217 дугаар тал/

 

Мөн талууд гэрээний 5 дугаар зүйл болон гэрээний тусгай нөхцөлийн 3.4 дэх заалтуудад гүйцэтгэгч зураг төслийг экспертизээр баталгаажуулан захиалагчид ирүүлж, ажил хүлээлцэх акт үйлдэхээр тохиролцсон байх боловч барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг захиалагч хариуцах үүрэгтэй болохыг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн дээрх зураг төслийн ажлын үр дүн доголдолтой болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг захиалагч буюу хариуцагч хүлээн авснаар зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, гэрээний 6.4-т зааснаар үлдэгдэл төлбөр 185 638 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 3.8-д “Хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,5 хувийн алданги ноогдуулна.” гэж тохиролцсоны дагуу шүүх нэхэмжлэгч “У э” ХХК-иас хариуцагч ажлыг эцсийн байдлаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэл гаргасан өдөр буюу мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 10 хоногийн алданги 9 281 900 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй тул хариуцагчаас 194 919 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 83 537 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                             С.ЭНХТӨР