| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00463/И |
| Дугаар | 00500 |
| Огноо | 2019-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 00500
| 2019 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2019/00500 | Ховд аймаг |
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жргалант сумын Наран багийн 23 дугаар гудамжны 05 тоот, ... регистрийн дугаартай, Хүүхнээ овогт Т-ын Сын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Х ХХК-ний захирал Б.Од холбогдох Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6
дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай гэрээ байгуулж гүйцэтгэгч талаас "Х ХХК, захиалагч талаас Т.С би гарын үсэг зурж баталгаажсан. Тухайн үедээ төлбөр тооцооны талаар харилцан тохирч Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт баригдаж буй Гэрэлт нарны хороолол"-д 68 мкв талбайтай 3 өрөө байрны үнийг 2 тал 900,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа 13,000,000 төгрөгийг Голомт банкны Т.С өөрийн данснаас Х " ХХК-ны данс руу 2018 оны 11 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 6 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 19-ны өдөр 3,500,000 төгрөг, 2018 оны 10 сарын 17-нд 3,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 20-нд 5,000,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 13,000,000 төгрөг төлсөн. Би жирэмсэн тул дулаан шинэ байранд орох шаардлагатай тухайгаа ярихад Х ХХК-ны захирал Б.О, менежер Ц.Отгонбаяр /Татварын хэлтэсийн татварын байцаагч/ гэх хүмүүс нь дээрхи гэрээний 4.1-д орон сууц баригдаж ашиглалтанд орох хугацаагаа 2018 оны 10 сарын 20-ны өдөр ашиглалтанд найдвартай орно гэрээнд хүртэл тодорхой заалт оруулсан гэхээр нь итгэж 13,000,000 төгрөг төлсөн бөгөөд 8,500,000 төгрөгийг буцаан өгсөн. Х ХХК-ны захирал Б.О, менежер Ц.Отгонбаяр нартай утсаар холбогдох гэхээр утсаа авдаггүй, сүүлд Х ХХК-ны захирал Б.Отай арай хийж нэг холбогдоход надад чамд буцааж төлөх мөнгө байхгүй шүүхдээ ханд гэж хэлсэн. Улмаар зөвшилцөөнд хүрээгүй бөгөөд би жирэмсэн төрөх дөхсөн байсан тул шинээр баригдсан орон сууц худалдан авсан одоо шинээр худлдаж авсан байрандаа амьдарч байна. Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 сарын 13-ны 201 дугаартай гэрээний 5.2-д Гэрээтэй холбоотой гарсан аливаа маргааныг 2 тал тохиролцон шийдвэрлэх ба тодорхой шийдвэр гаргаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар эцсийн шийдвэр гаргуулах болно гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 201 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, Х ХХК-аас орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 сарын 13-ны 201 дугаартай гэрээний урьдчилгаанд өгсөн үлдэгдэл 4,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х ХХК-ний захирал Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 16 айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулаад байна. Дээрх байрны 2 давхарын 7 тоотод оршин 68мкв 2 өрөө байрыг иргэн Т.С нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, захиалга өгсөн бөгөөд урьдчилгаа гүйцэт биш цувуулж өгнө, жирэмсэн гэж гуйсан. Тухайн байрыг барьж байх явцад Т.С нь барилгын өрөөний зохион байгуулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргаж бид өөрсдөө зардлаа нэмэгдүүлж, захиалагчийн хүслээр өрөөг өөрчилж барьсан. Гэвч Т.С нь өөрөө гэрээгээ цуцалж, өөр байранд орж бидний ажилд тухайн үед хүндрэл учруулсан байгаа. Энэ бүгдийг захиалагч Т.Соос нэхэмжлэхгүйгээр айлуудын зээл гарахаар үлдэгдлийг нь өгье гэсэн боловч шүүхэд ханджээ.
Бид нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор бүрэн төлж, барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Х ХХК-ний захирал Б.Од холбогдуулан Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Сын нэхэмжлэлтэй Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х ХХК-ний захирал Б.О нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Х ХХК-ний захирал Б.О нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х ХХК-ний захирал Б.Оас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Сод олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Сын нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-ний захирал Б.Од холбогдох Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Х ХХК-ний захирал Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох Орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай гэрээг хүчингүй болгуулах, урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х ХХК-ний захирал Б.Оас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Сод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА