Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 00501

 

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00501

Ховд аймаг

 

      Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Т банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, ... регистрийн дугаартай, Хулгай цувдаг овогт О-ын Нт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 4,244,320 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Хүрэлбаатарын Балгандамба, Оршихын Н нар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 111600100085-20171110 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан, 5,079,500.00 /Таван сая далан есөн мянга таван зуу/ төгрөгийг жилийн 18% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд тэтгэврийн дэвтрийг барьцаалсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 111600100085-20180510 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан, зээлийн үлдэгдэл дээрээ 1,710,000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд мөн тэтгэврийн дэвтрийг барьцаалсан болно. Зээлдэгч Х.Балгандамба нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хамтран зээлдэгч эхнэр О.Н нь одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй тэтгэвэрт байдаг бөгөөд Хаан банкинд мөн тэтгэврийн зээлтэй байгаа тул Т банкинд байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдэлийг хүүгийн хамт эргүүлэн төлөхөд хүндрэлтэй байгаа боловч банк зээлийн хүүг зогсоож өгвөл үр хүүхдүүдтэйгээ хамтран хуримтлагдсан хүү болон үндсэн зээлийн төлбөрийг банктай харилцан тохиролцож цаашдаа сар бүр тогтмол дүнгээр төлж барагдуулан банкийг хохиролгүй болгохоо албан ёсоор мэдэгдэж бичгээр хүсэлт гаргасан юм. Иймд зээлийн гэрээний 3 дах заалт, 3.1.2 дахь заалтыг үндэслэн банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж, хамтран зээлдэгч эхнэр О.Наас үндсэн зээлийн үлдэгдэл 3,973,878.54 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 270,441.49 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөр 4.244,320.03 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 82,859 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Х.Балгандамба, О.Н нар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр банктай тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан 5,079,500 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай мөнгийг зээлсэн. Зээлийн барьцаанд тэтгэвэрийн дэвтрийг барьцаалсан. Мөн 2018 оны 4 сарын 11-ний өдөр тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр 1,710,000 төгрөгний зээлийг нэмж жилийн 18%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Х.Балгандамба нь 2018 оны 5 сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. Иймд хамтран зээлдэгч эхнэр О.Наас үндсэн зээлийн үлдэгдэл 3,973,878 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 270,441.49 төгрөг, нийт зээл зээлийн хүүгийн төлбөр 2,244,320 төгрөгийн зээлийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк нь хариуцагч О.Нт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр 4,244,320 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т банкны нэхэмжлэлтэй зээл, зээлийн хүү нийт 4,244,320 төгрөгийг төлөхийг хариуцагч О.Н нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч  О.Н нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,859 /наян хоёр мянга найман зуун тавин ес/ төгрөгийн тал хувь болох 41,429 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 41,429 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Наас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,429 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т банканд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т банкны нэхэмжлэлтэй, хариуцагч О.Над холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 4,244,320 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,244,320 /дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга гурван зуун хорь/ төгрөгийг нэхэмжлэгч Т банканд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,859 /наян хоёр мянга найман зуун тавин ес/ төгрөгийн тал хувь болох 41,429 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 41,429 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Наас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,429 /дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т банканд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх учиртайг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА