Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

                                       

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ариунболд, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******т холбогдох эрүүгийн 2236002580012 дугаартай, 178/2023/0113/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* 3 дугаар гудамжны 23в тоотод  оршин суух, урьд Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх, Нүүдэлч ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПК*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах - байрны гадна байсан Ч.*******гийн өмчлөлийн улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ч.*******д 2,395,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-13-р хуудас/

Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр таксинд явж байгаад архи уугаад согтсон байсан тул найз Ц.*******ыг миний машин бариад яв гээд машинаа бариулаад явж байгаад оройхон гэртээ ирсэн. Маргааш өглөө нь машинаа асаах гэтэл түлхүүр байхгүй байсан. Ц.******* луу залгаад асуухад “ машин дотор чинь түлхүүрийг нь үлдээсэн” гэж хэлсэн. Би түлхүүрээ олохгүй 7 хонож байтал 2023 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед Ц.******* над руу залгаад “ би машиныг чинь асаагаад унаад явж байна” гэж хэлэхээр нь би “ машинаа авмаар байна” гэхэд “ хотоос хүмүүс ирсэн, би гаргаж өгчихөөд аваачаад өгье” гэж хэлээд утсаа унтраасан байсан. Тэр өдөр Ц.******* луу залгасан боловч утсаа асаагаагүй. Орой 23 цагийн үед над руу залгаад “ би Авид дэлгүүрийн үүдэнд байна” гэхээр нь яваад очиход миний машин Авид дэлгүүрийн үүдэнд Приус-20 маркийн машинтай мөргөлдсөн байдалтай байж байсан. Ц.******* “ би согтуу барьж яваад осол гаргачихлаа” гэсэн. Тэр үед машиныг авч явах боломжгүй байсан тул Ц.*******ын хашаанд үлдээсэн.Ц.******* цагдаа дээр асуудлаа шийдүүлчихээд чиний машины хохирлыг өгнө гэчихээд өдий хүртэл явсан. Хохирлоо гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

Шийтгэлийн хуудас / хэргийн 40-р хуудас/

Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би тухайн үед Ч.*******д хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Улаанбаатар хот руу яаралтай хүн гаргаж өгөх ажил гараад миний машины бензин дууссан байсан тул Ч.*******гийн машиныг унаж явсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирлыг барагдуулна...гэх мэдүүлэг / хэргийн 61-62-р хуудас/

 

 1.2. Вендо компаний хохирлын үнэлгээ тогтоосон тайлан... / хэргийн 30-р хуудас/ хэрэгт авагджээ.

1.3.Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2022 оны 03 дугаар  сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд шүүгдэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах - байрны гадна байсан Ч.*******гийн өмчлөлийн - улсын дугаартай Toyoto Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            2.1. Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаа олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд нь халддаг, материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагдана.

            Дээрх эрүүгийн хэргийн тухайд шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ч.*******гийн  тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж осол гаргасны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх бөгөөд энэ нь эрүүгийн хэргийн шинжид хамаарахгүй учраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу Ц.*******т эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан байна.

            Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ч.*******гийн “Toyoto Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч Ч.*******гийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2.5. Хохирогч Ч.*******гээс “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулж авна” гэх тайлбарыг өгсөн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас хохирлын 2,395,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1.Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 73-р хуудас/, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хэргийн 67-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 68-р хуудас/, Дорноговь  аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 78-81-р хуудас/, гэрч Я.Батчимэгийн өгсөн...Ц.******* эцэг эхээс 4-үүлээ, дороо 3 дүүтэй, эхнэр 4 хүүхдийнхээ хамт амьдардаг, хувиараа машин засдаг.... гэх мэдүүлэг / хэргийн 72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гудамжны 23в тоотод амьдардаг, урьд  1 удаа гэмт хэрэгт холбогдож  байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй гэх  хувийн байдал тогтоогдсон.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогчид учирсан 2,525,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг тус тус байхгүй гэх санал, дүгнэлт

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: миний бие нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас хохирлын 2.525.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ялыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Нүүдэлч ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нүүдэлч ургийн овогт *******гийн *******ыг 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т тайлбарласугай.

4.Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас хохирлын 2,525,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгосугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх   ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС