Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00508

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2019/00508

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко гудамжны 2-3 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Боржгон овогт Я-ийн Б-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч Я.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Б нь 1965 онд төрсөн. 1983 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийг төгсөж, 1983 онд Санхүү, эдийн засгийн техникумд элсэн орж, 2 жил сураад 1985 оны нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Ингээд 1986 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөр Ховд аймгийн Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 1990 оны 8 дугаар сард Барилга, цахилгаан, сантехник, засварын анги хувьчлагдсан. Үүнтэй холбогдуулан Барилга, цахилгаан, сантехник, засварын ангиас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тухайн үед аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн харъяа Тээврийн удирдах газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны зааварлагч нягтлан бодогчоор ажилласан. Ингэхдээ тухайн үеийн Тээврийн удирдах газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0013 тоот тогтоолоор зааварлагч нягтлан бодогчоор томилогдсон. Тэгээд уг байгууллагад ажиллаж байгаад 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн удирдах газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 08 дугаар тогтоолоор намайг аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэст шилжүүлж, намайг ажлаас чөлөөлсөн. 1991 оны 3 дугаар сараас хойш Ховд аймгийн Хөдөлмөр нийгэм халамжийн газарт нягтлан бодогч, байцаагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, захиргааны хяналтын албаны дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Иймд намайг 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн харъяа Тээврийн удирдах газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны зааварлагч нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.Б нь 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн харъяа Тээврийн удирдах газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны зааварлагч нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Тээврийг удирдах газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлын 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0013 дугаартай Зааварлагч нягтлан бодогчийг батлах тухай тогтоолын хуулбар,

-Тээврийг удирдах газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай тогтоолын хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1103 дугаартай Ховд аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн 1990-1991 он, аймгийн Тээврийн удирдах газрын Үйлдвэрчний эвлэлиййн хорооны 1990-1991 оны баримтууд тус архивын сан хөмрөгт байхгүй байна гэх албан бичиг,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаартай Я.Б нь 1990-2000 оны ажилласан жил нөхөн даатгалд хамрагдаагүй гэх албан бичиг,

-Улсын бүртгэлийн хэлстийн Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Тээврийг удирдах газар нь компани болж өөрчлөгдсөн бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна гэх лавлагаа,

-Я.Бын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Б.Оюуны шүүхэд өгсөн ...би 1978 оны 1 дүгээр сараас эхлэн аймгийн Тээврийг удирдах газарт ажиллаж байсан. Тээврийг удирдах газар нь үйлчилгээний парк, шатахуун тээврийн бааз, ачаа тээвэр гэж хуваагдсан. Ингээд би үйлчилгээний паркт ажиллаж байгаад шатахуун тээврийн баазад ажилласан. Би уг газарт 1995 он хүртэл ажилласан. Би Я.Бтой Тээврийг удирдах газар хуваагдаагүй байхад 1990, 1991 онуудад хамт ажиллаж байсан. Я.Б нь аймгийн Тээврийг удирдах газарт анх 1990 он 8 дугаар сард зааварлагч, нягтлан бодогчоор томилогдож, 1991 оны 2 дугаар сар хүртэл ажилласан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Бөхчулууны шүүхэд өгсөн ...би 1989 онд бааз буюу аймгийн Тээврийг удирдах газарт хүний эмчээр анх томилогдон ажиллаж байсан. Ингээд 1991 онд цомхтголоор ажлаасаа гарсан. Я.Б нь 1990 онд Тээврийг удирдах газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлан бодогчоор анх томилогдсон. Энэ үеэс бид хамт ажиллаж байгаад 1991 онд бид цомхтголд орсон гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Я.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Я.Б нь 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн харъяа Тээврийн удирдах газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны зааварлагч нягтлан бодогчоор ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .. тоот регистрийн дугаартай, Боржгон овогт Я-ийн Б-ын 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн харъяа Тээврийн удирдах газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны зааварлагч нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА