| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00487/И |
| Дугаар | 00509 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 00509
| 2019 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2019/00509 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Чандмань сумын Тахилт багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Жүнод овогт Ж-ийн Дын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Очирбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн Чандмань суманд 1964 онд төрсөн. 1972 онд Ховд аймгийн Чандмань сумын сургуульд элсэн орсон. 1975 онд 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. 1975 оны 6 дугаар сараас Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн алба хаасан. 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөн бичилт хийлгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байна.
Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний анх нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаан улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд хүсэлт гаргагч Ж.Д намайг 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Д нь 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 394 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Чандмань сумын Тахилт буюу 2 дугаар бригадын 1979-1983, Талын булаг буюу 1 дүгээр бригадын Жүгдэр, Д нарын нэр дээрх 1986-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,
- Ж.Дын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
-Гэрч Б.Лхагвадоржийн шүүхэд өгсөн ...Ж.Д нь 1975 онд 4 дүгээр анги төгсөөд эцэг эхийн хамт мал малладаг байсан. Тэрээр Талын булаг бригадын бодын хэсэгт 2 жил ажиллаж байгаад Шинэ зам нэгдлийн Тахилт бригад руу шилжсэн.Манай бригадад ажиллаж байхдаа үхэр хариуцаж ажиллаж байсан. Түүний эхнэр нь саальчин байсан. Би Талын булаг бригадад тоо бүртгэгч байсан гэх мэдүүлэг,
-Гэрч А.Олзвойн шүүхэд өгсөн ...Ж.Д нь 1975 онд 4 дүгээр анги төгсөөд эцэг эхийн хамт мал малладаг байсан. Бид нэг заводод хамт ажилладаг байсан. Тэр үед би саальчин байсан. Дараа нь тэр Талын булаг бригадын бодын хэсэгт 2 жил ажиллаж байгаад Шинэ зам нэгдлийн Тахилт бригад руу шилжсэн. Манай бригадад ажиллаж байхдаа үхэр хариуцаж ажиллаж байсан. Түүний эхнэр нь саальчин байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ж.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Д нь 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПН64110213 тоот регистрийн дугаартай, Жүнод овогт Ж-ийн Дын 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА