| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00461/И |
| Дугаар | 00511 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 00511
| 2019 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2019/00511 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Элжигэд овогт Ц-гийн Ш-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Ц.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1694 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт Цагааннохойн 2 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд мал аж ахуй дээр аав ээжийн хамт ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Цэдэнбалын Ганцоозтой гэр бүл болж тус нэгдлийнхээ Хонгио бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Гурван цаст хоршоо болоход мөн малчнаар ажилласан. Би одоо хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд Ц.Ш намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү
гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ш нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1116 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадын Цагааннохой, Ш нарын нэр дээрх 1980-1981, 1987-1990 оны 70 дугаар дансны хуулбарууд,
-Ц.Шгийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай архивын лавлагаа,
-Ц.Шгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн хэлстийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 4 компани болж өөрчлөгдсөний нэг Гурван цаст ББХХ хоршоо 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдан 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,
-Гэрч Э.Гансүхийн өгсөн ...би 1978 оноос хойш Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Ш бид хоёр хамт сургуульд сурч байгаад би түрүүлээд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарсан. Дараа нь Ц.Ш илгээлтээр гарсан. Бид насаараа мал маллаж байгаа малчин хүмүүс гэх мэдүүлэг,
-Гэрч Л.Жимсээгийн өгсөн ...намайг анх илгээлтээр малчин болж байхад Ц.Ш нь эцэг, эхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад мал маллаж байсан. Тэгээд Ц.Ш нь цэрэгт явсан баг халагдаж ирээд мөн л мал малласан гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ц.Ш нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ц.Ш нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Элжигэд овогт Цагааннохойгийн Шгийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА