| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0748/З |
| Дугаар | 221/МА2025/0100 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0100
Ц.Э-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0948 дугаар шийдвэрийг хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны галийн улсын байцаагч Б.О-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч Ц.Э
Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Ц.Э
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Н
Хариуцагч Б.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0748/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0948 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О-н 2024 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 00948** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Б.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “...Ц.Э-ын нэр дээр импортлогдон ирсэн барааны хилээс дагалдаж ирсэн бичиг баримтыг нягтлахад тээврийн хэрэгслийн жин хэт өндөр байх магадлалтай, хилийн гаалийн байгууллагын авто рентген тоног төхөөрөмжийн зурагт бичиг баримтад мэдүүлснээс илүү хэмжээтэй өөр нэр төрлийн бараа байх магадлалтай байсан. Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2-т “Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ эрсдэл тооцох аргыг хэрэглэнэ” гэж заасны дагуу гаалийн улсын байцаагч бараанд шалгалт хийхдээ барааны дагалдаж ирсэн бичиг баримтыг үндэслэн, эрсдэл тооцон гаалийн хяналт, шалгалтыг хийх үүрэгтэй. Иймд хяналт шалгалтын явцад бараа хүлээн авагч Ц.Э-с хилээс дагалдах бичиг баримтад тусгагдаагүй өөр бараа байгаа эсэх, байгаа бол чингэлгийг нээж гаалийн хяналт шалгалт эхлэхээс өмнө мэдүүлж болох тухай асуухад байхгүй гэдэг хариу өгсөн. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-д заасны дагуу гаалийн байгууллагад бараа мэдүүлж буй этгээд нь барааг бодитой мэдүүлэх зорилгоор багаараа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих эрхтэй, 57.2.1-д гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах үүрэгтэй болох талаар заасан байдаг. Гомдол гаргагч нь гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхээс өмнө бараагаа шалгаж үзэх, хэмжих, бараа ачуулсан талаасаа бүрэн мэдээлэл авах эрхтэй байсаар байтал бараагаа шалгаж үзээгүй, гаалийн байгууллагад мэдүүлсэн. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “Мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ гэж заасан. Үүнд гаалийн автоматжуулсан мэдээллийн системээр илгээгдсэн мэдээллийн дагуу гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн этгээд нь Ц.Э мөн бөгөөд Ц.Э-ын нэр дээр бараа ачуулсан бусад этгээдийг хамааруулж ойлгох эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд дээрх асуудал нь иргэний хоорондын маргаан тул Ц.Э өөрт учирсан хохирлыг гаалийн байгууллагаас биш БНСУ-аас хамт бараа ачуулсан иргэдээс нэхэмжлэх нь зүйтэй.
2.2. Гаалийн хяналт шалгалтын явцад гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11.21.1.1 /Гаалийн мэдүүлэгч барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичиж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох арга хэмжээг авсан. Үүнд гаалийн мэдүүлэгч барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн үйлдлийг болгоомжгүй, хайхрамжгүй, мэдээгүй үйлдсэн бол энэ төрлийн зөрчил биш болно гэсэн ойлголт байхгүй. Мөн бараа мэдүүлэгч, хүлээн авагч Ц.Э-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11.21.1.1-д заасныг танилцуулахад зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02-2141012-24-I390** дугаартай гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлтийг хийж 7,085,047.58 төгрөгийн татварыг Төрийн сангийн 10500000505 дансанд нөхөн төлж, нөхөн төлсөн татварын 50 хувьтай тэнцэх 3,542,523.78 төгрөгийн торгуулийг сайн дурын үндсэн дээр төлж бараагаа гаалийн байгууллагаас хүлээн авсан. Иймд Ц.Э-ын зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох шаардлагагүй, нотлох баримтаар тогтоогдсон, холбогдогч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Хяналт шалгалтын явцад зөрчил илрэхэд бараа хүлээн авагч Ц.Э нь хэвийн бус тогтворгүй болж, хэл амаар доромжилж, хяналтын бүсийн журам зөрчиж, танхайрах үйлдэл гаргасан тул 102 дугаарт дуудлага өгч Баянзүрх дүүргийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн нь гаальд мэдүүлээгүй барааны татварыг нөхөн төлөхөд хамааралгүй гэж үзсэн тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа дурдаагүй. Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0948 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Иргэн Ц.Э-оос Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О-д холбогдуулан түүний үйлдсэн 2024 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 00948** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Ц.Э-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасан “мэдүүлэгт барааг бичихгүй орхисон” зөрчлийг үйлдсэн гэж үзэж 7,085,047.58 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх, тус татварын 50 хувьтай тэнцэх 3,542,523.78 төгрөгийн торгуулийг оногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1. Гаалийн тухай хууль зөрчиж: 1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн; … бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
4. Анхан шатны шүүхээс “... Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр заасан тохиолдлын алийг үндэслэл болгосноо тайлбарлаагүй, .хуульд заасан аль ч үндэслэл бүрдээгүй...” гэж, “... Зөрчилд холбогдогч нь ... барааг гаальд мэдүүлэхээ илэрхийлж, 8 дугаар сарын 19-нд гаалийн 02-2141012-24-1390** дугаартай мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж, 7,085,047.58 төгрөгийн гаалийн татвар ногдсоныг мөн өдөр төлсөн байхад гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон зөрчил үйлдсэн гэж үзэж мөн өдөр шийтгэлийн хуудсаар 7,085,047.58 төгрөгийн гаалийн татвар давхар ногдуулж, 3,542,523.78 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан, ... шийтгэлийн хуудсанд нөхөн татвар, торгуулийн дүнг бичээгүй гардуулсан атлаа зөрчлийн хэрэгт авагдсан шийтгэлийн хуудсанд бичсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөхгүй” гэж тус тус дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
5. Хэрэгт авагдсан “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д Ц.Э нь “... тээврийн зардлыг төлөх учраас миний нэр дээр илгээгдсэн байсан, ямар бараа байгааг мэдээгүй, дагалдаж ирсэн баримтын дагуу мэдүүлсэн” гэж, мөн улсын байцаагчийг “... гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн зөрчлийн үйлдэл болж байгааг ойлгож байна уу” гэхэд “Ойлгож байна. ... үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн ...” гэж хариулан гарын үсгээ зурсан, “Ачаа пүүлэх акт”, “Ачааны манифест” гэх баримтуудад барааны жин зөрүүтэй тусгагдсан, мэдүүлээгүй бараануудыг илрүүлж, тоо ширхгийг тогтоож, фото зургаар харуулсан байдал, 02-2201004-24-I331** тоот гаалийн мэдүүлгийг Ц.Э өөрөөр үйлдэж, дутуу мэдүүлсэн гэх 3365 ширхэг хүүхдийн сорочкин цамц, 5 ширхэг хөдөлгүүр, 5 ширхэг хурдны хайрцгийг мэдүүлсэн, гаалийн татвар, торгуулийг шийтгэлийн хуудсанд бичигдсэн дүнгээр төлсөн баримтууд хэрэгт авагдсан, эдгээр нь бүгд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр огноотой байна.
6. Үүнээс үзвэл хариуцагч нь нэг өдөр хяналт шалгалт явуулж зөрчил илрүүлж, шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль ногдуулж төлүүлсэн үйл баримт болсон нь тогтоогдож байх бөгөөд уг баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь бүрэн үнэлэлгүй, зөвхөн нэмж мэдүүлсэн мэдүүлэг, гаалийн татвар төлсөн баримтыг /торгууль төлснийг үнэлээгүй/ үнэлж, шийтгэлийн хуудсаар давхар татвар ногдуулсан гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхээр заасанд нийцэхгүй байна.
Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлын “... Ц.Э нь өөрөө бараа мэдүүлэхээс өмнө шалгаж үзэж зөв мэдүүлэх боломжтойг сануулахад төлөөгүй, зөрчил илрүүлсний дараа зөвшөөрч, гаальд дутуу мэдүүлсэн бараагаа мэдүүлж, нөхөн татвар, торгуулийг төлсөн, зөрчил илэрсэн учир нөхөн татвар торгууль оногдуулсан нь хуульд нийцсэн ...” гэснийг хүлээж авах үндэслэлтэй байна.
7. Учир нь дээрх баримтуудаас хариуцагч гаалийн улсын байцаагч Б.О нь “Амгалан ложистик” гаалийн хяналтын бүсэд WHLU5559707 чингэлгийн дугаартай БНСУ-аас импортолсон барааг Ц.Э нь өөрийн нэрээр мэдүүлэхдээ зарим барааг мэдүүлэгт бичээгүй, дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан болохыг өөрт нь танилцуулж, ярилцлага хийхэд зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь тэмдэглэл, дутуу мэдүүлсэн барааны тоо ширхэг, фото зургаар тогтоогдсон, энэхүү үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: ... 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” гэж заасанд нийцжээ.
7.1. Мөн дээрх баримтуудаар Ц.Э нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ” гэж, 57 дугаар зүйлийн 57.2-т “Мэдүүлэгч дараахь үүрэг хүлээнэ: 57.2.1.гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах;” гэж заасныг зөрчиж, гаалийн хилээр нэвтрүүлсэн барааг мэдүүлэхээр заасныг зөрчиж мэдүүлэгтээ зарим барааг бичилгүй орхисон зөрчил гаргасан нь тогтоогджээ.
8. Түүнчлэн Ц.Э нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зөвхөн татвар 7,085,047.58 төгрөгийг төлөөд зогсохгүй шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль 3,542,523.78 төгрөгийг төлснөөс үзвэл анхан шатны шүүхийн “дутуу мэдүүлсэн барааг мэдүүлж татвараа төлсний дараа шийтгэлийн хуудсаар давхар татвар ногдуулсан” гэсэн нь тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 55 дугаар зүйлийн 55.1, 57 дугаар зүйлийн 57.2.1, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны галийн улсын байцаагч Б.О-н 2024 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 00948** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ