Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0493

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0493

Улаанбаатар хот

 

Б.Нурбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч С.Энхбат, Б.Зоригт нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Нурбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын нэхэмжлэлтэй, Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбат, Б.Зоригт нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 32 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан Б.Зоригтын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 020160207531850045 дугаар торгуулийн хуудас, Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбатын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02160207111849818 дугаартай торгуулийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар давж заалдах гомдолдоо:

1.   Хууль буруу хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүхийн шүүгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасныг хариуцагч үндэслэн нэхэмжлэгчийг торгосон.

Нэхэмжлэгчийг хуулийн тус заалтын дагуу торгохын тулд буюу маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзэхийн тулд дараах хоёр нөхцөл хангагдсан байх шаардлагатай. Үүнд, (1) нэхэмжлэгч Засаг даргын шийдвэрийг зөрчсөн байх, (2) Засаг даргын шийдвэр нь хууль тогтоомжийн хүрээнд байх. Учир нь, хуулийн тус заалтад Засаг даргын шийдвэрийг зөрчсөн иргэнийг торгох бус гагцхүү хууль ёсны шийдвэрийг зөрчсөн иргэнийг торгох талаар заасан байна. Хуулийн тус заалтын нэршил нь “Төрийн төлөөлөгчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх” гэсэн нэршилтэй байна.

Мөн Засаг даргын хууль ёсны шийдвэрийг зөрчсөн нөхцөлд л торгогдох нь Үндсэн хуулийн “төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэгдэх” зарчмын шаардлага юм. Хэрэв, хуулийн тус заалтыг дээрх агуулгаар тайлбарлахгүй бол Засаг даргын шийдвэр хууль бус байсан ч түүнийг биелүүлээгүй иргэн шийтгэл хүлээж, төрийн үйл ажиллагаа хууль ёсны байх Үндсэн хуулийн зарчим алдагдахад хүрнэ. Анхан шатны шүүх хуулийг тийнхүү буруу агуулгаар тайлбарласнаар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, дур зоргын шийдвэр нийгэмд үйлчлэх явдлыг таслан зогсоолгүй, хууль бус шийдвэр иргэнд торгууль ногдуулах үндэслэл болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. Хуулийг Үндсэн хуулийн зарчимд харш байдлаар буруу тайлбарлаж байгаа нь ардчилал, Үндсэн хуульт ёсны зарчим бүхий улс оронд байж боломжгүй зүйл тул туйлын харамсалтай санагдаж байна. Мөн шүүхэд итгэх итгэлийг минь алдагдуулж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасныг шүүх үндэслэл болгон хэрэглэсэн. Гэвч хуулийн тус заалт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Учир нь, хуулийн тус заалтаар Засаг даргын хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй талаар заасан болохоос шийдвэр болгоныг нь дагаж мөрдөх үүрэгтэй талаар заагаагүй. Иймд шүүх Нийслэлийн Засаг даргын баталсан журам хууль ёсны эсэхийг дүгнэх шаардлагыг үгүйсгэхгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын баталсан журмыг зөрчсөн. Гэвч Нийслэлийн Засаг даргад тээврийн хэрэгслүүдийг улсын дугаартай нь холбогдуулж замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах бүрэн эрх хуулиар олгогдоогүй тул тус журам хууль бус юм. Тухайн журам нь хууль бус тул нэхэмжлэгчийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1 дэх заалтын дагуу торгох үндэслэлгүй.

2. Шүүхийн шийдвэрийн бусад үндэслэлийн талаар: Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18 дахь заалтад улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих гэж зааснаас үзвэл Нийслэлийн Засаг даргын захирамж нь нийгмийн хэв журмыг хамгаалах үүднээс гаргасан журам байх бөгөөд нэхэмжлэгч нь тус журамд захирагдах үүрэгтэй байна” хэмээн дүгнэсэн байна. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18 дахь заалтад “иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих үндсэн эрхийг баталгаатай эдлэнэ” гэж зааснаас шүүгчийн дүгнэлт болох “Нийслэлийн Засаг даргын захирамж нь нийгмийн хэв журмыг хамгаалах үүднээс гаргасан журам бөгөөд нэхэмжлэгч нь тус журамд захирагдах үүрэгтэй” гэх дүгнэлт гарахгүй юм. Тус асуудлууд нь логик, уялдаагүй байна. Иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн заалтаас Нийслэлийн Засаг даргын захирамж нийгмийн хэв журмыг хамгаалах зорилго бүхий болоод түүний нэхэмжлэгч дагаж мөрдөх үүрэгтэй байх агуулга гарахгүй. Шүүгч Үндсэн хуулийн 16.18 дахь заалтыг дээрх байдлаар тайлбарлаж байгаа нь авцалдаагүй, буруу тайлбар бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Шүүгч дээрх дүгнэлтээ дэмжихдээ Үндсэн хуулийн 17.1.1 дэх заалтад “иргэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй” болох талаар заасныг үндэслэл болгосон байна. Гэвч энэ нь үндэслэлгүй, Үндсэн хуулийн тус заалтыг мөн адил буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг юм. Учир нь, Үндсэн хуулийн тус заалтаар иргэнд Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхийг үүрэг болгосон. Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын захирамжийг дагаж мөрдөөгүйг Үндсэн хуулийн тус заалтыг зөрчсөн гэж үзэхгүй” Учир нь, Үндсэн хуулийн тус заалт Засаг даргын шийдвэрийг сахин биелүүлэх агуулгагүй. Үндсэн хуулийн 1.2 дахь заалтад “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн зааж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1 дэх заалтаар Засаг даргын хууль ёсны шийдвэрийг дагаж мөрдөхийг иргэнд үүрэг болгосон тул Засаг даргын захирамж хууль ёсны байх нөхцөлд л иргэнийг буруутгах үндэслэлтэй.

Хэрэв шүүгч Үндсэн хуулийн тус заалтыг Засаг даргын захирамж болгоныг иргэн сахин биелүүлэх үүрэгтэй байх агуулгаар тайлбарлаж байгаа бол Үндсэн хуулийн суурь зарчим, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудад харш байдлаар Үндсэн хуулийг тайлбарласан хэрэг болно. Иймд шүүгчийн тус дүгнэлт Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Шүүгч дараагийн үндэслэлдээ “нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргаагүй тул захирамжийн талаар дүгнэх шаардлагагүй” гэж тодорхойлсон. Энэ нь (1) шүүгчийн өмнөх дүгнэлт, үндэслэлүүдтэй зөрчилдөж байна. Учир нь, шүүгч өмнө “Нийслэлийн Засаг даргын захирамж хууль ёсны байх тул нэхэмжлэгч түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй байна” гэж дүгнэчихээд “Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргаагүй тул тус захирамж хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөхгүй” хэмээн зөрчилдөөнтэй дүгнэлт хийжээ. (2) Нэхэмжлэгч, Засаг даргын захирамжтай маргаагүй нь түүнийг торгосон захиргааны актыг бүрэн дүүрэн хянуулахад хязгаарлалт болох ёсгүй.

Учир нь, юуны өмнө Нийслэлийн Засаг даргын захирамж зөвхөн 2016 оны 02 дугаар сарын тухайн өдрүүдийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсныг бодох хэрэгтэй. Одоогийн байдлаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон. Иймд нэгэнт үйлчлэлгүй байгаа захирамжийг хүчингүй болгуулахаар маргах боломжгүй. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан ч тус захирамжтай маргаагүй нь маргаан бүхий захиргааны актыг хянах хяналтад хязгаарлалт болохгүй юм. Учир нь, Үндсэн хуулийн 49.1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасны дагуу шүүгч маргаан бүхий захиргааны актыг хянах хяналтын хэмжүүр нь зөвхөн хууль байх юм.

Ингэснээр захиргааны акт хуульд нийцсэн эсэх талаас нь бүрэн дүүрэн хянагдана. Хэрэв, шүүгч захиргааны актыг хянахдаа тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараагийн захиргааны актыг /Засаг даргын захирамжийг/ шууд үндэслэл болговол маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх талаас нь бүрэн дүүрэн хянагдахгүй байхад хүргэнэ. Энэ нь захиргааны актыг хуульд нийцсэн эсэх талаас нь бус өөр нэг захиргааны актад нийцсэн эсэх талаас нь хянаж үзсэн хэрэг болно. Ингэснээр, хууль бус захиргааны акт /жич: Засаг даргын захирамж/ маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болоход хүрэх, нэг хууль бус журам дараагийн хууль бус захиргааны актыг дагуулж хууль ёс алдагдах юм.

Шүүгч гагцхүү хуулийг хяналтын хэмжүүр болгох учиртай нь Үндсэн хуулийн шүүх зөвхөн Үндсэн хуулийг хяналтын хэмжүүр болгодогтой ижил юм. /Үндсэн хуулийн 64.2 дахь заалт: Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна./ Хэрвээ, Үндсэн хуулийн шүүх хуулийг Үндсэн хуульд нийцсэн эсэх талаас нь хянахдаа гагцхүү Үндсэн хуулийг бус хуулийг нэгэн адил хяналтын хэмжүүр болговол Үндсэн хуулийн хяналт алдагдах болно.

Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актыг зөвхөн хуульд нийцсэн эсэх талаас нь хянах тул Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргаагүй ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хянах хяналтын хүрээг хязгаарлах учиргүй.

            3. Цагдаагийн албаны тухай, Төрийн албаны тухай хуулиудыг буруу  тайлбарласан талаар: Шүүгч Цагдаагийн албаны тухай хуулийн 4.2.5 дахь заалтад “хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Шүүгч тухайн заалтыг тайлбарлахдаа “Засаг даргын захирамж хууль ёсны эсэхийг цагдаагийн ажилтан хянах, мэдэх боломжгүй тул захирамжийг биелүүлэхээс татгалзах үүрэггүй” гэж тайлбарласан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны зарчим /46.2 дахь заалт/, Төрийн албаны тухай хуулийн 3.2, 13.1.4, 13.1.9 дэх заалтууд, Цагдаагийн албаны тухай хуулийн 4.2.5 дахь заалтыг буруу тайлбарласан хэрэг боллоо.

Учир нь, Үндсэн хуулийн 46.2-д “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч ...Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ...ажиллана” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч нь Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлан ажиллах ёстой. Тус шаардлагаас хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүрэг үүснэ. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.3-д “...өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 13.1.9-д “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж тус тус зааж баталгаажуулсан. Хэдийгээр төрийн жинхэнэ албанд захирах, захирагдах зарчим үйлчилсэн ч энэ нь дээд шатны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлэх агуулгыг илэрхийлэхгүй болохыг Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудаар баталгаажуулж, захирах захирагдах зарчимд хязгаарлалт тогтоосон байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 4.2.5-д “алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг хуульд заасны дагуу биелүүлэх, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах” гэж заасан нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудтай ижил агуулгатай байна. Хэрэв хуулийн заалтуудыг шүүгчийн тайлбарласнаар тайлбарлавал хууль дээдлэх ёс алдагдах болно. Төрийн жинхэнэ албан хаагч дээд шатны байгууллагын шийдвэр хууль бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоох хүртэл биелүүлж хууль зөрчихөд хүрэх юм. Тухайлбал, Цагдаагийн албан хаагч “манай дарга цохь, зод, тусгай мэх, хэрэгсэл хэрэглэ” гэсэн гээд иргэнийг цохьсон, зодсон, тусгай мэх, хэрэгсэл хэрэглэж хохироосон үйлдлүүд зөвтгөгдөхөд хүрч байна. Учир нь, энэ нөхцөлд дээд шатны албан тушаалтны шийдвэр нь хууль бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, шүүгчийн тайлбарласантай ижил нөхцөл байдал үүссэн байна.

Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд төрийн жинхэнэ албан хаагчийг тушаал үг дуугүй биелүүлдэг цэрэг, эсвэл үүрэг даалгавар биелүүлдэг “робот” биш, хараат бус байж хуулийн дагуу ажиллах учиртайг илтгэж байна. Нэхэмжлэгч 16000 төгрөгийн торгуулийн хуудастай холбоотой маргаж буйн утга учир нь энэхүү хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр дамжуулан дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үг дуугүй биелүүлдэг одоогийн төрийн жинхэнэ албаны дүр төрхийг өөрчлөх, төрийн жинхэнэ албанд Үндсэн хуульт ёс /Үндсэн хуулийн 46.2 дахь заалт/, хууль дээдлэгдэх зарчмыг хэрэгжүүлэх, төрийн жинхэнэ алба мэргэшсэн байх шаардлага хангагдахад хувь нэмрээ оруулахыг хүссэн хэрэг билээ.

            4. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг хэрэглэх эсэх талаар: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус болох үндэслэлээ дэмжихдээ Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын холбогдох заалтуудыг үндэслэл болгосон. Гэвч, анхан шатны шүүхийн шүүгч тус асуудлаар үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Тус журмын 1.4-д “Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй”, 2.5.2-д “”Шийдвэрийг зөвхөн улсын бүртгэлд бүртгэж, хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтэлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хучин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заасан. Уг журмын 1.6.2 дахь заалтад хуулиар тусгайлан эрх олгосон гэж хуульд заасан тухайлсан асуудлаар... журам тогтоохыг үүрэг болгож, эрх олгосныг ойлгохоор заасан.

Нийслэлийн Засаг даргад тээврийн хэрэгслийг улсын дугаартай нь холбогдуулан замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах, ер нь замын хөдөлгөөний дүрэм тогтоох бүрэн эрхийг хуулиар олгоогүй. Иймд дээрх журмын 1.4 дэх заалтын дагуу тус журмыг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй. Мөн тус шийдвэр Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй тул дээрх журмын 2.5.2 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд шийдвэрийг биелүүлээгүй иргэн хариуцлага хүлээхгүй байх үр дагавартай байна. Анхан шатны шүүхийн шүүгч Нийслэлийн Засаг даргын захирамж хууль ёсны эсэхийг дүгнэхдээ Засгийн газрын дээрх журмын заалтуудыг хэрэглэх эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгч, тус үндэслэлийг хүлээж авахгүй байх, няцаах үндэслэлээ шийдвэртээ тайлбарласангүй.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай: Шүүгч “нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөх ёстой байсан” хэмээн үзэж, 4550 төгрөг төлсөн тул 65650 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь хууль бус захирамж юм. Учир нь, хэрвээ нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээж авч хэрэг үүсгэх бус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буюу тэмдэгтийн хураамжийг бүрэн төлүүлэхээр буцаах үндэслэлтэй байсан. Гэвч, бид улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлж, энэ талаар тайлбараа бичгээр гаргаж өгсөөр байтал нэхэмжлэлийг хүлээж авч, захиргааны хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэчихээд улсын тэмдэгтийн хураамжийг нөхөж төлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгчид улсын тэмдэгтийн хураамжийг ийм байдлаар нөхөж төлүүлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Хэрвээ шүүгч “нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаа дутуу төлсөн байна” хэмээн нэхэмжлэлийг буцаасан бол нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжийн үнийн дүн өндөр байгаагаас болоод тухайн асуудлаар маргахгүй байсан байж болно. Хэрэв тийм бол шүүгч нэхэмжлэгчийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 65650 төгрөгийн хэмжээнд хохироосон хэрэг болно.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүгч “нэхэмжлэлийн зарим хэсэгт бүрдүүлбэр хангуулах тухай” гэж хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй, хууль бус захирамж гаргасан. ЗХХШтХуулийн 33.2-д “нэхэмжлэл хуулийн 32.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэлийг буцаах”, 36.1-д “нэхэмжлэлийг буцаасан үндэслэлийг арилгаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэнээс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх” гэж заасны дагуу нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэлийг буцаах билээ. Нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулахаар буцаах нь нэхэмжлэл гэх өргөдлийг бүхэлд нь буцаах тухай ойлголт бөгөөд нэхэмжлэлийг буцаасан нөхцөлд хэрэг үүсгэхгүй юм. Дарааллын хувьд нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэлийг буцаах үндэслэл арилсны дараа л гагцхүү захиргааны хэрэг үүсгэх  билээ. Иймд захиргааны хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн зарим хэсэгт бүрдүүлбэр хангуулах, буцаах тухай захирамжууд нь хууль бус юм. Миний зүгээс энэ талаар тухайн үед шүүхэд үндэслэл бүхий хүсэлт гаргаж байсан боловч хүлээж авч шийдвэрлэсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээгээр хязгаарлагдахгүй хянаж шийдвэр хууль ёсны болон үндэслэлтэй эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий шүүх болохын хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан дээрх процессийн алдаануудыг шүүхийн магадлалд тэмдэглэхийг хүсэж байна. Ингэснээр анхан шатны шүүхэд дахин ийм алдаа гарахгүй байхад хувь нэмэр оруулах юм. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөх үндэслэлтэй талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж байсан. Тус байр суурь, үндэслэлээ одоо ч дэмжиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгохыг хүсэж байна. Мөн, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснөөс 65650 төгрөгийг илүү төлсөн хэмээн үзэж, буцаан гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шүүгч улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлүүлэхээр дүгнэсэн тул давж заалдах гомдлыг буцаах нөхцөл байдал үүсгэхгүй байх үүднээс 70200 төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамж төлөв. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлнө гэж үзэж буй үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж бичгээр хүргүүлэх болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан Б.Зоригтын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 020160207531850045 дугаар торгуулийн хуудас, мөн хэлтсийн ажилтан С.Энхбатын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 020160207111849818 дугаар торгуулийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дүгээр захирамжаар Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдээр буюу 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07-ны өдрүүдийн Ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулж нийтийн хэв журмыг хамгаална”, 33 дугаар зүйлийн 33.2-д “Цагдаагийн алба хаагч ...нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг хуульд заасны дагуу биелүүлэх, хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн 32 дугаар зүйлийн 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.

Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан, цагдаагийн хошууч С.Энхбатын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 020160207111849818 дугаар торгуулийн хуудсаар иргэн Б.Нурбекийг тухайн хязгаарлалтын бүсэд 1842УНС улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан гэж үзээд 8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, замын хөдөлгөөнд оролцох, өмчлөх эрхэд минь халдсан” гэж маргаж байгаа боловч нийгмийн хэв журмыг хамгаалах үүднээс гаргасан Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг Нийслэлийн хэмжээнд бүх нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй.

Иргэн Б.Нурбек нь 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн...” зөрчил гаргасан, тухайн зөрчилд нь цагдаагийн хошууч С.Энхбат 8000 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан, нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь дуусаагүй, үргэлжилсэн байхад цагдаагийн ахмад Б.Зоригт дахин 8000 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан нь нэг зөрчилд зөвхөн нэг удаа захиргааны шийтгэл ногдуулах өөрөөр хэлбэл, нэг зөрчилд давхар шийтгэсэн нь үндэслэлгүй байх тул маргаан бүхий акт болох 020160207531850045 дугаартай торгуулийн хуудсыг хүчингүй болгох нь зөв юм.

Түүнчлэн анхан шатны шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй учраас нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 65650 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдааны үед уг мөнгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны хариуцлагын тухай 10 дугаар зүйлийн 3, 32 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан Б.Зоригтын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 020160207531850045 дугаартай торгуулийн хуудсыг хүчингүй болгож, үлдэх “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбатын 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 020160207111849818 дугаар торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, үлдэх 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгох, хариуцагч Б.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ 

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР