Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 268

 

Х.Маратын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2017/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0293 дугаар магадлалтай, Х.Маратын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2017/0015 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Х.Маратыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цэнгэл сумын мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цэнгэл сумын мэргэжилтний уг албан тушаалд Х.Маратыг томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.727.918 /хоёр сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун арван найм/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 2.727.918 төгрөгийн цалин хөлсөд ононгдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлж, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 25.228 /хорин таван мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0293 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2017/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: иргэн Х.Маратын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2017/0015 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр 19-ний өдрийн 221МА2017/0293 дугаар магадлалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би тус тус эс зөвшөөрөн дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Үндэслэл:

Х.Марат нь гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын дундаас буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш огт ажил хийгээгүй байж 3 сарын цалин болон 3 сарын ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж авсныг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэх тухай ямар ч эрхийн акт, тушаал шийдвэр, тогтоол, захирамж, удирдамж заавар журам, Засгийн газар, яам, ерөнхий газар, аймаг орон нутгаас огт гаргаагүйг анхан шатны шүүх анхаараагүй зөвхөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1/2 тоот албан бичигт “хоёр хэлтэс нэгдсэн” гэсэн өгүүлбэрийг үндэслэл болгосон, ХХҮЕГ-аас уг татан буугдсан 2 хэлтсийн ажилтнуудад 3 сарын сул цалин 3 сарын тэтгэмжийг төрөөс олгосныг хуульд нийцээгүй байсан мэтээр дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэргийг нэхэмжлэгчийн талд ашигтайгаар болгон хуулийн зүйл заалтыг зориуд санаатайгаар дурдан байж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд хандаагүй байгаагаа нэхэмжлэлд дурджээ. Харин Төрийн албаны салбар зөвлөлд хандахад шүүхэд нэхэмжлэлээ гарга гэсэн гэжээ. Энэ байдал нь гомдол гаргах журам зөрчигдсөн гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэдгийг нотолж байхад шүүх мэдсээр байж зориуд энэ байдлыг харалгүй нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0015 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221МА2017/0293 дугаар магадлалыг хүчингүй болгож, Х.Маратын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Х.Маратыг “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цэнгэл сумын мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ... /түүнийг уг албан тушаалд/ томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгож” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” гэх хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосны дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалаар тус хэлтсийн нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөн ажилтан, албан хаагчдын цалингийн санг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн, уг тушаалын үйлчлэлд нэхэмжлэгч Х.Маратын эрхэлж байсан “Цэнгэл сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн”-ий албан тушаал хамаарсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг ... –ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай” 5/21 дүгээр тушаалаар шинээр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт “хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн”-ийн 19 орон тоо батлагдсаны дотор Цэнгэл сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар заасан байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь Цэнгэл сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Цэнгэл сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнийн албан тушаалыг өмнө нь эрхэлж байсан нэхэмжлэгч Х.Маратыг томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн уг заалтад нийцээгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд өмнө нь ажиллаж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нь дээр дурдсан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан байхад  “... Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэх тухай ямар ч эрхийн акт ... гараагүй” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй, энэ тохиолдолд хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагчдыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Х.Марат нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш огт ажил хийгээгүй байж 3 сарын цалин авсан, ... 3 сарын ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж авсан ... –ыг шүүх үнэлж дүгнээгүй” гэх боловч энэ нь Х.Маратыг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн /урьд эрхэлж байсан/ албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоохтой холбоотой маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, урьдчилж олгосон 3 сарын тэтгэмжийг цалин, олговороос суутган тооцох эрхийг шүүх үгүйсгээгүй тул энэ асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт албан хаагчдыг оролцуулан хурал хийж, “...чөлөөлөгдөх ажилтнуудад тэтгэмж олгох асуудлыг танилцуулсан”, Х.Марат нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгийн аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан, тус салбар зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариу өгсөн, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасантай нийцсэн байх тул хариуцагчийн “...гомдол гаргах журам зөрчигдсөн гомдол гаргах хугацаа хэтэрсэн ... байхад шүүх мэдсээр байж зориуд энэ байдлыг харалгүй нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. 

Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас хяналтын шатны шүүхэд хандаж, “... Х.Марат нь ... байгууллага, иргэдийн өмч завшсан ... хэрэгт Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн, уг “цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл хамаарахгүй байх тул мөн хуулийн 65.2-т “... 65.1-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно” гэсний дагуу хариуцагчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангах боломжгүй, түүнчлэн хариуцагчаас “...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтдээ эмнэлэгийн магадлагаа, хэвтэн эмчлүүлэгчийн карт зэрэг холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлээгүй, хавсаргаж ирүүлсэн нь захиргааны байгууллагын “тодорхойлолт” нь уг хүндэтгэн үзэх шалтгааныг нотлохгүй байх тул мөн уг хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2017/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0293 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА