| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00444/И |
| Дугаар | 00512 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Зуутраг овогт Т-ын О-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Буянхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тогтох овогтой О миний бие 1968 онд Тогтохын 5 дахь охин болж төрсөн. Бага сургуульд 1976 онд ороод 1979 оноос хойш эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байгаад 1997 онд Ховд аймгийн Дөргөн сумын Баянхайрхан багийн Намхай овогтой Алтан-Очиртой гэр бүл болоод одоог хүртэл Баянхайрхан багтаа малчнаар ажиллаж, амьдарч байна.
Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70-р дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд Т.О намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Буянхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтох овогтой О нь бага наснаасаа эхлэн эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал малласан. Одоо ч Ховд аймгийн Дөргөн сумын Баянхайрхан багт малчнаар ажиллаж, амьдарч байна. Иймд Т.Ог Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Т.О нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээр 1989 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Иймд хүсэлт гаргагч нь нэхэмжлэл дээрээ 1989 оныг дуустал тогтоолгоно гэж андуурч бичсэн байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.О нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1089 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Дөргөн сумын Агваш буюу 1 дүгээр бригадын Цэвээн, Тогтох нарын нэр дээрх 1984-1985, 1988-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,
-Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2/312 дугаартай албан бичгээр ирүүлсэн Агваш багийн иргэн Г.Тогтох, Ц.Цэвээн, Т.Батаа нарын 1986, 1987, 1991 оны хөдөлмөрийн хөлсний түүвэрүүд,
-Т.О-гийн нэр дээрх Малчин мэргэжлийн үнэмлэхний хуулбар,
-Т.О-гийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т.О-гийн мал маллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Т.О-гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн хэлстийн Ховд аймгийн Дөргөн суманд үйл ажиллагаа явуулж байсан Сүхбаатарын зам нэгдэл нь өөрчлөгдсөн өөрчлөлтийн бүртгэл бүртгэгдээгүй байна гэх лавлагаа,
-Гэрч Д.Пүрэвжавын өгсөн ...Т.О нь Тогтох гэдэг айлын 5 дахь хүүхэд. Сургуульд сураад бага ангиасаа гарсан. Тэгээд эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Тэрээр тасралтгүй мал малласан гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Цэгмэдийн өгсөн ...Т.О нь Тогтох гэдэг айлын 5 дахь хүүхэд. Түүний ээжийг Цэвээн гэдэг. Сургуульд сураад бага ангиасаа гарсан. Тэгээд эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Нэгдэл 1990 онд тарсан. Тэрээр тасралтгүй мал малласан ба би ч мөн мал малладаг байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Т.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Т.О нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПП68011522 тоот регистрийн дугаартай, Зуутраг овогт Тогтохын О-гийн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА