| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00456/И |
| Дугаар | 00513 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 00513
| 2019 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2019/00513 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Наран овогт Г-ийн Д-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын хүн эмнэлэгт төрсөн. 54 настай. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1974 онд сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд улмаар Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад эвлэлийн илгээлтээр малчин болж нэгдэлдээ мал малласан. Мал маллаж байгаад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдан, хилийн цэргийн 0198 дугаар ангид алба хаагаад 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлдээ малчнаар орж 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан.
Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг холбогдох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Д нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Г.Дын 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Г.Дын 0776308 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 05/3175 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Г.Дын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Г.Дын Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.Гонгорын шүүхэд өгсөн ...би 1976 онд 8-р анги төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар томилогдсон. Улмаар 1993 он хүртэл Хөдөлмөр нэгдэлд мал малласан. Г.Д нь ах дүү тавуулаа. Тэрээр 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр Хөдөлмөр нэгдэлд малчнаар гарсан. Г.Д мал маллахаас өөр ажил хийгээгүй гэх мэдүүлэг,
-Гэрч Ж.Должингийн шүүхэд өгсөн ...би 1958 онд нөхөртэйгээ гэр бүл болж, Ховд аймгийн Зэрэг суманд шилжин очсон. Түүнээс хойш 1993 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. Г.Д нь ах дүү тавуулаа. Аавыг нь Гомбоо, ээжийг нь Гигдээ гэдэг. Тэрээр 1982 онд 8-р анги төгсөөд илгээлтээр Хөдөлмөр нэгдэлд малчнаар гарсан. Г.Д мал маллахаас өөр ажил хийгээгүй гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Г.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Г.Д нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.Дыг 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЕ66010311 тоот регистрийн дугаартай, Наран овогт Гомбоогийн Дын 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА