| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00439/И |
| Дугаар | 00515 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 00515
| 2019 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2019/00515 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багт оршин суух, ... регистрийн дугаартай, Харахас назар овогт Т-ийн Х-ын хүсэлттэй садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хүсэлт гаргагч Т.Х, орчуулагч А.Сара нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав болох Жамбуугийн Тохай нь 1938 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазалсныг 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дээд шүүхийн Цэргийн коллегийн 190 дүгээр магадлалаар цагаатгажээ. Жамбуугийн Тохай нь миний төрсөн аав юм. Иймд Т.Х намайг хэлмэгдэгч Жамбуу овогтой Тохайгийн төрсөн хүүхэд нь болохыг тогтоож өгнө үү гэв.
Прокурор Ш.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х нь Тохайгийн хүүхэд мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Баримтууд дээр бичиг техникын алдаа гарсан байна. Казах нэршлийг буруу бичсэн зүйл харагдаж байсан. Тагнуулын Ерөнхий газрын архивын лавлагаа, Улсын бүртгэлийн газрын архивын лавлагаа, хүн амын тооллого зэргээс харахад Х нь Тохайгийн хүүхэд мөн болох нь тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Х нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Жамбуугийн Тохай нь 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Онцгой бүрэн эрхт тусгай комиссын 35 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн боловч Жамбуугийн Тохайд холбогдох хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-6-8/ нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Т.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбуугийн Тохайгийн төрсөн хүү мөн болох нь Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03-6/5304 дугаартай лавлагаа, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-6/5301 дугаартай лавлагаанууд /хх-9/, гэрч Т.Хунанбай /хх-34-35/, Р.Мархаба /хх-32-33/ нарын тус шүүхэд өгсөн мэдүүлэгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүсэлт гаргагч Т.Х-ын нэр нь хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03-6/5304 дугаартай лавлагаа, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-6/5301 дугаартай лавлагаануудад Тохойн Хавдал гэж бичигдсэн байна. Гэвч уг Тохойн Хавдал гэж бичигдсэн нэр нь Тохайн Х мөн болох нь дээрх лавлагаануудад бичигдсэн гэр бүлийн бусад гишүүд болох Х-ын эх Ш.Укбас, түүний эхнэр А.Заурээн, хүү Х.Зэкэй, Х.Албат, охин Х.Жалды нарын нэрээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Тохайн Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбуугийн Тохайгийн төрсөн хүү мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар хүсэлт гаргагч Тохайн Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбуугийн Тохайгийн төрсөн хүү мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА