| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00479/И |
| Дугаар | 00516 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 00516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Яргаатынхан овогт А-ийн Мө-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч А.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт Авирмэдийн 4 дэх хүү болон төрсөн. Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж, 1980 онд 8 дугаар анги төгссөн. 1980 оны 6 сараас 1983 оны 6 сар хүртэл аав, ээжийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд бог маллаж байгаад 1983 оны 6 сараас 1989 оны 6 сар хүртэл Говь-Алтай аймгийн хилийн 0214 дүгээр ангид 3 жил цэргийн алба хаасан.
Улмаар миний бие 1987 оны 7 сарын 05-нд Банзаа овогтой Түвшинхишигтэй гэр бүл болсон. 1989 оны 6 сараас 1991 оны 12 сарын 16-ны өдрийг дуустал гэр бүлийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж, малчнаар ажилласан. 1991 оны 12 сарын 26-ны өдөр Хөдөлмөр нэгдэл тарж, Хөдөлмөр ХК болсон. 1991 оны 12 сарын 26-наас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д бог мал маллаж байсан ба өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт мал маллаж амьдарч байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1982 оноос 1983 оны 5 сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж ажилласан, 1986 оны 9 сараас 1993 оны 2 сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд болон Хөдөлмөр ХК-д бог мал маллаж байсан жилүүд бичигдсэн байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас лавлагаа авахад хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнтэй адил байна. Бусад ажиллаж байсан жилүүд нь гарч ирэхгүй, тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүй хохироод байна. Би 1980 оны 6 дугаар сард 8-р анги төгсөөд 1981 оноос эхлэн нэгдлийн мал малласан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд намайг 1981 оны 1 дүгээр сарын 01-нийй өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.М нь шүүхэд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сар хүртэл, 1986 оны 6 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчиллөө.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1127 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын 1980-1983, 1987-1992 онуудын Авирмэд, А.М нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,
-А.Мын нэр дээрх 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн, 1991-1993 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,
-А.Мын Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-А.Мын Цэргийн батлах, 0766522 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-А.Мын нэр дээрх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн хэлстийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,
-Гэрч Д.Галсандоржийн шүүхэд өгсөн ...би 1976 оноос хойш Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ багт малчнаар ажилласан. 1993 онд хувьчлал явагдах хүртэл Хөдөлмөр нэгдэл нэртэй байсан бөгөөд нэгдэл тарахад Алтан тээл нэртэй компани болсон. Би нэгдэл тарах хүртэл тасралтгүй мал малласан. А.М нь 8-р анги төгсөөд эцэг эхийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. Дараа нь А.М цэргээс халагдаж ирээд Хөдөлмөр нэгдэлд тасралтгүй мал малласан гэх мэдүүлэг,
-Гэрч П.Баатарбилэгийн шүүхэд өгсөн ...би 1964 оноос эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд мал малласан. А.М бид хоёр насаараа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн мал малласан... гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч А.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан А.Мын нэр дээрх Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд хүсэлт гаргасан А.М нь 1993 оны 3 дугаар сараас эхлэн 2000 оныг дуустал нийт 7 жил 10 сарыг нөхөн тооцуулсан тул шүүхээс эдгээр хугацааг давахцуулан тогтоох боломжгүй юм.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүсэлт гаргасан А.Мын шүүхэд гаргасан хүсэлтээс 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ... тоот регистрийн дугаартай, Яргаатынхан овогт Авирмэдийн Мын 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 сарын 16-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч А.Мын 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА