Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/425

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч П.Отгонбаатар

иргэдийн төлөөлөгч Б.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Билгүүнболд, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Бэхбатын Билгүүнболдод холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002519 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Хишиг хангай” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Гүнжийн 43-35 тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Бэхбатын Билгүүнболд /РД:СФ87070718/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Билгүүнболд нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канзо” нэртэй зочид буудлын 101 тоот өрөөнд О.Мөнх-Эрдэнийн биед халдаж хоолой руу гараараа түлхэх, зүүн талын чамархай руу баруун гараараа цохих зэргээр зодож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Билгүүнболд мэдүүлэхдээ:  “...Гэм буруу дээрээ маргахгүй, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэлэнгэ мэдүүлэхдээ:  “...Яагаад Ганзориг гэдэг хүнийг холбогдуулан шалгахгүй байсан юм бэ. Яагаад миний дүүг өвчтэй гэж яриад байгаа юм бэ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Мөнх-Оргилд гомдолтой байна. Шүүгдэгчийн найз бүсгүйд бас гомдолтой байна. Ажил явдал дээр ирээд хүнийг гүтгэж болохгүй гэж орилоод байсан. Оршуулгын зардалд 18,700,000 төгрөг нэхэмжилсэн, үүнийг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлсөн... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэлэнгийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 40 минутын орчим дүү Мөнх-Эрдэнэ над руу залгаад “найзуудтайгаа хоол идэх гэж байгаа юм, та мөнгө шилжүүлээч” гэж хэлэхээр нь “чиний данс руу хийх үү гэсэн чинь “Сарангоо гэх нэртэй Хаан банкны 5011425039 тоот дансны дугаар миний 99035091 дугаарын утас руу мессежээр явуулсан. Тэгэхээр нь дүү О.Мөнх-Эрдэнийн явуулсан “Сарангоо” гэх хүний Хаан банкны 5011425039 тоот данс руу нь 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед манай дүү надтай ярихдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цаг 10 минутын үед миний нөхөр О.Гансүх рүү ээж маань яриад “дүүг чинь Од кино театрын тэнд автобусны буудал дээр зүрх нь зогссон байдалтай байна” гэж хүн над руу ярьж хэллээ гээд их сандарсан уйлсан байдалтай ярьсан байсан, үүнийг сонсоод нөхөр бид хоёр гэрээсээ сандран гарсан. Явах замдаа нөхөр маань ээжтэй дахин ярьж Од кино театрын ойролцоо зочид буудлын гадаа байна, мөн тэнд баахан цагдаа ирсэн байна гэж ээж утсаар ярьсан. ... Эмнэлэг түргэн тусламж ирж үзээд дүү Мөнх-Эрдэнийг маань нас барсан байна гэж хэлээд явчихсан, одоо цагдаа нар шалгаж байгаа гэсэн байдалтай байсан. Тэгээд тухайн үед байсан хүмүүсээс асуухад дүүг минь найз Билгүүнболд нь зодоод амь насыг нь хохироосон, тухайн үед байсан Билгүүнболд, Ганаа нарыг цагдаагийн албан хаагчид баривчлаад явсан гэдгийг мэдсэн. Тухайн үед байсан хүмүүс гэдэг нь манай ах дүүс юмаа. Би нөхрийн хамт очоод түрүүлж очсон байсан ах дүүсээсээ л мэдээлэл авсан. Ингээд би тухайн газраас шууд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс рүү ээжийн хамт очсон. Цагдаагийн газарт дүүгийн найз Ганаагаас болсон үйл явдлыг сонсож мэдсэн. Ганаагийн надад хэлснээр Билгүүнболд, түүний найз охин Сарангоо, Ганаа, талийгаач дүү 4 хамт тухайн дэн буудлын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Удалгүй Билгүүнболдын найз охин Сарангоо нь гараад явсан ба 3-уулаа үлдчихсэн байх үедээ Билгүүнболд нь талийгаачтай муудалцаад, эхлээд талийгаачийн толгой руу нь цохиж унагасан гэсэн. Тэгээд талийгаач дүү минь босож ирээд болъё андаа, одоо маргалдаад яах юм гэхэд нь тийм юм байхгүй гээд дахин багалзуур хэсэг рүү нь хүчтэй цохиод хана руу савж унагаасан, дахиад босож ирэхээр нь чамархай хэсэг рүү нь хүчтэй цохисон, энэ үед амнаас нь цус олгойдож садран гарсан ба талийгаач нь 3 дахь удаагаа унаад дахин босоогүй гэдгийг Ганаа бидэнд тэр өдөр Цагдаагийн газрын үүдэнд хэлсэн.

Билгүүнболд нь 1 метр 90 см гаруй өндөртэй, манай дүү О.Мөнх-Эрдэнээс хамаагүй том биетэй залуу байдаг. Тухайн үед Ганаа нь Билгүүнболдыг одоо болно, чи болиочээ гэх зэргээр болиулах гэсэн боловч Билгүүнболд нь босвол ална шүү чамайг гээд Ганааг ойртуулаагүй гэдгийг Ганаа бидэнд хэлсэн ба талийгаачийг газарт уначихсан байхад нь “үхээгүй, юун сүртэй юм, босооч” гэх зэргээр хэлж байсан гэдэг. Билгүүнболд нь талийгаач дүү О.Мөнх-Эрдэнийг 3 дахь удаагаа цохих үед “талийгаачийн амнаас цус садарсан, их хэмжээний цус гарсан, түүнээс хойш дахин босож ирээгүй амь насаа алдсан” гэдгийг Ганаа бидэнд хэлсэн боловч тухайн өдөр хэрэг гарсан газарт цагдаа, түргэн тусламж ирэх үед цусны толбо байхгүй, угааж цэвэрлэсэн шал нь нойтон байсан гэж хэргийн газарт цагдаа нартай хамт орж дүүгийн минь шарилыг өргөж гаргасан Батболд, Даваажав нар гэрчилж байгаа. Мөн Билгүүнболдын баруун гарын хуруунууд юм цохисон бололтой маш их шалбарсан байсныг Батболд харсан байсан. Талийгаач дүү маань Билгүүнболдын эсрэг хүч хэрэглэх, түүнтэй зодолдох бие хаатай хүн биш байхад өөрт нь эсэргүүцэл үзүүлэх, урдаас нь зодолдох чадалгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь Билгүүнболд хөнөөсөнд маш их гомдолтой байна.

Талийгаачийн буяны ажил явдал өнгөрсний дараа миний бие тухайн зочид буудлын ажилтан Золжаргалтай уулзаж болсон асуудлын талаар лавлаж асуусан. Золжаргалын хэлснээр “тухайн өрөөнд байсан хүмүүс нь хоорондоо маргалдаад байхаар нь нэг удаа орж, дуу чимээгээ багасга, дахин маргалдаад байх юм бол цагдаа дуудлаа шүү” гэж сануулсан. Удалгүй дахин зодолдож, хүчтэй хана мөргөх чимээ гараад байхаар нь гаднаас нь түлхүүрээр онгойлгож ороход талийгаач нь газар хэвтсэн, ухаангүй байдалтай байсан тул шууд цагдаа, түргэн дуудахаар буцаад гарсан. Тэгээд цагдаа түргэн дуудсаныхаа дараа буцаж орж ирэхэд, талийгаачийг орон дээр хэвтүүлсэн, өрөөний шалаар дүүрэн ус асгарсан байдалтай байсан гэдгийг хэлсэн ба хиймэл амьсгаа, иллэг хийхэд талийгаач нь амьсгалтай, амнаас нь цус гарч, амьсгалж байсан. Тухайн үед гаднаас Билгүүнболдын найз ирээд талийгаачийн судсыг барьж үзээд “наад хүн чинь зүгээр л байна шүү дээ” гэж хэлэхээр нь гайгүй тогтчихсон юм шиг байна гэж бодоод зүрхний массаж хийхээ болиод, өрөөнөөс гарч цагдаа, түргэн тусламж ирэхийг хүлээсэн” гэж надад хэлсэн. Энэ үед эмнэлгийн тусламж үзүүлж байсан хүнийг Сарангоо болиулаагүй байсан бол дүүгийн маань амь насыг аврах боломжтой байсан гэж үзэж байна. Иймээс Сарангоо нь амь биед аюултай нөхцөл байдалд үлдээсэн, анхны тусламж  үзүүлж буй хүнийг болиулсан, таслан зогсоосон, хэргийн газрын цус нөжийг угааж цэвэрлэж арилгасан гэж үзэж Сарангоод бас маш их гомдолтой байна....Миний дүү Билгүүнболдыг багын найзаа гэж хүндэлж, буруу зөрүү хийсэн үйлдлийг нь хаацайлж, өөрийг нь дарамталж, зодож байх үед хүртэл цагдаа сэргийлэхэд хандалгүйгээр тусалж байсан байхад дүүг минь онц харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөнд маш их гомдолтой байна. Билгүүнболд нь өмнө нь нэг байранд амьдарч байсан байрныхаа дүүг зодож, танхайн хэргээр 2 жил шоронд суугаад гарч ирсэн ба өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, хүмүүжээгүй, ухаарсан шинж огт байхгүй бүүр хүний амь насанд хүрсэн нь дахиад ч хүний аминд хүрч болзошгүй маш аюултай санагдаж байна. Иймд энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Бид дүүгийнхээ оршуулгын зардлыг нэхэмжилнэ. Мөн Сарангоо нь дүү О.Мөнх-Эрдэнийг амь биед аюултай нөхцөл байдалд үлдээсэн, анхны тусламж үзүүлж буй хүнийг болиулсан, таслан зогсоосон, хэргийн газрын цус нөжийг угааж цэвэрлэж арилгасан гэж үзэж Сарангоод бас маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Солонгоогийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Канзо” дэн буудлын 101 тоот өрөөнөөс 08 цаг 19 минутад гараад ажил руугаа явсан. Би 12 цаг өнгөрч байхад нөхөр Ганзоригийн 99865730 дугаарын утас руу залгахад хоол хийж байна гээд хэлсэн. Би ажил ихтэй байсан очихгүй гэж бодож байсан. Хоол хийсэн гэхээр нь 12 цаг 30 минут өнгөрч байхад “Канзо” дэн буудлын 101 тоот өрөөнд очиход нөхөр Ганзориг, нөхрийн найз Билгүүнболд хажуу 102 өрөөнөөс танихгүй хоёр охин, нэг залуу хоол идээд сууж байсан. Би танихгүй охин, нэг залууг нь 101 тоот өрөөнөөсөө хөөж гаргасан. Би хоолоо идээд яагаад ингээд танихгүй хүмүүс оруулж ирээд байгаа юм гэсэн. Танихгүй эрэгтэй нь бид хоёрт дүүтэй танилцаад хоол хийлгүүлж идсэн юм гэсэн. Билгүүнболдын утас руу Сарангоо гээд найз охин нь гар утсаар ярьсан. Бид нарын байгаа газрыг зааж өгөөд удалгүй ягаан цайвар куртиктэй Сарангоо гаднаас нэг шил архи авч ирсэн. Би цайны цаг дуусаж байсан болохоор юмнуудаа цэвэрлээд тэгээд ажил руугаа явсан. Би гарах гээд байж байхад талийгаач Мөнх-Эрдэнэ нь улаан куртиктэй, ээж пүүз авч өгсөн гээд шинэ цэнхэр өнгийн пүүз өмсөөд 13 цаг 30 минутын үед орж ирсэн. “Канзо” дэн буудлын 101 тоот өрөөнд нөхөр Ганзориг, нөхрийн найз Билгүүнболд, найз охин нь Сарангоо, талийгаач Мөнх-Эрдэнэ нар нь талийгаач Мөнх-Эрдэний пүүзийг гоё пүүз байна. Төрсөн өдрийн бэлэг гээд талийгаач яриад үлдсэн. Би ресепшин Золжаргалын өрөөнд кофе уугаад удалгүй гараад явсан. Намайг ресепшиний өрөөнд сууж байхад талийгаач Мөнх-Эрдэнэ 101 тоот өрөөнөөс гадагшаа гараад явж байсан. Би 101 тоот өрөө рүү ороод Мөнхөө хаачих гэж байгаа юм гээд би асуухад дэлгүүр орсон гэж хэлсэн. Би ажил руугаа яваад ажил дээрээ байж байхад 17 цагт миний 88071845 дугаарын утас руу талийгаач Мөнх-Эрдэнэ нь өөрийн 98999058 дугаарын утаснаас над руу согтуу залгасан. Наагуур чинь юу байна гэж асуухад Ганзориг, Билгүүнболд хоёр унтаад сэрж байна гэж хариулсан. Би ресепшин Золжаргал руу яриад манай өрөөнд юу болж байна гэж асуусан. Инээлдээд юм яриад сууж байсан. Би өөрөө үсчинд байна гээд хариулсан. Эгч нь жаахан оройтох юм шиг байна, ажил ихтэй байна гээд хэлсэн. Ресепшин Золжаргал нь 19 цаг өнгөрч байхад та ирэх болж байгаа юм уу? танай 101 тоотод байгаа хүмүүс хоорондоо муудалцаад байна гэж хэлсэн. Билгүүнболд талийгаач Мөнх-Эрдэнийг хоорондоо муудалцаад байна гээд хэлсэн байна. Та ирэхгүй бол болохгүй нь ээ гээд ярьсан. Би нөхөр Ганзоригийн 99865730 дугаарын утас руу залгахад Ганзориг нь чи Билгүүнболдтой ярь гээд утсаа Билгүүнболдод өгсөн. Би яагаад байгаа юм бэ? гээд аятайхан байгаач гээд хэлсэн. Билгүүнболд нь заза ойлголоо гээд хариулсан. Золжаргал нь ахиад залгаад та одоо хурдан ирээ эд нар чинь муудалцаад болохгүй байна гэж хэлсэн. Би 19 цаг 40 минутын үед “Канзо” дэн буудлын өрөөнд ирсэн. Намайг 101 тоотын өрөөнд орж ирэхэд Билгүүнболд нь орон дээр суусан байдалтай талийгаач Мөнх-Эрдэнийг тэвэрсэн байдалтай миний найз сэрээчээ гээд сууж байсан. Ганзориг нь орон дээрээ хөнжил дотроо хэвтэж байсан. Билгүүнболдоо чи яаж байгаа юм бэ? яах гэж Мөнх-Эрдэнийг цохиж байгаа юм бэ? гээд асуусан. Би талийгаач Мөнх-Эрдэний гарт нь хүрсэн чинь судас нь цохилохгүй, амьсгал нь байхгүй байсан. Анхны тусламж үзүүлсэн юм уу? гэсэн чинь үзүүлсэн гээд Ганзориг, Билгүүнболд нь хоёулаа үзүүлсэн гээд хэлсэн. Удалгүй цагдаа нар түргэний хамт ирсэн.

Намайг өрөө рүү ороход Билгүүнболд нь талийгаачийг хөлөн дээрээ толгойг нь тавьсан байдалтай, талийгаачийн толгой нь орны хөл рүү харсан бие нь хажуу талаараа харсан байдалтай орон дээр байсан. Талийгаач Мөнх-Эрдэний уруул, царай нь хөхөрсөн, намайг гар, хүзүүний гүрээний судсанд нь хүрэхэд бие нь халуун байсан. Би хиймэл амьсгал хийх үү гээд харахад амьсгалахгүй ам нь хагас ангайсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюун-Эрдэний өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 15-нд ажил тараад 19 цаг 04 минутад найз охин Золжаргалтай утсаар яриад юу хийж байгаа талаар асуусан. Надад даавуу индүүдэж байна гэж хариулахад найз нь ойрхон явж байна яваад очъё гэж хэлээд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Канзо зочид буудалд 19 цаг 10 минут болж байхад орж ирсэн. Золжаргал бид хоёр даавуу гарган хатааж хоол идээгүй гэхээр нь гоймон чанаж өгсөн. Гоймон чанаж байхад буудлын 101 тоот өрөөний хүмүүс маргалдаж эхэлсэн. Энэ үед 19 цаг 30 минут болж байсан байх цагийн баримжаа сайн санахгүй байна. Золжаргал 101 тоот өрөөнд очиж битгий маргалдаад бай гэж 2-3 удаа хэлсэн. 101 тоот өрөөний хүмүүс өрөөгөө цоожлон маргалдаж байгаа нь сонсогдож дуу нь бүр чангараад байсан. Энэ үед Золжаргал өрөөг нь гаднаас түлхүүрдэж онгойлгож ороод маргалдахаа боль гэж хэлсэн. Цагдаа дуудлаа гэсэн. Маргалдаж байсан хүмүүс өрөөний хаалгаа ахин хааж дотроосоо түгжсэн. Гоймон болж байхад намайг өрөөнд сууж байхад найз Золжаргал орж ирээд маргалдаад байх юм цагдаа дуудчих уу гэхэд нь би тэг тэг чаддаг хүмүүсийг нь дууд гэж хэлсэн. Золжаргал цагдаа дуудсан дараа нь Ганзориг эхнэр Соко руу утсаар залгаж байгаа сонсогдсон. Удалгүй намайг яаралтай түргэн дуудаадах гэсэн. 19 цаг 34 минутад би 103 дугаарт залгасан боловч утсаа авахгүй байхаар нь сандарч Золжаргал утас авч ирж өөрт өгсөн. Би 101 тоот өрөөний гаднаас өгсөн Золжаргал дээшээ харж ухаан алдсан хүний зүрхэн дээр хоёр гараараа дарж байсан. Золжаргалд хандан чи 103 дуудчих би зүрхэн дээр даръя гэж хэлээд өрөөнд орсон. Өрөөнд Ганзориг чи хүн алчихлаа чи миний найзыг алчихлаа гэж талийгаачийн хажууд сууж өөрөө огт туслахгүй суугаад байсан. Хар хоолойтой цамцтай залуу талийгаачийн хажууд толгойг түшиж барьчихсан миний найз босчих сэрчих гэж хэлээд орилоод байсан. Би тэр залууд хандан чи хиймэл амьсгал хийлгэсэн талийгаачийн амнаас цэр шүлс ялгараад байсан толгойг хажуу тийш болгон цэр шүлсийг гаргуулсан Золжаргал гар хөлнөөс нь барьж массаж хийсэн. Энэ үед хар хоолойтой цамцтай залуугийн найз охин орж ирээд судас барьж үзээд зүгээр байна гэж хэлсэн. би зүгээр юм байна гэж бодоод буцаж өрөөнд орж ирсэн удалгүй цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сарангоогийн өгсөн: “...Орой 20 цагт ирэхэд нүдний шилтэй эгч Мөнхөөд хиймэл амьсгал хийчихсэн 103 дуудсан гэж хэлээд зогсож байсан удахгүй цагдаа нар орж ирсэн. Мөнхөө орон дээр дээшээ харсан хажууд нь Билгүүнболд босоорой гэж гарыг нь бариад түшсэн Ганзориг орон дээр суучихсан нүдний шилтэй эгч зүрхэн дээр дараад хиймэл амьсгал хийж байгаа харагдсан. Билгүүнболд надад хэлэхдээ бид хоёр маргаантай байсан юм найзаа яасан бэ сэрэлдээ гэж хэлээд хажууд нь сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Ганзоригийн өгсөн: “...Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо Канзо буудлын 101 тоотод түрээсээр сүүлийн 2 сар амьдарч байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...би орон дээр хэвтэж байхад Билгүүнболд, Мөнхөө нар хоорондоо хэрэлдээд, маргалдаад байсан. Хэрэлдээд байгаа гол шалтгаан нь 2 жилийн өмнө, Короногийн үед Мөнхөө нь Билгүүнболдыг хутгалж гэмтээж байсан талаараа ярилцаад, Билгүүнболд нь “чи намайг хутгалж гэмтээдэг, намайг байнга дээрэлхдэг хэн бэ” гэж маргалдаад байсан. Тэгтэл Билгүүнболд орон дээр сууж байхдаа сандал дээр сууж байсан Мөнхөөгийн хоолой руу гараараа цааш нь түлхтэл Мөнхөө хойш нь саваад унасан. Босож ирээд буцаад сандал дээрээ суугаад “болиочээ” гэхэд Билгүүнболд Мөнхөөгийн зүүн талын чамархай руу баруун гараараа цохисон. Мөнхөө цохиулахдаа хойд талд байсан хана толгойн дагз хэсгээрээ мөргөөд савж унаад, босож иртэл Билгүүнболд түүнийг дахиад зүүн чамархай хэсэгт баруун гараараа цохисон. Тэгтэл Мөнхөө газарт унаад босож ирэхгүй байхаар нь хартал Мөнхөөгийн нүүр нь цэлдэн хөх болсон байсан. Тэгтэл Билгүүнболд Мөнхөөг өргөж миний орон дээр хэвтүүлээд байж байтал гаднаас ресепшн Золоо орж ирсэн. Золоо орж ирээд зүрхэн дээр нь массаж хийж дарсан. Билгүүнболд шууд амаараа хиймэл амьсгаа хийсэн. Манай эхнэр энэ үед гаднаас орж ирээд 103 дуудаад, 102 дуудсан. Эмнэлгийн тусламжийн эмч ирж үзээд толгой сэгсрээд гараад явсан. Мөнхөө Билгүүнболдыг огт цохиж зодоогүй, Мөнхөө “болиочээ” гээд л байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Золжаргалын өгсөн: “...Би Канзо нэртэй зочид буудлыг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс түрээсэлж байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 101 тоотод Ганзориг, Билгүүнболд, Мөнх-Эрдэнэ гурав нэлээн согтуу байсан. 19 цагаас 101 тоот өрөөнөөс маргалдах дуу чимээ сонсогдож байсан. Би эхнэр Солонго руу нь 19 цагаас 101 тоот өрөөнөөс маргалдах дуу чимээ сонсогдож байсан. Би эхнэр Солонго руу нь 19 цагаас 2 удаа залгаж өрөөнд чинь хүмүүс маргалдаад байна хурдан ир гэж хэлсэн. 19 цаг 04 минутад манай найз охин Оюун-Эрдэнэ гар утсаар залгаад гаднаас орж ирсэн. Бид хоёр гоймон чанаж идээд байж байхад 101 тоот өрөөний хүмүүс хоорондоо маргалдаж байсан нь улам чанга болж эхэлсэн... 101 тоот өрөөний хаалгыг онгойлгоод ороход газар намхан бор хөх биеийн тамирын цамц цэнхэр пүүзтэй эрэгтэй талийгаач Мөнх-Эрдэнэ нь дээш харсан байрлалтай хэвтэж байсан. Хар цамц шар өмдтэй өндөр туранхай Билгүүнболд нь орон дээр сууж байсан. Ганзориг нь хөнжил дотроо толгойгоо гараараа тулсан байдалтай нөгөө хоёрыгоо намайг харсан байдалтай орон дээрээ сэрүүн хэвтэж байсан. Намайг орохоос өмнө өрөөнд нь түс тас чимээ гарсан учраас би өрөөнд орсон. Би өрөөнөөс гараад эхнэр Солонго руу ахиад яриад өрөөнд чинь газар хүн хэвтсэн байна хурдан ир гээд ярьсан... Ганзориг Билгүүнболд руу хүн алчихлаа шүү дээ гээд орилсон. Орилохыг сонсоод 101 тоот өрөө рүү ороход газар хэвтэж байсан талийгаач Мөнх-Эрдэнэ нь толгой нь орны хөл рүү харсан дээш харсан байдалтай хэвтэж байсан Билгүүнболд цаад талд нь сандарсан байдалтай сууж байсан... Ганзориг Билгүүнболд руу чи хүн алчихлаа амьсгалахгүй байна амьсгаа байхгүй байна гээд хэлээд байсан. Би ороод судсыг нь барьж үзэхэд цохилт мэдрэгдэхгүй байсан. Билгүүнболд нь хиймэл амьсгаа хийхэд хоолойд нь шингэн юм юм тээглэсэн авиа гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2962 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1.Талийгаач О.Мөнх-Эрдэнийн цогцост их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд язрал, өвчүү, хоёр талын 2,3 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд язрал гэмтэл нь цохигдох үед, өвчүү, хоёр талын 2,3 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл нь сэхээн амьдруулах явцад үүссэн байх боломжтой. 3.Дээрх их, бага тархины орой суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, уруулд язрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, өвчүү, хоёр талын 2, 3 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл нь сэхээн амьдруулах явцад үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 5.2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02:30 цагийн цогцост үзлэг хийх үед нас бараад 6-8 цаг орчим болсон байжээ. 6.7.Талийгаач нь цусаар түгсэн сүрьеэ: уушги, элэг, нарийн бүдүүн гэдэсний сүрьеэгийн голомт, баруун уушгины дунд доод дэлбэнгийн буглаа, элэгний хатуурал, ходоод, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл өвчтэй байна. Эдгээр өвчин нь нас барахад нөлөөлөөгүй байна. 8.Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай байна. 9.Цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. 10.Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-120 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь толгой болон нүүрэн тус газарт мохоо буюу гараар цохих үед учрах боломжтой. Уг гэмтэл нь ихэвчлэн нүүрэн хэсэгт болон ар дагз хэсэгт цохилтын улмаас үүсгэгддэг. Талийгаачийн тархины битүү гэмтэл их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь 46 см өндөртэй орноос газар унах үед үүсэн боломжгүй. Талийгаачийн доод уруулын дотор салстад 0.3x0.1 см 3 тооны буюу ширхэг улаан ягаан өнгийн шинэ язрал цус хуралттай байсан бөгөөд уг гэмтэл гараар цохих үед үүсгэгдэх боломжтой байдаг. Өөр харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/,

           

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 2-13 дугаар хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Билгүүнболд нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канзо” нэртэй зочид буудлын 101 тоот өрөөнд О.Мөнх-Эрдэнийн биед халдаж, зодон хүнийг алах гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Билгүүнболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэлэнгийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...шүүгдэгчид сонсгосон зүйлчлэл тохирсон байна. Гэмт хэргийн улмаас нөхөн төлөгдөх ямар ч боломжгүй. Учир нь нас барсан хүн босож ирээгүй байна....” гэх санал,

 

            шүүгдэгч Б.Билгүүнболдын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа...” гэх саналыг,

            шүүгдэгч Б.Билгүүнболдын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...манай үйлчлүүлэгчийн зүгээс зүйлчлэл дээр маргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Шүүгдэгч Б.Билгүүнболд нь амь хохирогч О.Мөнх-Эрдэнэтэй архидан согтуурч байхдаа маргалдаж улмаар зодолдон түүний биед халдсан гэмт үйлдэл хийсэн болох нь мөрдөн байцаалтад гэрч О.Ганзоригийн өгсөн: “...Би Баянгол дүүргийн 17 дугаар хороо Канзо буудлын 101 тоотод түрээсээр сүүлийн 2 сар амьдарч байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...би орон дээр хэвтэж байхад Билгүүнболд, Мөнхөө нар хоорондоо хэрэлдээд, маргалдаад байсан. Хэрэлдээд байгаа гол шалтгаан нь 2 жилийн өмнө, Короногийн үед Мөнхөө нь Билгүүнболдыг хутгалж гэмтээж байсан талаараа ярилцаад, Билгүүнболд нь “чи намайг хутгалж гэмтээдэг, намайг байнга дээрэлхдэг хэн бэ” гэж маргалдаад байсан. Тэгтэл Билгүүнболд орон дээр сууж байхдаа сандал дээр сууж байсан Мөнхөөгийн хоолой руу гараараа цааш нь түлхтэл Мөнхөө хойш нь саваад унасан. Босож ирээд буцаад сандал дээрээ суугаад “болиочээ” гэхэд Билгүүнболд Мөнхөөгийн зүүн талын чамархай руу баруун гараараа цохисон. Мөнхөө цохиулахдаа хойд талд байсан хана толгойн дагз хэсгээрээ мөргөөд савж унаад, босож иртэл Билгүүнболд түүнийг дахиад зүүн чамархай хэсэгт баруун гараараа цохисон. Тэгтэл Мөнхөө газарт унаад босож ирэхгүй байхаар нь хартал Мөнхөөгийн нүүр нь цэлдэн хөх болсон байсан. Тэгтэл Билгүүнболд Мөнхөөг өргөж миний орон дээр хэвтүүлээд байж байтал гаднаас ресепшн Золоо орж ирсэн. Золоо орж ирээд зүрхэн дээр нь массаж хийж дарсан. Билгүүнболд шууд амаараа хиймэл амьсгаа хийсэн. Манай эхнэр энэ үед гаднаас орж ирээд 103, 102 дуудсан. Эмнэлгийн тусламжийн эмч ирж үзээд толгой сэгсрээд гараад явсан.Мөнхөө Билгүүнболдыг огт цохиж зодоогүй, Мөнхөө “болиочээ” гээд л байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч П.Золжаргалын өгсөн: “...Би Канзо нэртэй зочид буудлыг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс түрээсэлж байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 101 тоотод Ганзориг, Билгүүнболд, Мөнх-Эрдэнэ гурав нэлээн согтуу байсан. 19 цагаас 101 тоот өрөөнөөс маргалдах дуу чимээ сонсогдож байсан. Би эхнэр Солонго руу нь 19 цагаас 101 тоот өрөөнөөс маргалдах дуу чимээ сонсогдож байсан. Би эхнэр Солонго руу нь 19 цагаас 2 удаа залгаж өрөөнд чинь хүмүүс маргалдаад байна хурдан ир гэж хэлсэн. 19 цаг 04 минутад манай найз охин Оюун-Эрдэнэ гар утсаар залгаад гаднаас орж ирсэн. Бид хоёр гоймон чанаж идээд байж байхад 101 тоот өрөөний хүмүүс хоорондоо маргалдаж байсан нь улам чанга болж эхэлсэн... 101 тоот өрөөний хаалгыг онгойлгоод ороход газар намхан бор хөх биеийн тамирын цамц цэнхэр пүүзтэй эрэгтэй талийгаач Мөнх-Эрдэнэ нь дээш харсан байрлалтай хэвтэж байсан. Хар цамц шар өмдтэй өндөр туранхай Билгүүнболд нь орон дээр сууж байсан. Ганзориг нь хөнжил дотроо толгойгоо гараараа тулсан байдалтай нөгөө хоёрыгоо намайг харсан байдалтай орон дээрээ сэрүүн хэвтэж байсан. Намайг орохоос өмнө өрөөнд нь түс тас чимээ гарсан учраас би өрөөнд орсон. Би өрөөнөөс гараад эхнэр Солонго руу ахиад яриад өрөөнд чинь газар хүн хэвтсэн байна хурдан ир гээд ярьсан... Ганзориг Билгүүнболд руу хүн алчихлаа шүү дээ гээд орилсон. Орилохыг сонсоод 101 тоот өрөө рүү ороход газар хэвтэж байсан талийгаач Мөнх-Эрдэнэ нь толгой нь орны хөл рүү харсан дээш харсан байдалтай хэвтэж байсан Билгүүнболд цаад талд нь сандарсан байдалтай сууж байсан... Ганзориг Билгүүнболд руу чи хүн алчихлаа амьсгалахгүй байна амьсгаа байхгүй байна гээд хэлээд байсан. Би ороод судсыг нь барьж үзэхэд цохилт мэдрэгдэхгүй байсан. Билгүүнболд нь хиймэл амьсгаа хийхэд хоолойд нь шингэн юм юм тээглэсэн авиа гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Б.Билгүүнболд нь амь хохирогч О.Мөнх-Эрдэнэтэй маргалдан улмаар гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлээ ухамсарлаж довтолсон идэвхитэй үйлдэл хийжээ.

2. Шүүгдэгч Б.Билгүүнболдын гэмт үйлдлийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч үхэлд хүргэсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2962 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1.Талийгаач О.Мөнх-Эрдэнийн цогцост их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд язрал, өвчүү, хоёр талын 2,3 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд язрал гэмтэл нь цохигдох үед, өвчүү, хоёр талын 2,3 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл нь сэхээн амьдруулах явцад үүссэн байх боломжтой. 3.Дээрх их, бага тархины орой суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, уруулд язрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, өвчүү, хоёр талын 2,3 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл нь сэхээн амьдруулах явцад үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 5.2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02:30 цагийн цогцост үзлэг хийх үед нас бараад 6-8 цаг орчим болсон байжээ. 6.7.Талийгаач нь цусаар түгсэн сүрьеэ: уушги, элэг, нарийн бүдүүн гэдэсний сүрьеэгийн голомт, баруун уушгины дунд доод дэлбэнгийн буглаа, элэгний хатуурал, ходоод, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл өвчтэй байна. Эдгээр өвчин нь нас барахад нөлөөлөөгүй байна. 8.Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай байна. 9.Цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. 10.Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 116-120 дугаар хуудас/ нотлогдон тогтоогдож байна. Хэргийн үйл баримтаас нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б.Билгүүнболдын гэмт үйлдлийн улмаас амь хохирогч О.Мөнх-Эрдэний амь хохирсон үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх тул шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив болон объектив шинжүүдийг бүрэн хангаж байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Билгүүнболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Билгүүнболдыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Билгүүнболд нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.Мөнх-Эрдэнийн амь нас хохирсон нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох юм.

Шүүгдэгч Б.Билгүүнболд нь нийт 20,891,367 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэлэнгэ нь баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүхэд нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэлэнгээс сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нөхөгдөшгүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүнболдыг 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх...” гэх санал,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналаас багагүй ял оногдуулна уу...”  гэх санал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цолмон-Эрдэнэ “...гэм буруу дээр маргаагүй, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, бусдад төлөх төлбөр байхгүй, хувийн байдал, бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан 10.1-1 заасан хамгийн доод хэмжээгээр ялыг оноож өгнө үү.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос: “...тухайн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Түүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулах боломж байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулах, цагдан хоригдсон хоногийг хасах саналтай байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах талаар санал гаргасан. Уг заалт нь заавал хэрэглэнэ гэсэн заалт биш бөгөөд шүүхэд эрх олгосон заалт учир шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршиг зэргийг харгалзан хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Билгүүнболдод 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүнболдын цагдан хоригдсон 188 хоногийг эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Билгүүнболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүнболдод 10 жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Билгүүнболдод оногдуулсан 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 188 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Билгүүнболд нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сэлэнгэ нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Билгүүнболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                         Ц.ДАЙРИЙЖАВ

 

             ШҮҮГЧ                                          Н.НЯМДАВАА