Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1243

 

 

 

 

 

 

     2019          12             17                                        2019/ДШМ/1243                                

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

хохирогч Г.Жавзан, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

хохирогч Д.Маралмаа,

иргэний хариуцагч Б.Батболд, түүний өмгөөлөгч Т.Туул,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1627 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Б.Батболд, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн 11903007720349 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А нь согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 6 дугаар сарын 28-ны 23 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Жаст” шатахуун түгээх станцын хойд замд “Hyundai Porter” маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Жавзангийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн 87-42 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Г.Жавзангийн эрүүл мэндэд хүндэвтэр, “Hyundai Porter” маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Маралмаа, А.Бат-Орших нарын эрүүл мэндэд мөн хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Аг шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.Батболд нараас тус бүр 3.450.050 төгрөг гаргуулж хохирогч Г.Жавзан /ЧН57020304/-д, 187.123 төгрөг гаргуулж хохирогч Д.Маралмаа /ОК00230303/-д тус тус олгохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа, А.Бат-Орших, иргэний хариуцагч Б.Батболд нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Агаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад цагдан хорих таслан сэргиийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Иргэний хариуцагч Б.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар зүйлд “...хариуцагч Б.Батболд нараас тус бүр 3.450.050 төгрөг гаргуулж хохирогч Г.Жавзанд, 187.123 төгрөг гаргуулж Д.Маралмаад олгосугай” гэсэн нь оролцогч миний хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн мөн намайг тээврийн хэрэгслийг согтуу хүнд шилжүүлээгүй байхад шилжүүлсэн гэж Иргэний хуулийн 499-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зам тээврийн ослоос учирсан хохирлыг арилгуулахаар заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдож байна. Тухайлбал:

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн №15202 дугаартай үнэлгээгээр миний ашиглаж байсан “X” портер маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зарим эд ангиуд эвдэрч ашиглагдахгүй болж надад 2.980.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. (хх 96-98-р тал) Мөн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр би ахмад О.Гарьдад (хх 91-р тал) “өөрийн машинд учирсан хохирлыг бусдаас нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг өгсөн. Дээрх бичиг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан ноцтой зөрчил мөн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг анхаарч үзээгүй дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Хохирогч гэж эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон байна.

Зам тээврийн осол болсон 2019 оны 6 дугаар сарын 28-нд би гэртээ байгаагүй. Нэгдүгээр эмнэлэг дээр эмчид үзүүлж байсныг нотлох эмчийн үзлэгийн тэмдэглэл байгаа юм. Би Бат-Оршиход автомашиныг өгч явуулаагүй гэж мөрдөн байцаалтад (хх- 091-р тал) мэдүүлж байсан бас хохирогч Б.Бат-Орших, (хх 67-69-р тал) Д.Маралмаа (хх 44-45-р тал) нар гэрчилсэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1-д зааснаар согтуу хүнд тээврийн хэрэгсэл өгч явуулсан гэж ослын улмаас учирсан хохирлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Дээрх хэргийг хэлэлцсэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг уншихад дээрх нөхцөл байдлын талаар надаас тайлбар мэдүүлэг аваагүй .

Осолд орсон “X” портер маркийн16-14УНЕ улсын дугаартай автомашиныг өмчлөгч нь “Тэргүүн эгнээ“ ХХК (хх-97-р тал) болохыг нотолсон бичиг баримт хавтаст хэрэгт бий, миний хувьд эзэмшигч гэсэн албан ёсны бичиг баримт байхгүй, би одоо хийсэн тогтсон ажилгүй, орлогогүй, дүүгийндээ амьдардаг ганц бие хүн. Би эрүүгийн хэргийн материалыг уншиж танилцаагүй, шүүх хуралдаан дээр надаас тайлбар, мэдүүлэг аваагүй. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа би өөрийгөө иргэний хариуцагч юм байна гэж ойлгосон. Урьд нь өөрийгөө хохирогч гэж ойлгоод өмгөөлөгч аваагүй. Би 2-р ангиасаа сургуулиас гарсан, бичиг үсэг болон бусдын хэлсэн зүйлийг хагас дутуу ойлгодог, урьд нь толгой руугаа хүнээр цохиулснаас болоод ойлгох чадвар муудсан байх гэж боддог

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1627 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р зүйлийн Б.Батболд надад холбогдох заалтыг хүчингүй болгон 3.450.050 болон 187.123 төгрөгийг “X” Портер маркийн 16-14 улсын дугаартай автомашины өмчлөгч болох “Тэргүүн эгнээ“ ХХК-иар төлүүлэх, “X” Портер маркийн 16-14 УНЕ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг согтуугаар автомашин жолоодсон Б.Агаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хурлаас хохирол нөхөн төлүүлэх 5 хоногийн хугацаа авсан боловч энэ хугацаанд хохирол барагдуулах мөнгө ирж амжаагүй байсан тул дээрх ял шийтгүүлсэн. Одоо хохирлоо бүрэн барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Жавзанд 3.450.050 төгрөг, хохирогч Д.Маралмаад 187.123 төгрөгийг тус тус олгож хохирлоо барагдуулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, ял шийтгэл нь хүндэдсэн, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй ял шийтгэл оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээгээр буюу 3 жилийн хорих ялаар шийтгэснийг ял хүндэдсэн гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохтой холбогдуулж 5 хоногийн хугацаа авсан. Энэ хугацаандаа хохирол төлж чадаагүй нь үнэн боловч, шүүх хуралдаанд хохирлоо 7 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Б.Агийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш гэм буруугаа ойлгож, ухамсарлаж, хохирлоо нөхөн төлсөн. Хувийн байдлын хувьд даруу төлөв зантай. Эхээс ганцаараа. Эх Отгонжаргал нь ходоодны хорт хавдрын улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиа алдсан. Байнгын асаргаа, сувилгаанд байх шаардлагатай. Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ...” гэв.

Иргэний хариуцагч Б.Батболдын өмгөөлөгч Т.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дүгээр зүйлийг барьж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дугаар зүйлд “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” буюу зөвшөөрөлгүй авч явсан этгээд хохирлыг хариуцах боловч, өмчлөгч буюу эзэмшигч боломж олгосон тул гэж байгаа. Манай үйлчлүүлэгчийн хувьд тийм боломж олгоогүй. Б.Батболдыг эмнэлэг явсан хойгуур дунд сургуулийнх нь хүүхдийг загнаад гэрт орхисон түлхүүрийг нь  аваад явсан болох нь хохирогч Д.Маралмаагийн мэдүүлгээр нотлогддог. Мөн “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн №15202 дугаартай үнэлгээгээр “X” портер маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зарим эд ангиуд эвдэрч ашиглагдахгүй болж 2.980.000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс харахад би өөрт учирсан хохирлоо бусдаас нэхэмжилнэ, машинаа үнэлүүлнэ гэсэн. Боловсролын хувьд “би хоёрдугаар ангиасаа сургуулиасаа гарчихсан юм” гэдэг. Тиймээс өөрөө ямар боловсролтойгоо мэдэх эсэх асуудал дээр эргэлзээтэй санагдсан. Мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох боломж байхад мөрдөн байцаалтын шатанд хангаж өгөөгүй эрх зөрчсөн байхад, анхан шатны шүүхээс эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэлт хийсэн...” гэв.

Хохирогч Г.Жавзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эдгээр хүмүүсээс хохирлоо гаргуулж авмаар байна. Миний бие жаахан муу байна. ...” гэв.

Хохирогч Г.Жавзангийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А нь анхан шатны шүүх хуралдаан дээр жолоо барьж явсан, яваагүй буюу гэм буруугийн асуудал дээр маргадаг. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хорих ял аваад үнэнд гүйцэгдээд ирэх цагт гэм буруугаа хүлээн давж заалдах шатанд гомдол гаргаж, хохирол болох 3.450.050 төгрөгийг төлсөн. Үүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхэд эргэлзээтэй. Эхнээсээ гэм буруугаа хүлээгээд, хохирол төлбөрөө төлчихсөн бол хөнгөрүүлэн үзэх нөхцөл байсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн иргэний хариуцагч Б.Батболд анхан шатны шүүх хуралдаанд шүүгч “Таныг иргэний хариуцагчаар тогтоосон байна. Та хохирол төлбөрөөс төлөх үү” гэхэд, иргэний хариуцагч “би төлнөө” гэж хариулж байсан. Харин одоо давж заалдах шатанд хохирол төлбөр төлөх болоод ирэхээр бичиг үсэг мэдэхгүй, бараг л мэдрэл муутай болоод байх юм. Миний үйлчлүүлэгч Г.Жавзан энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Маш олон хавирга хугарч, мөн эд хөрөнгөөрөө хохирсон тул хохирлыг төлж барагдуулах хууль зүйн үндэслэлтэй байна ...” гэв.

Хохирогч Д.Маралмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн хувьд тээврийн хэрэгслийн эзэмшигч учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирол төлөх ёстой. Өөрт учирсан хохирлоо буцаагаад Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гарсан учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 6 дугаар сарын 28-ны 23 цаг 17 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Жаст” шатахуун түгээх станцын хойд замд “Hyundai Porter” маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Жавзангийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн 87-42 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Г.Жавзангийн эрүүл мэндэд хүндэвтэр, “Hyundai Porter” маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Маралмаа, А.Бат-Орших нарын эрүүл мэндэд мөн хүндэвтэр хохирол учруулан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Жавзангийн “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн орой 23 цагийн үед Амгалан өртөөнд байх гэр лүүгээ явах гээд өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 87-42 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хууль сахиулах их сургуулийн баруун замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 1-р эгнээгээр 20-30 орчим км цагийн хурдтай явж байхад гэнэт эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн ачааны автомашин урсгал сөрөөд орж ирээд миний машины урд хэсэг рүү маш хүчтэй мөргөсөн. ...Тухайн үед улаан цамцтай байсан залуу буюу А- гэх хүн жолоо барьж явсан. Портер маркийн автомашин баруун урд талаар мөргөлдсөн. Тэр машины баруун талын хаалга онгойхгүй дотор нь сууж явсан хүүхэн залуу 2 гарч чадахгүй байсан. Ослын дараа А- гэх залуу хамгийн түрүүнд автомашины зүүн талаар бууж ирээд над руу “яаж явж байнаа” гээд дайраад байсан. Машины баруун талд нь сууж явсан хүүхэн залуу 2 машинаас бууж ирээгүй түргэн ирээд машинаас гаргахад хөл нь хугарсан байна гэсэн. Улаан цамцтай буюу А- тэр хавиар гүйгээд яваад байсан. Х.Портер маркийн 16-14 УНЕ дугаартай автомашиныг тэр үед улаан цамцтай байсан А- жолоодож явсан юм. …” /хх 20-23/,

хохирогч Д.Маралмаагийн “...Тэгсэн Бат-Орших архи уумаар байна, миний машины түлхүүрийг өг гээд дүү рүүгээ уурлаад үлдсэн. А- бид 2 алхаад явж байхад Бат-Орших араас машинаа унаад хүрээд ирсэн. Тэгснээ бид хоёрыг суучих буудал руу дөхүүлээд өгье гэхээр нь бид 2 машинд орж суусан. Тухайн үед Бат-Орших машинаа жолоодоод А- голд нь суугаад би хамгийн баруун захад суусан. Тэгээд Ботаникийн эцэс дээр очоод тэндээс Бат-Орших Жанжин клуб руу эргээд гэр лүүгээ явна гээд явж байсан. Тэгээд Ботаникийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад эсрэг урсгалаас ирж байсан Т.Приус маркийн машины өөдөөс урсгал сөрөөд мөргөлдсөн. Тэгээд нэг мэдсэн би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн гадаа баахан хүмүүс ирчихсэн байсан. Миний хажууд буюу зүүн гар талд А- сууж байсан. …” /хх 44-45/,

хохирогч А.Бат-Оршихын “... машин дотроо А-тай пиво хувааж уусан. Найз охин нь пивоноос уугаагүй. Тэгээд би согтоод байсан болохоор за за согтоод байна машинаа оруулж тавъя гээд би өөрөө машинаа жолоодоод Батболд ахын хашаанд оруулж тавьсан. Ойролцоогоор 200 метр газар жолоодож явсан. Тэгээд хашаанаасаа гараад алхаад явж байхад А- намайг хүргэж өг л дөө гээд байхаар нь буцаж ороод машинаа аваад А-г найз охины хамт суулгаад хойшоо Батоникийн эцэс орох гээд гэрээс гараад 100 метр явж байхад би машинаа жолоодож чадахгүй болоод байхаар нь би машин барьж чадахгүй байна гэсэн чинь А- би баръя гэхээр нь чи гайгүй юм уу гэсэн чинь А- зүгээр байна гэхээр нь би А-д машинаа өгөөд явсан. Тэгсэн Цагдаагийн академийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд аймаар хурдан хүчтэй хаазлаад яваад байхаар нь би ямар аймар хурдтай явдаг юм бэ гэсэн чинь за за одоо зөөлөн явна гэж байсан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. ...Надаас машин авах үедээ машины баруун талаар тойроод жолоочийн талд суугаад найз охин нь баруун тал руу суугаад би голд суусан юм...” /хх 67-68/,

иргэний хариуцагч Б.Батболдын “...Одоогоос бараг 2 жилийн өмнө худалдаж авсан юм. Тэр үед “Тэргүүн эгнээ” гэдэг ХХК-ийн нэр дээр байхаар нь нэрийг шилжүүлээд өгөөч гэсэн за гээд миний бичиг баримтыг авч яваад удаад байхаар нь за за баримтыг минь өгчих би хөдөө явах гээд байна гээд тэр хүнээс авчихсан юм гээд тэрнээс хойш уулзаагүй машиныхаа нэрийг шилжүүлж авч чадахгүй байгаа юм. Авсанаасаа хойш би өөрөө татвар даатгалыг нь төлөөд явж байгаа. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 17 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Жаст ойл” ШТС-н арын замд гарсан зам тээврийн ослын улмаас машины урд хэсэг тэр чигээрээ эвдэрсэн байгаа. ...Би Бат-Оршихыг унаж бай гэж түлхүүр өгөөгүй, машины түлхүүр болон машин манай хашаанд байсан. Тэр өдөр намайг эмнэлгээр явж байхад гэрээс түлхүүр аваад машин унаад явсан байсан. ...” /хх 91-92/,

гэрч Д.Ундармаагийн “... шатахуун аваад байж байхад зам тээврийн осол болсон. Намайг очиход портерын баруун талын захад эмэгтэй хүн гарч чадахгүй байхаар нь 105 дуудсан. Портерыг хэн нь жолоодож явсаныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг залуу гарчихсан яваад байсан. …” /хх 99-10/,

гэрч Б.Энхбаярын “... шатахуун авах гээд зогсож байхад түс тас гээд чимээ гарахаар нь хартал 2 машин мөргөлдсөн байхаар нь би 30-аад секундын дотор тэр газар очсон. Намайг очиход портер маркийн машины жолооч талын цонхоор улаан цамцтай залуу унаж байсан. Тэгээд босож ирээд доголоод байсан. Сая зургийг үзэхэд жолооч талаас бууж ирсэн улаан цамцтай залуу нь А- гэдэг нь мөн байна. Тэр залуу хаалгаа онгойлгож чадахгүй цонхоороо бууж ирсэн. Тэгээд шууд мөргүүлсэн приүс маркийн машин дээр очоод жолооч талын хаалга онгойлгоод та яаж яваад байгаа юм бэ гэж байсан. Портерын баруун захад нь эмэгтэй, наад талд нь буюу голд нь нэг залуу сууж байсан. ...Тэрнээс өмнө улаан цамцтай залуу баруун талын захад сууж явсан охин дээр очоод хайраа би машин барьж яваагүй тээ гээд байхад нөгөө охин нь чамаас болж миний хөл ийм болчихлоо гээд орилоод байсан…” /хх 104-106/ гэх мэдүүлгүүд,    

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Г.Жавзангийн биед зүүн талын 4,5,6,7,8,9-р хавирганы зөрөөгүй хугарал, цээж, хэвлий, баруун өвдөг, зүүн тахимны цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх зүүн талын 4,5,6,7,8,9-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...”,  

“... Д.Маралмаагийн биед баруун хөлийн дунд чөмөг, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. …”

“...Бат-Оршихын биед баруун хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...”  /хх 110-112, 113-115, 123-124/ гэх дүгнэлтүүд,

хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимейт” ХХК-ийн “...87-42 УНҮ улсын дугаартай тоёота приүс 11 маркийн тээврийн хэрэгслийн их эвдрэлтэй солих эд анги: урд буфер  450.000 төгрөг,  урд 2 гэрэл 400.000 төгрөг, зүүн урд Крыло 90.000 төгрөг, капот 120.000 төгрөг,  урд буферын суурь 35.000 төгрөг,  урд салхины шил 120.000 төгрөг,  жолооч болон зорчигчийн ослын дэр, компьютер, мөөгөн салон, аюулгүйн бус 480.000 төгрөг, баруун урд крыло 80.000 төгрөг,  цахилгаан мотор 400.000 төгрөг,  үндсэн мотор /бинзен/ 400.000 төгрөг,  хурдны хайрцаг /хроп/ 450.000 төгрөг,  моторын лап 40.000 төгрөг, усны сав 30.000 төгрөг, радиотор /ком/ 260.000 төгрөг,  цахилгаан моторын помп 120.000 төгрөг, коллектор 40.000 төгрөг, тормозны шингэний банк 20.000 төгрөг, урд тэвш 60.000 төгрөг, цахилгаан моторын суурь 25.000 төгрөг, агаарын хоолой 20.000 төгрөгний үнэлгээтэй,

 

Засварлах эд анги: зүүн урд лонжром 160.000 төгрөг,  баруун урд лонжром 120.000 төгрөг,  зүүн урд шанаа 100.000 төгрөг,  баруун урд шанаа 70.000 төгрөг, урд нүүрний хөндөл, панел /дээд доод/ 160.000 төгрөг, буфер, 2 крыло, капот, панел шанаа будах зардал 280.000 төгрөгний үнэлгээтэй,

400 гр будаг, туслах материал, лак 80.000 төгрөг, эд анги солих зардал 250.000  төгрөгний үнэлгээтэй, нийт 4.860.000 төгрөгийн зардалын үнэлгээтэй. ...” /хх 32-40/,

хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн “...16-14 УНЕ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн их эвдрэлтэй солих эд анги:  урд буфер  90.000 төгрөг,  баруун хаалга 130.000 төгрөг, дан кабин 1.400.000 төгрөг, кроп 150.000 төгрөг, үндсэн рам 500.000 төгрөг,  урд салхины шил 90.000 төгрөг, урд ком салон 100.000 төгрөг, баруун урд их гэрэл, дохио, хүрээ 50.000 төгрөг, баруун урд булан шанаа 25.000 төгрөг, баоуун толь 30.000  төгрөгний үнэлгээтэй, Кабин будах 500 гр будаг, туслах материал, лак 195.000 төгрөг, эд анги солих зардал 220.000  төгрөгний үнэлгээтэй, нийт 2.980.000 төгрөгийн зардалын үнэлгээтэй. …” /хх 96-98/ гэх хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...уг зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн дотрох, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай хайсгүй зам байв. 16-14 УНЕ улсын дугаартай х.портер маркийн автомашин, 87-42 УНҮ улсын дугаартай т.приүс маркийн авто машинууд ертөнцийн зүгээр зүүн урагш харан зогссон байв. 16-14 УНЕ улсын дугаартай х.портер машинд зорчиж явсан 3 зорчигч төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Онцгой байдлын 105-ын алба хаагчид гаргаж авсан байв. Х.портерт явсан 3 хүнийг 103-аар ГССҮТ-д хүргэсэн. 2 автомашин анх мөргөлдсөн гэх А цэгийг 87-42 УНҮ улсын дугаартай т.приүс маркийн автомашины жолооч Г.Жавзан болон хэргийн газарт үлдсэн автомашины эвдрэл гэмтэл, ул мөрийг үндэслэн авав. 16-14 УНҮ улсын дугаартай х.портер маркийн автомашин замын хойно байх уулзвараар орж, үргэлжилсэн цагаан шугамыг давж зүүн эргэх үедээ ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах урсгалын 2-р эгнээнд мөргөлдсөн байв. 4 гэсэн тоогоор х.портер маркийн автомашины дугуйн даралтын тоосон мөрийг, 5 гэсэн тоогоор х.портер маркийн автомашины дугуйн зураасан мөрийг, А үсгээр 2 автомашины анх мөргөлдсөн гэх цэгийг, үл хөдлөх цэгээр замын урд байрлах 125 дугаартай гэрлийн шонг авч В үсгээр тэмдэглэв... ” гэх тэмдэглэл /хх 3-4/,

Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн №86663566 дугаартай дуудлагын лавлагааны хуудас /хх 2/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 13-14/,

ослын талаарх бичлэгт хийсэн “... бичлэгийн 23:17:11 секундэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд портер маркийн автомашин зүүн гар тийш даялаад эсрэг урсгал руу орох үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байгаа автомашин зогсох үед замын 1 дүгээр эгнээгээр явж байсан автомашинтай мөргөлдөөд зогсов” гэх тэмдэглэл /хх 15/,

шүүгдэгч Б.Агийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “драйгер багаж ашиглан шалгахад 1,31% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 141/,

хохирогч Д.Маралмаагийн ГССҮТ-ийн 08502 дугаартай, хохирогч А.Бат-Оршихын ГССҮТ-ийн 08508 дугаартай өвчний түүхийн хуулбарууд /хх 151-166/ зэрэг хэрэгт ач

холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Аг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Иргэний хариуцагч Б.Батболдын “...3.450.050 болон 187.123 төгрөгийг “X” Портер маркийн 16-14 улсын дугаартай автомашины өмчлөгч болох “Тэргүүн эгнээ“ ХХК-иар төлүүлэх, “X” Портер маркийн 16-14 УНЕ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг согтуугаар автомашин жолоодсон Б.Агаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэргийн 90, 91 дүгээр хуудсанд мөрдөгчийн тогтоолоор Б.Батболдыг иргэний хариуцагчаар татаж, эрх үүргийг тайлбарласан байна.

Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн

сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий хариуцагчаар татагдсан этгээдийг ойлгодог.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заажээ.

Иргэний хариуцагч Б.Батболдын “...надад Х.Портер маркийн 16-14 УНЕ дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Одоогоос бараг 2 жилийн өмнө худалдаж авсан юм. Тэр үед “Тэргүүн эгнээ” гэдэг ХХК-ийн нэр дээр байхаар нь нэрийг шилжүүлээд өгөөч гэсэн за гээд миний бичиг баримтыг авч яваад удаад байхаар нь за за баримтыг минь өгчих би хөдөө явах гээд байна гээд тэр хүнээс авчихсан юм гээд тэрнээс хойш уулзаагүй машиныхаа нэрийг шилжүүлж авч чадахгүй байгаа юм. Авсанаасаа хойш би өөрөө татвар даатгалыг нь төлөөд явж байгаа. ...” гэсэн мэдүүлгээс үзвэл тухайн автомашины бүртгэл түүний нэр дээр биш боловч тэрээр эзэмшигч болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн иргэний хариуцагч Б.Батболд мөрдөх шалгах шатанд болон анхан шатны шүүхэд Х.Портер маркийн 16-14 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг Б.А миний зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд давж заалдах гомдолдоо энэ талаар дурьджээ.

Хэрэгт авагдсан хохирогч А.Бат-Оршихын “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шороо зөөх болохоор гэртэй 16 цагийн үед очоод авга Батболд ахын Х.Портер маркийн 16-14 УНЕ дугаартай автомашиныг аваад гарсан. Гарахдаа бэр эгч болох Болормоод машин аваад явлаа гэсэн чинь болгоомжтой яваарай гэсэн...” гэсэн мэдүүлгээс дүгнэвэл иргэний хариуцагч Б.Батболд Х.Портер маркийн 16-14 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг А.Бат-Оршиход ашиглах боломж олгосон гэж үзэхээр байна.  

Иргэний хариуцагч Б.Батболд мөрдөн байцаалтад “...бүрэн дунд боловсролтой...” гэж мэдүүлсэн байх бөгөөд түүнийг 2-р ангиасаа сургуулиас гарсан, бичиг үсэг болон бусдын хэлсэн зүйлийг хагас дутуу ойлгодог, урьд нь толгой руугаа хүнээр цохиулснаас болоод ойлгох чадвар муудсан гэх баримт хэрэгт алга.

            Дээрх байдлуудыг нэгтгэсэн дүгнэвэл анхан шатны шүүх иргэний хариуцагч, шүүгдэгч нараас хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.А “...Одоо хохирлоо бүрэн барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. ...”,  түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү “...Б.Агийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш гэм буруугаа ойлгож, ухамсарлаж, хохирлоо нөхөн төлсөн. ... Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалттай.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хөхүүлэн дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.

Гэтэл шүүгдэгч Б.Агийн хувьд гэм буруугаа хүлээж буй байдлын дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялыг багасгах, тэнсэх зорилго агуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.А нь мөрдөнз шалгах явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаж байсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй байна.

Аливаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид иргэний журмаар нэхэмжлэл гаргах, хэнийг хариуцагчаар татах нь тэдний эрх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад Б.Агаас хохирол нэхэмжлэх эрхтэй гэж шууд заасныг зөвтгөж шийдвэрлэлээ.

 

Иймд иргэний хариуцагч Б.Батболд, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1627 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа, А.Бат-Орших, иргэний хариуцагч Б.Батболд нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар үүрэг бүхий этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, иргэний хариуцагч Б.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

 

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/1627 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа, А.Бат-Орших, иргэний хариуцагч Б.Батболд нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар үүрэг бүхий этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, иргэний хариуцагч Б.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ