| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0091/З |
| Дугаар | 221/МА2025/0117 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0117
“М Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0958 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Д-ийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М Э” ХХК
Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц, Г.Э
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А
Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц, Г.Э
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0091/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0958 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ын 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2, 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ы 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-12.1.35, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ы 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ы 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.6.2, 14.6.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М Э” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц, Г.Э нарт холбогдуулан гаргасан “... 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-262300000** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Д дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Татварын шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр улсын байцаагч Б.Б, А.Б нар шалгаж эхэлсэн боловч тодорхой шалтгаан байхгүй байхад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн тухай үеийн дарга байсан Б.М нь хувийн ашиг сонирхлын үүднээс өөрчлөлт оруулж Р.Ц, Г.Э нараар шалгуулж акт үйлдсэн. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Р.Ц, Г.Э нар шалгалт хийгээгүй, шалгалтын явцад процедурын алдаа гарсан. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өдөр 416.2 сая төгрөгийн барилгын материалын худалдан авалтын төлбөрийг харилцагч байгууллагын кассаар шилжүүлсэн 416,2 сая төгрөгийг 2018 оны санхүүгийн тайланд урьдчилж төлсөн шууд зардалд тусгасан. Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвар нэмээгүй дүнгээр тусгасан. 2019 онд гаалиар оруулсан 416.2 сая төгрөгийн бараанд гаалийн татварт 20.8 сая, нэмэгдсэн өртгийн албан татварт 43.7 сая төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны санхүүгийн тайланд шилжүүлсэн төлбөр болон гаалийн татварын 437.1 сая төгрөгийг өртөг шингээж тайлагнах байсныг 2018 онд шилжүүлсэн төлбөрөө тайландаа шууд зардалд тусгасан тул 2019 онд импортоор орж ирсэн үйл ажиллагааны ашиглагдах барилгын материалын нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт ногдуулсан хасалт хийсэн, бүртгэл тайлан гаргахдаа алдаа гаргасан, татвараас зайлсхийх зорилгоор баримт бичиг хуурамчаар үйлдээгүй.
2.1. Мөн 241.363.636,37 төгрөгийн барилгын материалыг худалдан авахад “Х” ХХК-ийн и-баримтыг цахимаар бичиж өгснийг хий бичилт гэж мэдэх боломжгүй байсан. Харийн татварын албанаас хий бичилтийг тогтоосон бол бид 24.136.363,64 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр байхад алданги, торгууль, нийт 14.481.818,18 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоож биднийг хохироож байна.
2.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т заасныг бид зөрчөөгүй байхад шүүх ТОГТООХ нь хэсэгтээ “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.6.2, 14.6.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэж” дүгнэсэн.
2.3. Мөн “А” ХК-ийн ажлыг гүйцэтгэн 195.000.000,00 төгрөгийн орлого олсон нь санхүүгийн орлогын албан татварын тайлангаар нотлогдох бөгөөд үйл ажиллагаанд шууд холбогдолгүй гэх үндэслэлгүй тул нийт 16.481.381,37 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тал маргаж байхад шүүх энэ асуудлаар дүгнэлт хийлгүйгээр үндэслэлдээ дурдалгүй шийдвэр гаргасныг хуулийг нэг мөр хэрэглээгүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Ц, Г.Э нарын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн НА-262300000** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч татварын улсын байцаагч нар 2022 оны 09 дүгээр сарын **-ны өдрийн 26229025** дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “М Э” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалтыг явуулж:
- 2019 онд 996,655.20 төгрөгийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж төсөвт төлөх татварыг бууруулсан,
- 2019 онд 437,104,488.37 төгрөгийн үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй, импортын худалдан авалтын бараа материалыг санхүүгийн тайланд тайлагнаагүй /касс, харилцахад бараа материалын зардал гарсан гүйлгээгүй, мөнгөн гүйлгээний тайлангаар нотлогдоогүй ажил үйлчилгээ/ нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хэсэгт тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан,
- 2021 онд 241,363,636.37 төгрөгийн “Х” ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг 2021 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан,
- 2021 онд 103,008,636.37 төгрөгийн “Х” ХХК-ний үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж төсөвт төлөх татварын бууруулсан ... ” зөрчлүүдийг илрүүлж, маргаан бүхий НА-262300000** дугаар нөхөн ногдуулалтын актаар 78,347,007.16 төгрөгийн нөхөн татвар, 26,947,824.87 төгрөгийн торгууль, 15,669,401.43 төгрөгийн алданги, нийт 120,964,233.46 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
4. Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.
5.1. Гомдолд “... татварын улсын байцаагч Б.Б, А.Б нар шалгаж эхэлсэн боловч тодорхой шалтгаангүйгээр тухайн дарга Б.М нь хувийн ашиг сонирхлын үүднээс өөрчлөлт оруулж, Р.Ц, Г.Э нараар шалгуулж акт үйлдүүлсэн” гэжээ.
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх … хэрэгжүүлнэ” гэж, 41.13-д “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу баталсан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан[1] Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/70 дугаар тушаалын хавсралт “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын[2] 3.17-д “Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга дараах тохиолдолд томилолтыг өөрчилж болно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Баянгол дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.М нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр томилолтод өөрчлөлт оруулсны дагуу татварын улсын байцаагч Р.Ц, Г.Э нар хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт гаргасныг дээрх хууль, журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд хууль зөрчиж процедурын алдаа гаргасан, хувийн ашиг сонирхлоор томилсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.2. Мөн гомдолд “... 2018.12.29-ний өдрийн 416,2 сая төгрөгийн барилгын материалын худалдан авалтын төлбөрийг урьдчилж төлсөн шууд зардалд тусгасан, 2019 онд 416,2 сая төгрөгийн импортын бараанд гаалийн татвар төлсөн, 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн нь бүртгэл тайлангийн алдаа гаргасан, татвараас зайлсхийх зорилгогүй, хуурамч баримт бичиг үйлдээгүй ...” гэжээ.
5.2.1.Хэрэгт авагдсан тус компанийн 2018 оны 4 дүгээр улирлын Санхүүгийн байдлын тайлангийн “Хөрөнгө” хэсгийн 1.1.7-д “Урьдчилж төлсөн зардал/тооцоо”[3] хэсэгт ямар нэгэн үзүүлэлт тайлагнаагүй байна.
5.2.2. 2019 онд импортын 437,1 мянган төгрөгийн барилгын материал худалдан авалт хийж, гаалийн бүрдүүлэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч тухайн оны борлуулалтын орлогоос давсан тухайн оны худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж төсөвт төлөх татвар бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: …14.6.4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
5.2.3. Нэхэмжлэгч нь маргаан таслах зөвлөлд гаргасан уг зөрчилтэй холбоотой гомдол, нэхэмжлэл, давж заалдах гомдолдоо “бүртгэл тайлан гаргахдаа алдаа гаргасан. Барилгын материал импортолж оруулж ирж гаалийн татвар төлсөн нь нотлогдсон, ажил гүйцэтгэхдээ ашигласан, Хятад улсаас импортолсон зарим бараа материал нь одоо ч байж байгаа ...” гэх боловч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн ажил үйлчилгээг бүртгэж, тайланг гаргаж, тэдгээрт үндэслэн холбогдох татварын хуулиудад зааснаар татвараа өөрөө тодорхойлж төлөх үүрэгтэй бөгөөд уг баримт, бүртгэл тайлан хийгдээгүйгээс тухайн тайлант онд аль гүйцэтгэсэн ажилд, хэчнээн бараа, материал зарцуулсан, хэчнээн бараа материалын үлдэгдэлтэй байсан зэргийг тогтоох боломжгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авч, төлбөрийг багасгах үндэслэлгүй байна.
5.3. Мөн давж заалдах гомдолд “... 241,4 сая төгрөгийн бараа материал худалдан авахад Х ХХК-ийн цахимаар бичиж өгсөн хий бичилт гэдгийг бид мэдэх боломжгүй, татварын албанаас хий бичилтийг тогтоосон бол зөвхөн нөхөн татварыг төлөхөөр байхад торгууль, алданги төлүүлэхээр хохироож байна” гэх боловч хяналт шалгалтын явцад нягтлан бодогч Б.Н-тэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, ЦЕГ-ын НЦГ-ын 2023 оны 8и-1/4595 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар хий бичилттэй падааныг үндэслэн худалдан авалтад төлсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцон төсөвт төлөх татварыг бууруулсан нь тогтоогдсон байх тул татварын улсын байцаагчийн торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
5.4. Нэхэмжлэгч нь “... А ХХК-ийн 2021 онд 195,0 төгрөгийн ажил гүйцэтгэхдээ 103,0 сая төгрөгийн бараа материал зарцуулсан байхад шууд холбогдолгүй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх гомдол гаргасан боловч уг зөрчил нь дээрх Х ХХК-ийн хий бичилттэй падаантай холбоотой 2021 оны НӨАТ-ын тайланд тусгасан 241,4 сая төгрөгийн худалдан авалт хийсэн гэх төлбөрийн баримттай зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт 103,0 сая төгрөгийг тайлагнаж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэж, төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
5.4.1. Учир нь дээр 5.2.3 дахь хэсэгт дурдсанаар санхүүгийн анхан шатны бусад баримтууд, бүртгэл, тайланд тусгагдаагүй ажил гүйлгээг бодитой гарсан зардал гэж үзэж, татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулах боломжгүй, энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал: 16.1.1. энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал”, 13.1.2. ... орлого олохтой шууд холбогдон гарсан байх, 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж заасныг зөрчсөн зөрчил болно.
6. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Д-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ