Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/413

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******дод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000420 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 09-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ******* оршин суух бүртгэлтэй, урьд нь;

-2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Flamingo” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч М.*******ийн газарт санамсаргүй унагасан “IPhone 11” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу нийт 925.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлөөр хохирогчтой тохиролцсон байгаа.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305000000420 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.******* өгсөн “Би 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн хуурай дүү *******той хамт хорооллын “Flamingo” баар руу орсон. Манай хуурай дүү ******* намайг гэрт байхад ирсэн. Эхлээд өөр паб руу ороод 4 шил пиво хувааж уусан. Тэндээсээ гараад “Flamingo” баар руу бараг 12 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороод хоёулаа 0.5 литрийн Эдэн нэртэй архи авч уугаад нэг мэдсэн тасарчихсан байсан. Тэгж байгаад би гар утсаа унагаасан. Маргааш нь цагдаа ирж өргөдөл гаргаад камер шүүж үзэхэд би архи уугаад муудаад газар унахдаа өөрийн гар утсаа унагасан байсныг ******* аваад халаасандаа хийсэн байсан. Тэгээд ******* хүн залгаж байхад нь харчихаад шууд халаасандаа хийсэн байсан. Тухайн үед би сэрээд *******оос утсаа асуухад мэдэхгүй та камер шалгаад үз гэж байсан. Тэгээд шүүх гэтэл баар хааж байсан тул шүүлгээгүй. Маргааш нь сэрээд *******оос утасныхаа талаар асуухад мөн мэдэхгүй та цагдаад ханд гэж байсан. Бид хоёр баарнаас гараад 3 цаг өнгөрч байхад салсан. Бид хоёр баарнаас гараад баарны үүднээс салсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *******ын өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хорооллын Дүүхээгийн автобусны буудал дээрээс нэг өндөр казак бололтой яриатай нэг залуу миний таксинд суусан. Би уг залууг аваад хаа хүрэх вэ гэхэд эхлээд нэг хүүхэн авна тэгээд ломбард орно гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ гараад буудал хүргүүлье гэсэн. Буудлын цаад талаас нэг эмэгтэйг аваад явсан. Тэр хүүхнийг авах гэж 30 орчим минут болсон. Тэр хооронд бид хоёр нэлээн ярьж суусан. Тэр эмэгтэй нь өөр нэг залуутай хамт зогсож байсан ба тухайн эмэгтэйтэй ярьчихсан байгаа залууг нь явахаар нь авна гэж хэлсэн. Тухайн залуу мөнгө авах гэсэн утас болохгүй байна, би уурхай дээр ажиллаж байгаад ирсэн, гэрт мөнгө зөндөө байгаа би энэ хүүхэнтэй сая бааранд танилцсан юм та надад мөнгө зээлчих би танд дараа өгье гэсэн. Би тухайн залууг утсаараа банк руу яриад блокоо гаргуулчхаач дээ гэхэд утасныхаа кодыг мөн блоколсон байна гэж хэлсэн. Тэгээд нэг дэлгүүрийн гадаа зогсоод надаас 10.000 төгрөг дараа нь 20.000 төгрөг авсан. Тэгээд 13-р сургуулийн хойд талд байдаг нэг буудал руу хүргүүлээд бид гурав тэр буудал руу хамт ороод тэр залууг буудалдаа уугаад байж бай би шөнөдөө хүрээд ирье гэсэн. Тэгээд би өглөө хүүхэд хүргэх ажилтай байсан тул гэр рүүгээ явсан. Ямар ч байсан “Iphone” утас байсан. Ямар загвар гэдгийг нь мэдээгүй. Нэг тоонуудыг нь дарж үзээд хэд гэж хийлээ мартчихжээ гээд байсан. Миний утаснаас мэддэг хүнээсээ залгаад асуу гэхэд шөнө хүн рүү залгаад яахав гэсэн. Цаг шөнө 04 цаг өнгөрч байсан. Тэр залуу маргааш 100.000 төгрөг өгье гээд байсан. Надаас 53.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг 22 минутын бичлэгийг тоглуулахад хохирогчийн суусан гэх ширээнд үл таних хоёр эрэгтэй сууж байх ба дөрвөлжин шоотой цамцтай эрэгтэй газраас хар өнгийн гар утас мэт эд зүйл авч баруун халаасандаа хийн босоод явж байгаа бичлэг үлдсэн байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 05-06 дахь тал)

4. “Дамно” ХХК-ийн “IPhone 11 маркийн гар утас нэг ширхгийг 925.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч А.*******дын өгсөн: “Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед зүс таних ах *******тэй уулзаад паб орж сууж байгаад 00 цагийн орчимд хорооллын “Flamingo” нэртэй бааранд орж ширээнд суугаад 1 шил архи авч хувааж уугаад бүжиглэж байгаад ******* тасраад сандал дээр унтсан бөгөөд тухайн үед ******* гар утсаа газарт унагаачихаар нь би утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* сэрж ирээд надаас утсаа асуухаар нь би мэдэхгүй байна гэж хэлсэн бөгөөд ******* өөр тийшээ явна гээд такси бариад явахаар нь би мөн такси бариад буудалд очиж хонохоор явсан. Тэгээд би таксинд суугаад таксины жолоочид хандаж надад мөнгө зээлээч, би маргааш танд өгье гэтэл таксины жолооч надад бэлнээр 20.000 төгрөг өгөөд хорооллын Өргөөгөөс хойшоо яваад нэрийг нь мэдэхгүй зочид буудалд хүргэж өгсөн. Тэгээд таксины жолооч буудлын хоногийн мөнгө болох 37.000 төгрөгийг төлчхөөд мөнгөө маргааш ирээд авъя гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь би таксины жолооч руу залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд би өдөр 13 цаг хүртэл таксины жолоочийг хүлээсэн боловч ирээгүй. Тухайн үед би таксины жолоочоос зээлсэн мөнгөнийхөө барьцаанд *******ын гар утсыг өгсөн бөгөөд *******ын гар утасны кодыг мэдэхгүй тул таксины жолоочид өгөөд маргааш авъя гээд явуулсан. Тэгээд маргааш нь *******ын утас руу залгасан боловч мөн холбогдох боломжгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-79 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээр А.******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Flamingo” нэртэй шөнийн цэнгээний  газраар үйлчлүүлэхдээ 03 цаг 22 минут орчимд хамт явж байсан М.*******ийн гээгдүүлсэн “IPhone 11” загварын гар утсыг авсан хэргийн үйл баримт авагдсан байна.

А.******* нь хохирогч М.*******ийн эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 925.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:         

хохирогч М.*******ийн өгсөн “Би 2023 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өөрийн хуурай дүү *******той хамт хорооллын “Flamingo” баар руу орсон...Бааранд ороод хоёулаа 0.5 литрийн Эдэн нэртэй архи авч уугаад нэг мэдсэн тасарчихсан байсан. Тэгж байгаад би гар утсаа унагаасан. Маргааш нь цагдаа ирж өргөдөл гаргаад камер шүүж үзэхэд би архи уугаад муудаад газар унахдаа өөрийн гар утсаа унагасан байсныг ******* аваад халаасандаа хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч *******ын өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хорооллын Дүүхээгийн автобусны буудал дээрээс нэг өндөр казак бололтой яриатай нэг залуу миний таксинд суусан...Би тухайн залууг утсаараа банк руу яриад блокоо гаргуулчхаач дээ гэхэд утасныхаа кодыг мөн блоклсон байна гэж хэлсэн...Ямар ч байсан “Iphone” утас байсан. Ямар загвар гэдгийг нь мэдээгүй. Нэг тоонуудыг нь дарж үзээд хэд гэж хийлээ мартчихжээ гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 05-06 дахь тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-33 дахь тал), Яллагдагч А.*******ын өгсөн: “...******* гар утсаа газарт унагаачихаар нь би утсыг нь аваад халаасандаа хийсэн...Тухайн үед би таксины жолоочоос зээлсэн мөнгөнийхөө барьцаанд *******ын гар утсыг өгсөн бөгөөд *******ын гар утасны кодыг мэдэхгүй тул таксины жолоочид өгөөд маргааш авъя гээд явуулсан. Тэгээд маргааш нь *******ын утас руу залгасан боловч мөн холбогдох боломжгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Улсын яллагчаас А.*******ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос А.*******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч А.*******ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч А.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэж хохирогч М.*******т 925.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.*******оос 925.000 төгрөг гаргуулж хохирогч М.*******т олгохоор шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байгаа байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид мэдэгдэв.  

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, А.******* нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                

ТОГТООХ нь:

 1. ******* овогт ******* *******ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 925.000 төгрөг гаргуулж хохирогч М.*******т олгосугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ