| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00101/И |
| Дугаар | 00440 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 00440
| 2019 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00440 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч Б.Лгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Р-д холбогдох, 1,480,000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Л, С.Саранхүү нарт холбогдох 1,819,000 /нэг сая найман зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулах тухай Т.Р-ы гаргасан сөрөг нэхэмжлэлтэй 153/2019/00101/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, иргэдийн төлөөлөгч Л.Янжинсүрэн, нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Т.Р, хамтран хариуцагч С.Саранхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 03 дугаар сарын эхээр малаа төлөлүүлэхээр Т.Р-ы хашаанаас Ховд сумын нутаг руу нүүхдээ Т.Р-ы зөвшөөрлөөр цагаан хайрцагт эд зүйлүүдээ хийж амбаарт нь хураагаад, 2014 оны 7 дугаар сарын 20-нь үеэр ирж эд зүйлээ авах гэтэл хурган дотортой эмэгтэй хүний дээл, хурганы элдсэн арьс 15 ширхэг, хурганы элдсэн сагсаг арьс 25 ширхэг, оёдлын машины шорнок 1 ширхэг зэрэг зүйлүүд алга болсон байсан.
Энэ тухайгаа Ховд аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд тус газраас эрүүгийн 201521000413 дугаартай хэрэг үүсгэж шалгаж, Т.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж сэжигтнээр тооцсоныг Т.Р хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд надад 1.480.000 төгрөгийн хохирод учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Т.Р-ы үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэрэгсэхгүй болгосон бөгөөд гэмт хэргийн улмаас надад учруулсан хохирлоо Т.Р барагдуулахгүй байгаа тул хариуцагч Т.Раас 1.480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
....Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Т.Р, хамтран хариуцагч С.Саранхүү бид нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 1-рт. Б.Л би нэхэмжлэлийн шаардлага 1,480,000 төгрөг нэхэмжилснээс 700,000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 780,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
2-рт. Хариуцагч Т.Р нь нэхэмжлэгч Б.Л, хамтран хариуцагч С.Саранхүү нараас 1,819,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Б.Лд 700,000 төгрөгийг бэлнээр өгч эвлэрсэн тул нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж тохиролцов.
Энэхүү гэрээг талууд хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин маргахгүй болно гэж эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн гэв.
Хариуцагч Т.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая нэхэмжлэгчийн уншсанаар эвлэрсэн. Би сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь Т.Рд холбогдуулан 1,480,000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Р нь Б.Л, С.Саранхүү нарт холбогдуулан 1,819,000 /нэг сая найман зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Т.Р нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Лд бэлнээр төлж, Б.Л, С.Саранхүү нарт холбогдуулан гаргасан 1,819,000 /нэг сая найман зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлагаас 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг Т.Раас гаргуулахаас татгалзан эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Т.Р, хамтран хариуцагч С.Саранхүү нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Ры сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 45,100 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,350 төгрөгийн тал хувь болох 10,675 төгрөгийг хариуцагч Т.Раас гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгохоор тогтов.
Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Т.Р нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нь тус шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан С.Гансэлэмийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Лгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Рд холбогдох, 1,480,000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Л, С.Саранхүү нарт холбогдох 1,819,000 /нэг сая найман зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулах тухай Т.Ры гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Т.Р нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Лд бэлнээр төлж, Б.Л, С.Саранхүү нарт холбогдуулан гаргасан 1,819,000 /нэг сая найман зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлагаас 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг Т.Раас гаргуулахаас татгалзан нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Т.Р, хамтран хариуцагч С.Саранхүү нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нь тус шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан С.Гансэлэмийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Ры сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 45,100 /дөчин таван мянга нэг зуу/ төгрөгийг, нэхэмжлэгч Б.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,630 /гучин найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Раас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Т.Р нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МАРИНА