Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/458

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Ц.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305010320864 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 13-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багын Халбан гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ******* хороо, ******* байрны ******* оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр, Саппорагийн урд талын автобусны буудлын замын явган хүний гарцын ойролцоо *******ийг “автомашинаараа дайрах дөхлөө” гэх шалтгаанаар нүүрэн газарт гараараа цохих, хавсарч унгаах, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дээд уруулын язарсан шарх, 2 шүдний сулрал, зүүн гуя, баруун шууны цус хуралт” гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр, Саппорагийн урд талын автобусны буудлын замын явган хүний гарцын ойролцоо *******ийг “автомашинаараа дайрах дөхлөө” гэх шалтгаанаар нүүрэн газарт гараараа цохих, хавсарч унгаах, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дээд уруулын язарсан шарх, 2 шүдний сулрал, зүүн гуя, баруун шууны цус хуралт” гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),

Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 16 дахь тал),

Хохирогч *******ийн “Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед гэрээсээ халтуур хийх гээд 19 цагийн үед гарсан, тэгээд явж байгаад Салпарогийн урд талын автобусны буудлын тэнд явж байсан чинь автобусны буудлын баруун талд байдаг нэг зочид буудлын тэндээс нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн явган хүний гарцаар гарах гээд зогсож байсан, тэгэхээр нь би тухайн хоёр хүнийг гарцаар нь гаргуулах гээд явган хуний гарцын наана очоод машинаа зогсоогоод тухайн хоёр хүнийг урдуураа гаргасан ба яг урдуур гарч байсан чинь тухайн хоёр хүний эрэгтэй нь над дээр намайг дайрчихлаа гээд орилоод машины баруун талын карлон хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгож байгаад чи яаж байгаан гэсэн чинь шууд над руу хүрч ирээд намайг заамдаж аваад урд үүдэн шүд рүү шууд цохиод эхэлсэн. Би тэр хүний заамдсан гарыг нь тавиулах гээд түлхээд барахгүй доошоо тонгойсон чинь толгойны дагз хэсэг рүү цохиод эхэлсэн. Тэгээд миний таксинд явж байсан нэг эмэгтэй, тэр хүний эхнэр бололтой нэг эмэгтэй хүн тухайн хүний гарыг нь тавиулсан ба тэр хооронд би цаад талын хаалгаараа гараад буусан. Тэгээд намайг буугаад байж байсан чинь нөгөө эрэгтэй зугтах гээд цаашаа яваад байхаар нь би тэр хүнийг явуулахгүй барьж аваад зууралдаж зогсож байтал намайг хавсарч унагаагаад би толгойны хойд дагзны хэсгээрээ газар унаад, дараа нь намайг босгож ирээд дахид өшиглөөд байсан, тэр хооронд өөр машины жолооч цагдаад дуудлага өгсөн байсан ба тэр хүнийг цагдаад дуудлага өглөө гээд тэр хүнийг бас зодож эхэлсэн. Тэгээд байж байсан чинь тэр хүн цаашаа эхнэрийн хамт яваад өгсөн, тэгэхээр нь би танай гэрийг чинь мэдэж авна гээд араас нь дагаад явж байсан чинь, араас 2 цагдаа хүрч ирээд тэр хүнийг барьж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

Гэрч гийн “...2023 оны 02 дугаар сарын 13-нд манай нөхөр найз нартайгаа гадуур явж байна гэхээр нь би утсаар яриад хаана байгаа талаар асуусан чинь “ТНТ” гээд зочид буудлын паб дотор байна гэхээр нь би гадаа нь очоод нөхөртэй утсаар ярьсан чинь гадаа нь байна гээд хэлсэн чинь найз нь болох н.Мөнхбаттай хамт гарч ирээд тэндээсээ бид хоёр салсан юм. Бид хоёр манай гэр ойрхон байдаг тул гэртээ харих гээд алхаж байгаа ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Ти Эл” зочид буудлын гадаа очоод зам гарах гэж байхад нэг машин төв замаас баруун эргээд бид хоёр дээр тулж ирээд бараг мөргөх алдаад зогссон юм. Тэгээд бид хоёр нөгөө жолоочид уурлаад хөөе чи хүн мөргөлөө гээд хэлсэн чинь мөргөөгүй гаргаж байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр хариуд нь гаргасан болоод миний хөл шүргүүлэх юм уу гээд хэлсэн. Тэгээд тэр хоёр хэсэг маргаан болоод байж байхад манай нөхөр нөгөө жолоочийг нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэгсэн нөгөө хүн машинаасаа гарч ирээд хойд багажаа нээгээд нэг дорцов гэх тахир төмөр бариад манай нөхөр рүү цохих гэсэн боловч оноогүй тэгсэн чинь манай нөхөр н.******* түүнийг хараад нэлээд уурласан бөгөөд нэг хоёр удаа гараараа цохиод авсан бөгөөд тэгээд байж байхад би дундуур нь орж нөхрөө болиулаад тэр машин дотор байсан нэг эмэгтэй хүн гарч ирээд нөгөө машины жолоочийг салгаж байсан. Тэгээд хэсэг хэрүүл хийгээд зогсоод байсан байхаар нь одоо гайгүй байх гэж бодоод би гэртээ хоёр хүүхдээ үлдээсэн байсан тул гэр рүүгээ явсан бөгөөд араас нөхөр ирэхгүй байхаар нь буцаад очсон чинь ахиад нэгнийхээ ханцуйнаас бариад хэрүүл маргаанаа хийгээд зогсож байсан. Тухайн үед манай нөхөр нэг мөрнөөс нь барьж байгаад хөлөөрөө хавсарсан чинь хойш бөгсөөрөө суугаад нэлээд ёо ёо гээд орилоод байсан бөгөөд би харахад нөгөө хүн худлаа баашлаад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

Гэрч ын “...Бугат 115 дугаар чиглэлд дэд ахлагч Даваажаргалын хамт үүрэг гүйцэтгэж байхад Баянгол дүүргийн ******* хороо “Жи Ти Эл” зочид буудлын гадаа настай хүнийг зодоод байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч 22 цаг 00 минутад аваад 22 цаг 05 минутад очсон. Намайг тус дуудлагад очиход дуудлага өгсөн гэх хүн надад хандаад хүн зодоод байсан хүн нь баруун тийш явчихсан гэж хэлсэн бөгөөд би араас нь гүйгээд очсон чинь  30 орчим насны эрэгтэй нэг эмэгтэйн хамт явж байсан, би мэнд мэдээд танд холбогдолтой дуудлага мэдээлэл ирсэн байна та намайг дагаад явна уу, гээд маргаан болсон газар ирсэн. Гэтэл зодсон гэх залуу надад хандаад наад жолооч чинь намайг замаар гарч байхад мөргөж унагаасан тэгэхээр нь би наад хүнийг чинь цохисон гэж хэлсэн бөгөөд наад хүн чинь мөн адил намайг цохисон гэж хэлсэн. Би ойр орчим харсан боловч “Жи Ти Эл” гэх газрын камер нь зогсоолоо харсан байсан бөгөөд хэрэг учрал болсон гэх газрыг харсан камер байхгүй байсан тул Бугат 10-т мэдэгдэж тухайн өдрийн гарч байсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2600 дугаартай “*******ийн биед дээд уруулын язарсан шарх, 2 шүдний сулрал, зүүн гуя, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Яллагдагчаар Ц.*******ийн “Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан бөгөөд тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Надад сонсгосон ялын хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс эсэргүүцэх санал гомдол байхгүй. Би 2023 оны 02 дугаар сарын 13-нд ******* хорооны нутаг дэвгэрт байрлах “ТНТ” төвөөр үйлчлүүлж байгаад гадаадаас авч ирсэн нэг архи байсныг өөрийн нэг найздаа өгсөн юм. Би тухайн газар байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд манай эхнэр намайг ирж авсан юм. Ингээд бид хоёр найзыг явуулаад гэртээ харих гээд алхаж байхад “Жи Ти Эл” зочид буудлын орчим шороон замаар явж байгаад төв замаас урагшаа гарсан хэсгээр гарах үед үл таних хүн машинтай иргэж орж ирээд бараг мөргөх алдаад зогссон юм. Би тэгэхээр нь чи мөргөчихлөө гээд хэлсэн чинь нөгөө хүн надад хандаад...мөргөөгүй байгаа юм биш үү... гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би нөгөө жолоочийн цонх нь онгорхой байхаар нь цонхоор нь заамдаад жаахан гараа чангалсан чинь нөгөө хүн хаалгаа онгойлгож түлхээд гараад ирсэн бөгөөд би энэ үед гараа тавьсан юм. Тэгсэн чинь нөгөө жолооч ах буугаад хойш иргэж машины араас “дугуйн дорцов” барьж ирээд над руу далайхаар нь би түүнийг нүүр хэсэгт нь гараараа цохисон юм ингээд нөгөө хүн намайг зуураад авахаар нь би хэд хэдэн удаа гараараа цохисон харин нөгөө ах намайг нэг хоёр удаа цохисон ч нээх тэмтэл бэртэл гэх зүйл учруулаагүй юм. Ингээд манай эхнэр намайг хаяад гэр лүү явсан бөгөөд намайг өөрийг нь дагаад явна гэж бодсон юм шиг байна лээ. Харин би салаад явах гэсэн ч салахгүй хэрүүл хийгээд зууралдаад байсан ба манай эхнэр эргэж ирээд намайг уурлаад дагуулаад харих гээд явсан бөгөөд энэ үед цагдаагийн хүмүүс ирээд бид хоёрыг аваад хэлтэс дээр авч ирсэн бөгөөд энд мэдүүлэг өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон  согтуугаар Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч *******ийг “автомашинаараа дайрах дөхлөө” гэх шалтгаанаар нүүрэн газарт гараараа цохих, хавсарч унгаах, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дээд уруулын язарсан шарх, 2 шүдний сулрал, зүүн гуя, баруун шууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******т учирсан хөнгөн хохиролд хохирогчоос гомдол саналгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 90 дэх талд) гаргасан байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.******* нь хохирогчид 2.500.000 төгрөг төлөхөөр тохиролцоод хохиролд 2.000.000 төгрөг төлсөн байгаа, үлдэх  500.000 төгрөгийг энэ сардаа төлнө гэж мэдүүлж байна.

Хавтаст хэргийн 87 дугаар талд хохирогч *******,  шүүгдэгч Ц.******* нар хохиролын мөнгө төлөх гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байгааг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Ц.*******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч *******,  шүүгдэгч Ц.******* нар хохиролын мөнгө төлөх гэрээ нотариатаар баталгаажуулсан байгааг дурдсугай.

5.Хэрэгт Ц.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ