Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2316000480054 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймаг **** сумын **** багийн **** хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай, Ж овогт Д-ийн М.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” караоке дотор хохирогч П.Д-тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж биед нь зүүн чамархай зулай ясны далд хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйханд шарх буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би ганцаараа байж байхад Д, А хоёр орж ирээд хамт суусан... Д намайг бацаан минь намайг танихгүй байна уу? мэнд байхгүй юм уу? гэхээр нь уур хүрээд уугаад дуусаж байсан архины шилээр Д-ийн толгой руу нэг удаа цохисон. Тэгэхэд Д-ийн толгойноос цус гарсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/

2. Хохирогч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орой “М” бааранд Ж-ын А-ийн хамт ороод Д.М-тэй таараад нэг ширээн дээр суусан. М ууж байсан 0,75 литрийн архийг цаанаасаа авахуулаад Ж.А бид хоёрт нэг нэг хийж өгөхөөр нь уучхаад Д ахыгаа танихгүй байна уу гээд Д.М-д хэлэхэд миний толгой руу нэг удаа ууж байсан “Хараа” нэртэй архитай шилээр цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Ж.А намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

3. М караокены  камерын бичлэгт 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн “... Бичлэг үргэлжлэн 21 цаг 32 минут 55 секундэд Д.М ууж байсан архины шилээ барин сандлаасаа босч эсрэг талд нь сууж байгаа П.Д-ийн толгой тус газар нь архины шилээр цохиж байгаа харагдана. Цохих мөчид гаднаас заалны үйлчлэгч 2 эмэгтэй орж ирж байгаа харагдана...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

4. Хохирогч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Д.М намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөг өгсөн байсан. Өнөөдөр надад эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Одоогоор надад гомдол нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

5. Гэрч Х.И-ын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад манай хүү П.Д-г нэг залуу хүргэж ирсэн. Манай хүү П.Д-ийн нүүр толгой, хувцас нэлэнхүүдээ цус болсон байсан. Хамт явж байсан залууг нь Ж.А гэдэг гэж хэлж байсан. Би С гэх охиноо утсаар дуудаад ах чинь хүнд зодуулсан байна хурдан ир гэж хэлэхэд охин удалгүй ирсэн. П.Д хурхираад амнаас нь цагаан хөөс гарахаар нь эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад дуудлага өгсөн... Манай хүү П.Д гэртээ орж ирээд би хүнд зодуулчихлаа гэж хэлээд ухаан алдсан. Хамт явж байсан Ж.А гэгч тухайн хэрэг болоход би хажууд нь байсан. Зодсон хүнийг нь танина гэж хэлсэн. Манай хүү П.Д-ийн биеийн байдал гайгүй болсны дараа Д.М гэдэг залуу архины шилээр миний толгой руу цохисон гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33 дугаар  хуудас/

6. Гэрч П.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдрийн 22 цаг өнгөрч байхад манай ээж И намайг гэртээ байж байхад ах П.Д чинь хүнд зодуулсан байдалтай ирлээ. Хурдлаарай гэж хэлэхээр нь би ээж И-ын гэрт ирэхэд манай ах П.Д-ийн нүүр толгой, хувцас нь цус болсон байсан. Ах П.Д-г хүргэж ирсэн залуу намайг Ж.А гэдэг гэж хэлж байсан. П.Д ах хурхираад амнаас нь цагаан хөөс гарахаар нь эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад ээжийн хамт дуудлага өгсөн ... Намайг ирэхэд П.Д ах ухаангүй болсон байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

7. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Д.М уурлаад ширээн дээр байсан архитай шилээ аваад нэг хүний толгой руу цохихоор нь би очиж салгахад архи шилээр цохиулсан хүний толгойноос цус их гарсан. Д.М-д цохиулсан хүнийг хажууд нь байсан эрэгтэй хүн аваад баарнаас гарч явсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

8. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.А-ын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай “...П.Д-ийн биед зүүн чамархай зулай ясны далд хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

9. Шинжээч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“... П.Д-ийн биеийг өөрийн биеэр үзсэн. Биед нь зүүн чамархай, зулай ясны далд хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйханд шарх гэмтэл тогтоогдсон... Өмнө нь П.Д 2021 оны 06 сарын 18-нд хүнд зодуулсан гэж үзүүлж дүгнэлт гаргуулж байсан юм. Тухайн үед зүүн талын дагзны суурь хэсгээс зүүн зулай ясны ар хэсэг хүртэл шугаман сэлтэрсэн далд хугарал, уг хугарлын хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, духны баруун дэлбэнд цусархаг няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн дэлбэнд цус харвалт,хамар ясны хугарал зэрэг гэмтлүүд учирсан байсан... П.-нд одоо учирсан гэмтэл нь зүүн чамархайд үүссэн ба уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хуучин гэмтэл нь 2021 онд үүссэн гэмтэл. Ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй эдгэсэн байсан. Үүссэн гэмтлүүд нь хоёр өөр газар үүссэн гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбоотой баримт шинжлэн судлагдаагүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 (хоёр сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 99,000 (ерэн есөн мянга) төгрөг тус тус төлж барагдуулсан, хохирогч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт “...надад учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 188 дугаар хуудас/ гаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000(арван сая) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000(арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000(арван сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг)  жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 2,000,000 (хоёр сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 99,000 (ерэн есөн мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хараа” нэртэй тал архитай шилийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж овогт Д-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 10,000(арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000(арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д оногдуулсан 10,000(арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000(арван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М-д сануулсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 2,000,000 (хоёр сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 99,000 (ерэн есөн мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хараа” нэртэй тал архитай шилийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА