| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00349/И |
| Дугаар | 00447 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 00447
| 2019 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00447 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-.. тоотод оршин суух, Олхонууд овогт С-ын ББ /.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1-. тоотод оршин суух, Зуутраг овогт Оын Ар /.../-т холбогдох,
гэрээ цуцласнаас 5,900,000 төгрөг, олох ёстой байсан ашгийг олж чадаагүйгээс учруулсан гэм хорын хохиролд 6,257,400 төгрөг, төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, учруулсан хохирол 1,104,600 төгрөг буюу нийт 13,261,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 153/2019/00349/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч С.ББ, хариуцагч О.Ар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир /онлайн/, гэрч Д.Төмөрчөдөр, С.Батзаяа, Р.Эрдэнэчимэг, Г.Бат-Эрдэнэ, Х.Аким нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.ББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс гэрээ цуцалснаас үүссэн 5,900,000 төгрөг, олох ёстой байсан ашгийг олж чадаагүйн улмаас учирсан гэм хорын хохирол 6,257,400 төгрөг, төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүү, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, учруулсан хохирол 1,104,600 төгрөг, нийт 13,261,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би анх О.Арт дэлгүүрийн урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөө 2 сард өгөхөөр, 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. О.Арын зүгээс газрынхаа гэрчилгээг авч ирж үзүүлсэн боловч дэлгүүрийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Миний зүгээс банкны барьцаанд дэлгүүрийнхээ гэрчилгээгээ тавиад үлдэгдэл мөнгөө өгөх гэсэн боловч бичиг баримт нь бүрэн биш учраас мөнгийг нь өгөөгүй. Надад О.Арын дэлгүүрийн мөнгийг 2, 3 хэлбэрээр өгөх боломж байсан бөгөөд машинаа зараад юм уу, дэлгүүрийнхээ гэрчилгээг гарсан тохиолдолд банкны барьцаанд тавих байсан. Би машинаа өөр хүмүүст зарахаар тохиролцоонд хүрчихсэн байхад О.Ар дүүгийнхээ хамт ирээд Хаашдаа чи надад мөнгө өгөх ёстой юм чинь машиныг чинь аваад, эргүүлээд 5,000,000 төгрөг өгье гэж хэлээд, тохиролцоод аваад явсан. Гэтэл машин шаардлага хангахгүй байна гэж хэлээд аваад ирэхээр нь буцаагаад авсан. Мөн дэлгүүрээс гар гэхээр нь урьдчилгаанд өгсөн мөнгөө өгөөд гарах талаар хэлсэн. Бид нарын хооронд гэрээ байгуулах гэсэн боловч дэлгүүрийн бичиг баримт гаргаагүй байсан учраас чадаагүй. Би 10,000,000 төгрөгийг дэлгүүрийн урьдчилгаанд өгөхөөр аавынхаа данснаас шилжүүлсэн. Өнөөдөр миний хувьд 10,000,000 төгрөг болон дэлгүүрээ ч аваагүй, сар дэлгүүрээ цоожлуулчихсан байдалтай байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан....Би дэлгүүрийн урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгсөн. Энэ талаарх асуудал гар утасны мессежээр нотлогдох байх. Би өөрөө хятад хэлний орчуулагч бөгөөд хүнд даацын сэлбэг борлуулдаг учраас БНХАУ руу яриад кабин авахад нь тодорхой хэмжээгээр тус болсон. Дэлгүүр нүүлгэх асуудалтай холбоотой хаяг тогтоох, буцааж буулгах гэх мэт зөндөө ажил гарсан. Манай дэлгүүрийг хүмүүс хайх байдлаар бизнесийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Надад дэлгүүрээ 20 гаруй хоног цоожлуулаад, бичиг баримтаа хүлээсэн бөгөөд гарсан тохиолдолд барьцаалаад үлдэгдэл мөнгийг өгөх боломж байсан. Тухайн үед Голомт банкинд 4,200,000 төгрөгийн зээлтэй байсан бөгөөд зээлээ тогтмол төлдөг байсан. Би О.Арт 3 сард машинаа өгснөөс хойш залгуулаад дэлгүүрээ хаалгаснаас болоод банкнаас авсан зээл 4,200,000 төгрөгийг 4 сард төлөхөд хэцүү болсон. Тухайн үед манай эхнэр Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан....Нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү....Дэлгүүр худалдах, худалдан авах гэрээ буюу Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах, Барилгын материалын дэлгүүр нэршилтэй, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхарын 117 м.кв талбайг худалдаж авахаар 10,000,000 төгрөгийг урьдчилж өгөөд, амаар тохиролцоод, цагаан сарын дараа бичиг баримт гарах үеэр үлдэгдэл төлбөрийг 100 хувь төлөх талаар ярилцсан байсан....О.Ар нь 4,150,000 төгрөгийг манай эхнэрийн данс руу хийсэн байсан....50,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах, Барилгын материалын дэлгүүр нэршилтэй, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхарын 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 5,850,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна....Би урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг О.Арт өгчихсөн байхад дэлгүүр цоожилсноос үүссэн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан цэвэр ашиг 6,257,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Олох ёстой байсан орлого гэж ярьвал мөнгөн дүн нь их хэмжээтэй гарна. Сард зээлээ төлөөд, ахуйн хэрэгцээндээ зарцуулах төлбөрөө хасаад зөвхөн сард олж байгаа цэвэр ашигаа нэхэмжилсэн....2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нийт 168 хоног байгаа. Би банкны жилийн хүү 24 хувиар тооцсон. Үүнийг 365 хоногт хуваахад нэг өдрийн хүү 6,575 төгрөг бөгөөд үүнийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаа буюу 168 хоногоор үржүүлэхэд 1,104,600 төгрөг болж байгаа. О.Арыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд ийм хэмжээний хүү гарах байсан гэдэг байдлаар нэхэмжилсэн....Би банкинд төлсөн хүүгээ нэхэмжлээгүй. О.Ар нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласны төлбөр буюу хөрөнгөжснөөс учруулсан хохиролд 1,104,600 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм....Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нийт 13,212,000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилж байна....Голомт банкны 2018 оны 11 сарын ханшаар бодсон....Дэлгүүр гэж уг нь талбай юм....Би цэвэр ашигаа нэхэмжилсэн. Олох ёстой байсан орлого гэвэл их тоо гарна....20,000,000 төгрөгийн орлого орсон тохиолдолд бараагаа захиулаад, банкны зээлээ төлөөд, хувийн хэрэгцээгээ хангадаг байсан. Мөн хуримтлалд 5,000,000-6,000,000 төгрөг үүсгэдэг байсан. Иймд цэвэр ашгаа нэхэмжилж байгаа....С.ББ гэдэг нэрээр буюу хувь хүнээр татвараа төлдөг. Орлого тодорхойлох боломжгүй гэдэг байдлаар сард 12,000 төгрөгийн татварыг 2016 оноос хойш төлсөн....Би хүнд даацын машины сэлбэг оруулж ирж худалдаа эрхэлдэг....Би банкинд төлсөн зээлийн хүү нэхэмжилээгүй. Харин хэрвээ О.Ар 10,000,000 төгрөгийн зээл аваад тухайн хугацааны турш ашиглаад эргүүлээд төлөх ёстой байсан бол 168 хоногийн банкны хүүг бодож үзэхэд ийм гарсан. Ийм хэмжээний мөнгөөр О.Ар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд нэхэмжилээд байгаа юм....Намайг урьдчилгаа мөнгө өгөхөд гэрчилгээ гараагүй гэж хэлж байсан. Надад О.Ар гэрчилгээг 2019 оны 02 сард гаргаж өгнө гэж хэлж байсан....О.Ар эхэлж татгалзсан. О.Ар надаас машин авч яваад өөрөө буцаагаад авч ирсэн. Мөн дэлгүүрээс гар гэхээр нь би гарсан. Бүх зүйл О.Арын хүссэнээр болсон....Цагаан сарын дараа буюу 2019 оны 02 сарын 20-ны өдрөөс хойш өгөхөөр тохиролцсон. Үлдсэн 107,000,000 төгрөгийг объектын гэрчилгээ гарсан тохиолдолд Голомт банкны барьцаанд тавиад авч өгөхөөр болсон....Нийт нэхэмжлэлийн шаардлагаас зөрсөн 600 төгрөг механик алдаа гарсан байна...гэв.
Хариуцагч О.Ар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:С.Бийн зүгээс он гараад 1, 2 сарын сүүлээр Алтайн хүдэр ХХК-иас тээврийнх хөлс орж ирэхээр дэлгүүрийн үлдэгдэл мөнгийг бүрэн төлөхөөр тохиролцсон. Түүнээс хойш Алтан хүдэр ХХК-ийн мөнгө хойшлогдоод байна гэхээр нь Цагаан сарын үеэр хөдөлгөөн бага учраас мөнгөө зохицуулаарай гэж хэлээд 2 сар гараад мөнгөө нэхсэн. С.Б бид хоёр 2018 оны 10 сард уулзаад дэлгүүр худалдах, худалдаж авах талаар ярилцсан. Тухайн дэлгүүрийг 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр бодоод 117 м.кв-ыг 117,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Харин бэлэн бусаар зарахаар бол үнэтэй гэдгийг хэлсэн. С.Б нь Гэрэл төв талбай муутай учраас уг байрнаасаа хурдан нүүж ормоор байна гэж хэлээд миний данс руу урьдчилгаанд 10,000,000 төгрөг шилжүүлээд 2018 оны 11 сард орсон. Түүнээс хойш 2018 оны 12 сард мөнгө орж ирэхгүй байна гэж хэлсээр байгаад 2019 оны 1 сар гараад уулзахад Алтайн хүдэр-ээс мөнгө орж ирээгүй байна, улаан машинаа зарж байгаад мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 02 сард уулзахдаа Бид нарын хэлсэн хугацаа өнгөрч байна, яаралтай мөнгөний асуудлаа шийдээрэй гэж хэлэхэд С.Б V3 маркийн машинаа зарчихаад мөнгө өгнө гэж хэлсэн. Мөн үлдэгдэл мөнгөө 3 хувааж өгнө, банкинд 70,000,000 гаруй төгрөгийн зээлтэй учраас бүрэн өгч болохгүй байна гэж хэлэхээр нь саналыг нь хүлээж аваагүй. Би С.Бөд Машиныг чинь аваад зарж мөнгөө авна гэж хэлсэн боловч машин нь Голомт банкинд 70 сая төгрөгийн зээлийн барьцаанд байсан учраас миний нэр дээр шилжих боломжгүй байсан....С.Бийн машин үнэдээ таарсан шаардлага хангахгүй байсан учраас Хоёулаа наймаагаа буцаагаад юм аа аваад гарах уу гэж хэлэхэд С.Б Гарахгүй гэхээр нь 2 давхарт өөр зааланд орох талаар санал тавихад зөвшөөрөөгүй. Миний зүгээс дэлгүүрээс юмаа хурдан гаргаж авах талаар С.Бөд хэлэхэд өөрөө Алтайн хүдэрт, эхнэр нь Улаанбаатар хотод явж байгаа гэж хэлсэн. Хүмүүс С.Бийн гэр болон сэлбэг авахаар манайх руу орж ирээд асуудаг бөгөөд оройн цагаар ирж сэлбэгээ гаргаж өгдөг талаар хэлж байсан учраас би гадна хаалганыхаа голыг нь сольсон. Би С.Бийн гэрийн гадна очоод шүүхээр явж байхаар олон жилийн найз нөхөрлөлийг бодоод байсан хугацааныхаа түрээсийн мөнгийг суутгаж аваад, юмнуудаа аваад гараарай гэж хэлээд эхнэрийнх нь дансыг аваад явсан. С.Бийн зүгээс надад байсан хугацааны түрээсээ аваад үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Түүнээс хойш бид нар өнөөдөр шүүхийн танхимд уулзаж байна. С.Б намайг юмаа аваад гар гэсэн шаардлага тавихаар гарахгүй, чаддаг юм бол шүүхийн шийдвэрээр гаргуулаарай гэж хэлдэг. Тухайн наймааг болж бүтэх талаас нь би зөндөө оролдсон бөгөөд машиныг нь аваад тээвэрт явах гэсэн боловч зөвшөөрөлгүй байсан, 2 давхарт нүүж гарах талаар санал гаргасан боловч зөвшөөрөөгүй. Надад анхнаасаа С.Бийг хуурч мэхлэх сэдэлт байгаагүй. Би С.Бөд зах зээлийн үнэ нь 1 м.кв нь 1,350,000 төгрөгийн талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож байсан. Би С.Бөд 10,000,000 төгрөгөөс нь 4,150,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо үлдсэн 5,850,000 төгрөгөөс С.Б нь сард 360,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Гэрэл төвд төлж байснаар нь бодоод цоожтой байсан хугацааг нь хасаад манай дэлгүүрийг ашигласан хугацаа болох 5 сарыг нь 360,000 төгрөгөөр тооцоод 1,800,000 төгрөгийг хасаад 4,050,000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрч байна. Хэн хэн нь хохирдгоороо хохироод явцгаая гэсэн санал гаргасан боловч хүлээн зөвшөөрсөнгүй. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 4,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй....Би үйлчилгээнийхээ төвд С.Бийн үйл ажиллагааг нь явуулж, ашиглуулж байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна....Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Барилгачдын 1 дүгээр гудамжинд байрладаг. Барилгын дэлгүүр гэсэн нэршилтэй, худалдаа үйлчилгээ явуулах зориулалттай, нийт 950 м.кв талбайтай, 2 давхар, 6 заал бүхий барилга байгаа....С.Б нь 1 давхарын 1 заал болох 117 м.кв талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнийгээ худалдан авахаар тохиролцсон байсан....2019 оны 9 сарын 11-ний өдрийн үдээс хойш буюу өмнө шүүх хуралдааны дараа тухайн 950 м.кв талбай бүхий барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан. Миний нэр дээр нэг хүний өмч гэсэн гэрчилгээ гарсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс салгаж тус тусад гэрчилгээ гарна. Одоо бол нэг л гэрчилгээтэй байгаа....С.Б нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн өдрөө ороод, 2019 оны 04 сарын 24-ний өдөр гарсан....Би С.Бийг дэлгүүр дээр хүрээд ир гэсэн боловч утсаа авахгүй, ирдэггүй байсан. Тэгсэн мөртлөө аав нь оройн цагаар ирээд сэлбэг гаргаж өгөөд байсан учраас цоожны голыг сольсон. Мөн С.Бийг сэлбэгээ ирж авахыг хэлж байсан....С.Б надад бараа материал алга болсон тохиолдолд хариуцлага тооцно гэсэн учраас би дотор хаалганы цоожтой оролдоогүй. Гаднах хаалганы цоожийг сольсон....Би С.Бийг хүрээд ирээч гэдэг шаардлагыг тавьж байсан....Он гараад 2 сард Алтайн хүдэрт 2 машин явж байгаа, тээврийн мөнгө орж ирэхээр 100 хувь өгөх талаар хэлсэн. Харин тухайн дэлгүүрийн гэрчилгээ гарахаар нь банкинд барьцаалж зээл авч төлнө гэсэн асуудал яриагүй....Тэгж мэссэж бичээд 2-3 хоноод цоожны голыг сольсон байх. Би дүү нараараа солиулсан юм....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь О.Арт холбогдуулан гэрээ цуцласнаас 5900000 төгрөг, олох ёстой байсан ашгийг олж чадаагүйгээс учруулсан гэм хорын хохиролд 6,257,400 төгрөг, төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, учруулсан хохирол 1,104,600 төгрөг буюу нийт 13,261,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах, Барилгын дэлгүүр нэршилтэй, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхарын 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 5,850,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан цэвэр ашиг 6,257,400 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс учруулсан хохиролд 1,104,600 төгрөг, нийт 13,212,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган, тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б нь 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн 10,000,000 төгрөгөөс 4,150,000 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 5,850,000 төгрөг, олох ёстой байсан цэвэр ашиг 6,257,400 төгрөг, 10,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,104,600 төгрөг, нийт 13,212,000 төгрөгийг О.Араас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.
1-рт. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах, Барилгын дэлгүүр нэршилтэй, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхарын 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн мөнгөний үлдэгдэл 5,850,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Б нь О.Араас 2018 оны 10 дугаар сард О.Арын барьсан Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах, Барилгын дэлгүүр нэршилтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2 давхар, 6 заал, 950 м.кв талбай бүхий барилгын 1 давхарын 1 заал болох 117 м.кв талбайг нэг метр квадратыг нь 1,000,000 төгрөгөөр үнэлэн 117,000,000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцсон боловч гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хийгээгүй байна.
Улмаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр О.Арт дансаар шилжүүлж, мөн өдрөөс 2-3 хоногийн дараа нэхэмжлэгч С.Б нь уг барилгын 1 давхарын 1 заал болох 117 м.кв талбайд өөрийн худалддаг сэлбэг хэрэгслийг байрлуулан бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж эхэлсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
2019 оны 3 дугаар сард О.Ар нь нэхэмжлэгч С.Бийн эзэмшлийн 77-19 ХОА улсын дугаартай Beiber /V3/ маркийн автомашиныг худалдан борлуулж 117 м.кв талбайн төлбөрийн үлдэгдэл 107,000,000 төгрөгөө авахаар, уг автомашины зөрүү үнэ 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Бөд өгөхөөр тохиролцсон байх боловч тухайн автомашиныг буцаан С.Бөд өгсөн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Улмаар хариуцагч О.Ар нь 117 м.кв талбайн төлбөрийн үлдэгдэл 107,000,000 төгрөгөө тохиролцсон хугацаандаа өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг сэлбэг хэрэгслээ тус барилгын 2 дугаар давхарт байрлуулан үйл ажиллагаагаа явуулах эсвэл уг талбайг чөлөөлөх шаардлагыг тавьсныг нэхэмжлэгч С.Б нь хүнд даацын автомашины сэлбэг хэрэгслийг 2 дугаар давхарт зөөн гаргах боломжгүй, мөн урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгөө буцаан авсны дараа тус талбайг чөлөөлөх саналыг гаргаснаар талуудын хооронд маргаан үүссэн байна.
Талууд төлбөр төлөх хэлбэр нь гэрээнээс татгалзах болсон үндэслэл болсон үйл баримтын талаар маргаж байх ба нэхэмжлэгч С.Б нь уг талбайн үлдэгдэл төлбөр болох 107,000,000 төгрөгийг 2019 оны 2 сард тухайн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахаар нь 117 м.кв талбайд тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч, түүнийгээ банкинд барьцаанд тавьж зээл авч төлбөрийг хийхээр тохиролцсон... гэснийг хариуцагч О.Ар нь уг 117 м.кв талбайн үлдэгдэл төлбөр болох 107,000,000 төгрөгийг С.Б нь Алтайн хүдэр ХХК-иас мөнгө орж ирэхээр 2019 оны 2 сард бэлэн мөнгөөр төлж барагдуулна гэж тохиролцсон.... гэж зөрүүтэй тайлбарлаж, хэн алиных нь тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч О.Ар нь талбайн урьдчилгаанд авсан 10,000,000 төгрөгөөс 4,150,000 төгрөгийг нь нэхэмжлэгч С.Бөд буцаан өгсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Хариуцагч О.Ар нь шүүх хуралдаанд С.Б нь манай барилгад орохоос өмнө нэг сарын 360,000 төгрөгөөр талбай түрээслэдэг байсан тул тухайн талбайг ашигласан хугацаа буюу 5 сарыг 360,000 төгрөгөөр тооцон 1,800,000 төгрөгийг 5,850,000 төгрөөс хасч 4,050,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргав.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгатай тохиролцоо хийгдсэн гэж үзлээ.
С.Бийг гэрээний үүргийг биелүүлж, гэрээний үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр О.Ар нь аман тохиролцооноос татгалзсан учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй тул О.Ар нь талбайн үнэнд авсан мөнгөний үлдэгдэл 5,850,000 төгрөгийг С.Бөд буцаан өгөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч О.Араас 5,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бөд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч О.Ар нь тухайн талбайг С.Б 5 сарын хугацаанд ашиглаж орлого олсон тул түрээсийн төлбөрт тооцон 5,850,000 төгрөгөөс түрээсийн төлбөрийг хасна гэж тайлбарлах боловч уг маргааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдлаа.
2-рт. 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан цэвэр ашиг 6,257,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
О.Ар нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус барилгын гаднах хаалганы цоожны голыг солино гэх зурвасыг С.Бийн гар утас руу явуулсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Шаргал өнгийн SAMSUNG J7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байх бөгөөд хариуцагч нь ингэж мэссэж явуулсан өдрөөс 2-3 хоногийн дараа уг барилгын гаднах хаалганы цоожны голыг солиулсан гэж тайлбарлах боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр О.Ар нь талбайн урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгөөс байрны түрээс гэж 5,850,000 төгрөгийг хасч, 4,150,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Л.Оюунбилэгийн эзэмшлийн ХААН банк дахь 5032315178 тоот данс руу шилжүүлж, уг өдөр нэхэмжлэгч С.Б нь талбайг чөлөөлсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч О.Ар нь барилгын гаднах хаалганы голыг сольсон гэх зурвас явуулсан хугацаанаас буюу 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд нэхэмжлэгч С.Б нь хүнд даацын сэлбэг хэрэгсэл худалдах бизнесийн үйл ажиллагаагаа эрхлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Батзаяа, С.Батзаяа, Г.Бат-Эрдэнэ, Х.Аким нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг хариуцагчид өгч, талбайг ашиглаж эхлэх үед О.Арын барьсан Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах, Барилгын дэлгүүр нэршилтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2 давхар, 6 заал, 950 м.кв талбай бүхий барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уг барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ О.Арын буюу нэг хүний өмч гэж гарсан гэж хариуцагч О.Ар шүүх хуралдаанд тайлбарлав.
Нэхэмжлэгч С.Б нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэх үед анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй буюу эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон үйлдэлд хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б нь ....О.Ар эхэлж татгалзсан. О.Ар надаас машин авч яваад өөрөө буцаагаад авч ирсэн. Мөн дэлгүүрээс гар гэхээр нь би гарсан. Бүх зүйл О.Арын хүссэнээр болсон.... гэх тайлбараас үзэхэд хариуцагч О.Ар нь 117 м.кв талбайг худалдахаас татгалзснаа нэхэмжлэгч С.Бөд мэдэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзаж байгаа бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн заалтыг хариуцагч О.Ар зөрчөөгүй байна.
Хариуцагч нь 117 м.кв талбайг худалдахаас татгалзснаа нэхэмжлэгч С.Бөд мэдэгдсээр байхад нэхэмжлэгч нь талбайг чөлөөлөөгүй үйлдэлд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Иймээс нэхэмжлэгч С.Б нь Иргэний хулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирлоо шаардах эрх үүсээгүй байх тул 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан цэвэр ашиг 6,257,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3-рт. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласны төлбөр буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс учруулсан хохиролд 1,104,600 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдаанд ....2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласны төлбөр буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс учруулсан хохиролд 1,104,600 төгрөг гаргуулна. Үүнийг тооцохдоо Голомт банкны жилийн хүү 24 хувиар тооцсон. Үүнийг 365 хоногт хуваахад нэг өдрийн хүү 6,575 төгрөг бөгөөд үүнийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаа буюу 168 хоногоор үржүүлэхэд 1,104,600 төгрөг болж байгаа....Би банкинд төлсөн зээлийн хүү нэхэмжилээгүй. Харин хэрвээ О.Ар 10,000,000 төгрөгийн зээл аваад тухайн хугацааны турш ашиглаад эргүүлээд төлөх ёстой байсан бол 168 хоногийн банкны хүүг бодож үзэхэд ийм гарсан. Ийм хэмжээний мөнгөөр О.Ар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд нэхэмжилээд байгаа юм.... гэж тайлбарлав.
Харин хариуцагч О.Ар нь ....Би үйлчилгээнийхээ төвд С.Бийн үйл ажиллагааг нь явуулж, ашиглуулж байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэж тайлбарлалаа.
Зохигчийн хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээний агуулгатай аман тохиролцоо нь хариуцагчийн татгалзсанаар дуусгавар болж, нэхэмжлэгч нь урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласны төлбөр буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс учруулсан хохирол гэж үзэн 1,104,600 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим...хамаарна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг талбайн урьдчилгаанд авсан 10,000,000 төгрөгийг Голомт банкны жилийн хүү 24 хувиар тооцож, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаа буюу 168 хоногоор үржүүлж 1,104,600 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч С.Бийн нэхэмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласны төлбөр буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс учруулсан хохиролд 1,104,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтлоо.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч О.Араас 5,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,362,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Араас 5,850,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 108,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бөд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч О.Араас 5,850,000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,362,000 /долоон сая гурван зуун жаран хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,257 /хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Араас улсын тэмдэгтийн хураамж 108,550 /нэг зуун найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бөд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ