| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00434/И |
| Дугаар | 00450 |
| Огноо | 2019-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00450
| 2019 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2019/00450 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-.. тоотод оршин суух, Таргад овогт Д-ийн Э-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 4-11 тоотод оршин суух, Цагаантугт овогтой Баянжаргалын Ганбатад холбогдох,
2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 153/2019/00434/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д Э би 2019 оны 6 сарын 19-нд унаж байсан машинаа зах дээр зарах гээд байж байтал хариуцагч Б.Ганбат хүрч ирээд Буянт сум ороод удалгүй ирнэ. Машинаа өгөөч гэхээр нь итгээд өгсөн. Үүнээс хойш 3,4 хоноод ирэхдээ машинтай мөргөлдөөд эвдчихлээ, би худалдаж авья гэж тохирсон. Түүнээс хойш 3 сар боллоо. 2019 оны 07 сарын 08-нд уулзахад Би 07 сарын 23-нд өгье гэж өөрийн гараар бичиж гарын үсгээ зурж өгсөн. Дахин мөнгөө нэхэхэд одоо мөнгө байхгүй, энэ машинаа буцааж ав, эсвэл өөр муу машин нэмж ав гэх болсон. Хийх зүйл байхгүй зүгээр явж байсан унааг минь гуйж авч явчихаад, эвдэхээр барахгүй мөнгөөр нь авья гэж худал хэлж өдий болж, бүр сүүлдээ мөнгө байхгүй гэж намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Б.Ганбатаас 2,700,000 мянган төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Б.Ганбатад холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Б.Ганбатаас 2019 оны 10 сарын 4-ний өдөр мөнгөө авахаар тохиролцож эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнбат нь Б.Ганбатад холбогдуулан 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Э нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтээ тус шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийн тал хувь болох 29,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 29,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Эад олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ганбатад холбогдох, 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Э нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийн тал хувь болох 29,075 /хорин есөн мянга далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 29,075 /хорин есөн мянга далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Э-ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ