Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00458

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2019/00458

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын 23 тоотод оршин суух, Мөөнө овогт Э-ийн О /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00390/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Э.О нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О би хариуцагч Б.Мтай 2008 онд Улаанбаатар хотод анх танилцаж, 2011 он хүртэл үерхсэн. Э.О Б.М бид 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүү М.Цэцэнбилэгийг төрүүлж улмаар хуримаа хийсэн хэдий боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй. Би 2017 он хүртэл Улаанбаатар хотод хамтран амьдрах хугацаанд Б.М нь Сэлэнгэ аймагт улирлын шинжтэй ажил эрхэлж, намар 11 сараас хавар 3 сар хүртэл гэртээ амралтын байдалтай ирдэг байсан. Амралттай байх хугацаандаа архидан согтуурч гэр орноо шатаана гэж удаа дараагийн үйлдлээр хүү бид хоёрыг хүчирхийлдэг байсан.

2017 онд гэр бүлийн хүчирхийллээс болоод тусдаа амьдарсан. Надтай хааяа нэг утсаар ярьдаг боловч уулздаггүй. Хүүхдүүдийнхээ тэтгэмжийг тогтоолгох гэсэн боловч хаяг нь олдохгүй байгаа. Иймд Б.Мыг эрэн сурвалжлуулж өгнө үү. Хаяг нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 256 дугаартай хаяг дээр бүргүүлсэн. Б.М өөрөө Говь-Алтай аймгийн уугуул боловч Сүхбаатар аймагт ажил хийдэг гэж хэлсэн....2011 оны 09 сарын 12-ны өдөр Мын Цэцэнбилиг, 2015 оны 04 сарын 23-ны өдөр Мын Батбилэг нар нь төрсөн....Хүүхдүүдийнхээ тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байна. Тиймээс Б.Мын оршин суугаа хаягийг нь олж тогтоож, тухайн шүүхэд нь нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа учраас эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан....Б.М нь 99802975 дугаарын утастай....Б.М нь надад 2019 оны 09 сард Сүхбаатар аймагт газар тариалангийн компанид ажиллаж байгаа гэж хэлсэн....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М, нэхэмжлэгч Э.О нар нь 2009 онд танилцан, тэдний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүү М.Цэцэнбилиг, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү М.Батбилэг нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 3-4 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь Б.Мын оршин суугаа хаягийг олж тогтоолгож, түүний оршин суугаа газрын шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргах шалтгаанаар түүнийг эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Б.М нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Согоотын 1-256 тоотод бүртгэлтэй боловч энэ хаягт нэхэмжлэгч Э.Оийн дүү нь оршин суудаг, Б.М нь уг хаягтаа 2017 оны 2 дугаар сараас хойш оршин суугаагүй гэж нэхэмжлэгч Э.О шүүх хуралдаанд тайлбарлав.

Гулбай овогт Буяндалайн М нь дээрх хаягтаа оршин суудаггүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Б.Мын талаарх мэдээлэл: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Согоотын 1-256 тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар аймагт газар тариалангийн компанид ажиллаж байгаа гэх, утасны дугаар нь 99802975 болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ДГ88121011 регистрийн дугаартай, Гулбай овогт Буяндалайн Мыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Гулбай овогт Буяндалайн Мыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Б.Мын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Э.От нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ