| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0205/З |
| Дугаар | 221/МА2025/0118 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0118
“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2024/0860 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” СӨХ
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд “Х” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0205/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2024/0860 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” СӨХ-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаар тушаалын 803 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Х” ХХК-ийн 5,898 м.кв газраас “Т” СӨХ-ны орчны газарт хамаарах 803 м.кв газрыг ашиглах эрхийг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож “Т” СӨХ-д ашиглах эрхийг олгож, гэрчилгээг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хэрэв шүүх, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар эрх зүйн зөрчилгүй актыг цуцлах шийдвэрийг гаргах ёстой гэж үзвэл, мөн хууль, зүйлийн 49.2 энэ хуулийн 49.1-д заасан захиргааны актыг ижил агуулгаар дахин батлах шаардлагатай, эсхүл хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй гэж заасан урьдач нөхцөлийг хэрхэн авч үзэх вэ гэдэгт дүгнэлт өгөх шаардлагатай, тодруулбал хариуцагчаас гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг цуцлах байдлаар нэхэмжлэгч тал нь эерэг нөлөөлөл бүхий эрх зүйн зөрчилгүй акт гэдгийг хүлээн зөвшөөрсөн нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн үндэслэлд хамааруулж, сүүлд бий болсон нөхцөл байдал гэж үзэж шийдвэр гаргах эрхгүй болохын тухайн зүйлд 49.2-т өөрт нь заасан, гуравдагч этгээд зүгээс эзэмших эрхийг эрхийн гэрчилгээгээр, гэрээний дагуу эзэмшиж хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших гэрээг нь дуусгавар болгох, мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл /гэрээгээ ноцтой зөрчсөн/ тогтоогдоогүй энэ талаар дүгнэсэн болох нь нэхэмжлэгчид хариу өгсөн албан бичгээр нотлогдож байна” гэжээ.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн заалтыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллага асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн зохицуулалтыг алгасаж шийдвэрлэх боломжгүй гэсэн нь “Т” СӨХ-ны оршин суугчдын эрх ашиг сонирхол бодитоор хохирч буйд бодитоор дүгнэлт хийгээгүйтэй холбоотой гэж үзэж байна.
2.3. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5-д “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” буюу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Т” СӨХ-ны орчны газрыг эзэмшүүлж болно. Газрын тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч газар эзэмших эрхийг олгох боломжтой. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.5-д “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна” гэж заасан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд СӨХ-ны орчны газраа ашиглах, тухайн оршин суугч нарын эрх ашгийг зөрчигдсөөр байхад зохих түүнийг зохих ёсоор шийдвэрлээгүй, шүүх түүнийг зөвтгөсөн нь оршин суугч иргэдийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан “үр нөлөөтэй байх зарчмыг заасан бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь оршин суугчид болон компани хоорондын зөрчлийг шийдвэрлэхгүй байгаа нь уг зарчмыг алдагдуулж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний 128/ШШ2024/0860 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” СӨХ нь Баянгол дүүргийн 27 дугаар хорооны 90 дүгээр байрны 90 айлын орон сууц өмчлөгчдийн эрх, ашгийг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хариуцахаар байгуулагдсан байна.
3. Нэхэмжлэгч “Т” СӨХ нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр анх шүүхэд хандаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар “М” ХХК-д олгосон нэгж талбарын дугаар бүхий 5832 м.кв газраас “Т” СӨХ-ны ашиглах орчны газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.1. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаар захирамжаар “М” ХХК-ийн 5828 м.кв газрын эзэмших эрхийг “Х” ХХК шилжүүлж авсан бөгөөд “Т” СӨХ-ны орчны газарт хамаарах 803 м.кв газрыг ашиглах эрхийг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг орчны газрыг “Т” СӨХ-нд ашиглах эрх олгож, гэрчилгээ олгохыг даалгах” гэж нэмэгдүүлж, шүүх хуралдаан дээр шаардлагаа тодруулж, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаар тушаалын “Х” ХХК-ийн 5,898 м.кв газраас “Т” СӨХ-ийн орчны газарт хамаарах 803 м.кв газрыг хүчингүй болгож, уг 803 м.кв газрыг ашиглах эрхийг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Т” СӨХ-нд ашиглах эрхийг олгож, гэрчилгээг олгохыг даалгах” шаардлага гаргасан.
4. Анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийг алгасаж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу нэхэмжлэлийг ханган хууль хэрэглээний эрэмбийг шүүх зөрчих үндэслэлгүй. ... газар эзэмшигч гуравдагч этгээдийн эрхийг газар эзэмших эрхгүй болон газрын давхцалгүй байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хүчингүй болгохгүй боломжгүй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, хэрэглэх ёстой Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 23 дугаар зүйлийн 23.3, 441 дүгээр зүйлийн 441.1, 441.3, 441.5-д заасныг хэрэглээгүй байна.
5. Нэхэмжлэгч “Т” СӨХ-ийн хариуцаж буй нийтийн зориулалттай орон сууцыг анх баригдах үед тухайн барилгыг бариулсан газар эзэмшигч, захиалагч, гүйцэтгэгч нар нь орчны газар, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт тухайн орон сууцны оршин суугчдад зайлшгүй шаардлагатай төлөвлөлт хийхгүйгээр 685 м.кв газрыг бүхэлд нь барилгажуулж орон сууцыг барьсан байхад үүнийг холбогдох захиргааны байгууллагууд барилгын хууль тогтоомж, норм дүрэмд нийцэж байгаа эсэхийг хяналгүй, Барилгын зөвшөөрөл олгож, улмаар ашиглалтад хүлээн авсанд нь нэхэмжлэгч СӨХ болон тухайн орон сууцны сууцыг худалдан авч, амьдарч буй оршин суугчдыг буруутгах үндэслэлгүй.
5.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд бодит байдалд 16 давхар орон сууц баригдсан, уг орон сууцны оршин суугчид орцноосоо гармагц бусдын эзэмшил газраар зорчих, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг зайлшгүй шаардлагатай талбайгүй байгаа бодит нөхцөл байдалтай холбоотой оршин суугчдын эрх, ашиг хөндөгдөж, Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалтын газарт удаа дараа хандаж, тухайн барилгын залгаа газрыг эзэмшиж буй гуравдагч этгээдийн газрын тодорхой хэсгийг орчны газраар ашиглах хүсэлт гаргажээ.
5.2. Үүнээс үзвэл дээрх захиалагчийн болон захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас уг нөхцөл байдал үүссэн боловч уг алдааг засаж тухайн барилгыг буулгаж норм дүрэмд нийцүүлэн дахин барих боломжгүй энэ тохиолдолд орон сууцны оршин суугч иргэдийн наад захын хэрэгцээний орчны газрын төлөвлөлт, зохион байгуулалтыг хариуцагч хийх үүрэгтэй эсэх талаар хэргийн оролцогчид маргасан байна.
6. Уг маргааныг шийдвэрлэхэд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хийхтэй холбоотой бүрэн эрх, чиг үүргийг зохицуулсан хуулийг хэрэглэхээр байна.
6.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6-д “Нийслэлийн Засаг дарга нь “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй”, Нийслэлийн газрын алба нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д заасан “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;”, 23.3.7-д заасан “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;” бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалт хийх талаар зохих ажиллагааг хийх үүрэгтэй байна.
6.2. Харин уг үүргийг хэрэгжүүлэхдээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамгийн бага халдахуйцаар Газрын тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд зохицуулах ямар нөхцөл байдал байгааг тодруулсны үндсэн дээр шаардлагатай тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д заасан эрх зүйн зөрчилгүй эерэг үйлчлэлтэй актыг хүчингүй болгох, өөрчлөх зэргээр газар зохион байгуулалтыг хийх үүрэгтэй.
7. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгчийн орцны гаднаас эхлээд орчны газар нь гуравдагч этгээд “Х” ХХК-ийн эзэмших эрх бүхий 5828 м.кв газар байх бөгөөд уг газар дээрээ гуравдагч этгээд нь нийтийн зориулалттай 111 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн орон сууцны хооронд маргаан бүхий газар буюу аль алиных нь хэрэгцээнд ашиглаж болохуйц “орчны газар” барилгажаагүй үлдсэн байгаа нь тогтоогдож байна.
7.1. Үүнээс үзвэл гуравдагч этгээд нь тухайн газрыг өөрийн барьсан орон сууцны “орчны газар”-ын зориулалтаар үлдэх газрыг өөрөө үргэлжлүүлэн эзэмших боломжгүй нь тодорхой байх тул эрх зүйн зөрчилгүй, газар эзэмшүүлсэн шийдвэрийг хариуцагч нь дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгохдоо газар зохион байгуулалт хийх боломжтой байна.
8. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ямар нэгэн ажиллагаа хийхгүйгээр Газрын тухай хуулийн 40.1, 31.3-т заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгуулах хүсэлтийг шийдвэрлэж байгаа мэтээр хариу өгснийг анхан шатны шүүх зөв гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
9. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.3-д “Нийтийн зориулалттай хэд хэдэн орон сууцны байшингийн орчны газар давхардаж байвал тухайн орон сууцны байшингийн сууц өмчлөгчдийн холбоод дундаас сонгогдсон аль нэг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал хүсэлт гаргана” гэж,
441.5-д “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу тухайн газарт зохион байгуулалт хийж, хэн алиных нь оршин суугчдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байна.
10. Иймд зохих журмаар “Т” СӨХ-ны хүсэлтийг гуравдагч этгээдийн барьсан орон сууцны байшингийн орчны газраар хамтран ашиглуулах талаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 36 дугаар тушаалын “Х” ХХК-ийн эзэмшил газрын нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн орон сууцны дундах орчны газарт хамаарах хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
11. Харин гуравдагч этгээдийн барьсан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн оршин суугчдад шаардлагатай “Т” СӨХ-ны 805 м.кв газрыг зөвхөн өөрийн орчны газраар ашиглахаар хүчингүй болгуулах, нэхэмжлэгчид ашиглуулахыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
12. Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар дээрх заалтуудад нэмэлт өөрчлөлт орсноор уг асуудал буюу гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг шийдвэрлэх, нийтийн зориулалттай орон сууцуудын дундах орчны газрын газар зохион байгуулалт хийж, газар ашиглуулах гэрээ байгуулах, эрх зүйн зөрчилгүй газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох зэрэг асуудал нь Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хэн алиных нь бүрэн эрх, чиг үүрэгт хамааралтай байх тул уг шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд хамтран биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2024/0860 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7, 441 дүгээр зүйлийн 441.3, 441.5 -д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаар тушаалын нэхэмжлэгч “Т” СӨХ болон гуравдагч этгээдийн барьсан 111 айлын орон сууцны орчны газраар ашиглах газарт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “… “Т” 803 м.кв газрыг ашиглах эрх олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар уг хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актын холбогдох хэсэг хүчингүй болгохыг дурдсугай.” гэсэн 2 дахь хэсгийг нэмж, “2” гэсэн дугаарлалтыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ