Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 786

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Гк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00254 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Б-өд холбогдох

 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 22б байр, 105 тоот хаягт байршилтай 40.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Х.Б-ийн хууль бус эзэшлээс албадан чөлөөлүүлэх  тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 3 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бг, П.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гк” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ц-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 226 байрны 105 тоот хаягт байрлах 40.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдан авч өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн. Гэтэл уг байранд Х.Б- гэдэг хүн амьдарч байх ба байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар орон сууцыг Х.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль ёсны өмчлөгч нь Х.Б- өнөөдрийг хүртэл 18 жил өмчлөөд амьдарч байгаа. Хууль бусаар гэрээг байгуулсан. Гэрээний үндсэн хувь байхгүй. Тэгтэл шүүх нотариат баталсан байна нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Хариуцагч гэрээг өгсөн, гэрчийг асуусан гэж хэлж байна. Гэрээг өгсөн болохоос биш хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг өгүүлбэр байхгүй. С.Ү-ад Д.Ц-гаас итгэмжлэл олгосон эсэх нь хэрэгт ач холбогдолтой. Гагцхүү хуульд зааснаар хангалттай нотлох баримт байна уу, үгүй юу гэдгийг үндэслээд итгэмжлэлийг шаардаж байгаа. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд С.Ү- гэдэг хүний материал авагдаад гарын үсэг зурсан. Д.Ц-гийн үнэмлэх байхгүй байсан. Д.Ц гэдэг хүн байгууллагаа төлөөлөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж бичсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээнд Д.Ц-гаас С.Ү-ад олгосон итгэмжлэл хавсаргасан байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Гк” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 226 байр, 105 тоот хаягт байршилтай 40.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Х.Б-ийн хууль бус эзэмшилээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-өөс 457 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүххийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00254 дүгаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3-д зааснаар хариуцагч X.Б нь уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцээгүй энэ талаар баримтгүй байх тул 183.1-д зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж хийсвэр дүгнэлт хийсэн буруу юм. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3-т зааснаас үзэхэд уг заалтууд нь хариуцагч X.Б-өд хамааралтай бөгөөд Д.Ц- нь дүр эсгэн төөрөлдүүлж X.Б-ийн орон сууцыг өөрийн нэр дээр болгоод бусдад худалдсан болохыг /4 жил 8 сарын дараа/ нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн Д.Ц- нь хууль бусаар орон сууцыг нь худалдсаныг мэдсэн бөгөөд шүүх X.Б хуулиар олгогдсон эрхээ эдэлж бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй болон жинхэнэ өмчлөгч нь хэн болохыг нарийвчлан тогтоохыг хүсээгүй, ямар нөхцөл, үйл баримтаар X.Б-ийн орон сууц Д.Ц-д шилжсэн болох, Д.Ц-гаас X.Б байрны мөнгө аваагүй гэж хэлж тайлбарласаар байхад хэт нэг талыг барьж гэрчилгээтэй гэдгийг үндэслэн “Гк” ХХК-ийн талд шийдвэр гаргасан нь буруу юм.

2. “Гк” ХХК, Д.Ц- нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн Орон сууцны худалдах, худалдан авах гэрээний хэсэгт Д.Ц-г худалдагч тал гэжээ. Гэтэл гэрээний ар талд Д.Цэнд, С.Ү- нарын иргэний үнэмлэх хавсрагдсан байх бөгөөд байраа худалдсан гэх Д.Ц-гийн иргэний үнэмлэх хавсрагдаагүй байгаагаас үзэхэд уг гэрээнд Д.Ц- биечлэн оролцож гарын үсэг зурсан нь эргэлзээтэй. Хэрэв Д.Ц- нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д зааснаар хэн нэгэнд итгэмжлэл олгосон бол гэрээний нэг хэсэг бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар зайлшгүй нотлох баримтаар хэрэгт хавсрагдах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан материалд зайлшгүй байх нотлох баримт дутуу байгааг нэхэмжлэгч тал болон эсвэл улсын бүртгэлийн газраас гаргуулах, гэрч оролцуулах шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх санал хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн боловч шүүгч хурлын тэмдэглэлд тусгуул гэж хэлээд бичгийн саналыг хүлээн авч хэрэгт хавсаргахаас татгалзан аваагүй болно.

3. Х.Б- нь тайлбарлахдаа байрыг зарахгүй гэж ам өгч авсан атлаа бусдад зарсан. Д.Ц- нь түр хугацааны барьцааны нэрээр өөрийн нэр дээр шилжүүлэн аваад залилан хийж төөрөлдүүлж бусдад байрыг дур мэдэн зарж байгаад гомдолтой. “Гк” ХХК Д.Ц-гаас нэхэмжлэх ёстой, Д.Ц-гийн залилангаар шилжүүлж авсан байраа би буцаан авах ёстой. Мөн компанид ямар ч өргүй гэж маргасан талаар шүүхийн шийдвэртэй тодорхой тусгасан атлаа гэрчилгээг буруу ташаа бичигдсэн талаар эсэргүүцээгүй гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.7, 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан заалтын дагуу нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл нь хариуцагчийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзэж Д.Ц-г гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгөх хүсэлт гаргасан боловч шүүх нэг талыг барьж хүлээн авахаас татгалзсан.

Мөн шүүгч бидний гаргасан санал хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон байх ба уг заалтаас үзэхэд шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж болох талаар заасан байх бөгөөд, харин шүүх хуралдааныг хойшлуулж болохгүй гэсэн заалт байхгүй байсаар байтал шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь шүүх хэт нэг талыг барьсан нэхэмжлэгчийн талд илт давуу шийдвэр гаргаж, хариуцагч талын эрх ашгийг хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалт нь хариуцагчийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авахгүй байгаа шалтгаан болон шүүгчийн гаргасан захирамжиндаа ямар хуулийн, ямар заалтыг үндэслэж гомдол гаргах эрхгүй болох талаар тодорхой зааж тусгаагүй байна.

4. Шүүх хариуцагч Х.Б-ийн хүсэлтийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрчээр Б.Х-ыг асууж тэмдэглэл хөтөлсөн ба уг гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар бичгийн нотлох баримтаар шинжлэн судалсан. Гэтэл шүүгч өөрийн гаргасан шийдвэртэй гэрч Б.Х-ын мэдүүлгийг хэрхэн үнэлж дүгнэсэн тухай тодорхой тусгаж бичээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлөхөөр заасан байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд орон сууцнаас албадан гаргах нь үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэж байгаа учраас 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд Х.Б- төлөх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас төлсөн 457 950 төгрөгийг Х.Б-өөс гаргуулж “Гк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн буруу ба мөн шүүхээс Х.Б-ийг давж заалдах шүүхийн шатанд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг тушаах байтал 457 950 төгрөгийг үндэслэлгүй тушаалгасан.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж хариуцагчаас гаргасан хүсэлт саналыг үл ойшоон, хуулинд “шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно,”, “Нотлох баримтын тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, мөн хэргийн хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэнэ” гэсэн заалтуудыг анхааран үзэхгүйгээр нэг талыг барьж, урьдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэдгийг зөрчиж, дутуу бүрдүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Гк” ХХК хариуцагч Х.Б-өд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 226 байрны 105 тоот хаягт байрлах 40.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль ёсны эзэмшилдээ шилжүүлэн авч, албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 226 байрны 105 тоот хаягт байрлах 40.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нь иргэн Д.Ц-гаас 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 60 000 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхээ мөн өдөр улсын бүртгэлийн Ү-2201010522 дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон үйл баримт тогтоогджээ. /хэргийн 5, 8 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч “Гк” ХХК, Д.Ц- нарын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус талаарх баримт авагдаагүй ба хариуцагч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Д.Ц- нь дээрх орон сууцыг өөр гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах зорилгоор түр хугацаагаар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Уг гэрээнд Д.Ц- нь маргаан бүхий орон сууцны төлбөрт 85 000 000 төгрөгийг Х.Б-өд бүрэн төлсөн талаар дурьджээ.

 

Мөн Д.Ц-гаас С.Ү-ад Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байх боловч орон сууцыг нэхэмжлэгчид худалдан-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх итгэмжлэлийг Д.Ц-гаас С.Ү-ад олгосон эсэх нь уг маргааны зүйлд хамааралгүй юм.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Х.Б-ийн хууль бус эзэмшлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхдээ эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийн талаар Иргэний хуулийн гэрээний эрх зүйн болон өмчлөх эрхийн зохицуулалтыг зөв тайлбарласан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                            

                          ШҮҮГЧИД                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                            С.ЭНХТӨР