Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

    

     2019          12            24                                       2020/ДШМ/11                                                  

 

С.Бод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1059 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1903009510372 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Б нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг, 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг, 26 дугаар байрны баруун талын замд “Toyota voxy” маркийн 86-85 УАА улсын дугаартай автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Норовсамбууг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сархаг овгийн Сүхрагчаагийн Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Бод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Д.Норовсамбууд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 338317 дугаарын үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид өөрт нь буцаан олгохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Норовсамбуу нь тус хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч С.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ өдийг хүртэл харамсдаг бөгөөд дахин ийм гэмт хэрэг гаргахгүйн тулд хичээж амьдрах болно. Хохирогч Д.Норовсамбууд миний бие цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулж, 890.800 төгрөгийг төлж барагдуулсан болно. Миний бие ам бүл тавуулаа, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2018 оны 12 дугаар сард Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хамрын хагалгаанд орсон. Одоо эмчийн хяналтад дахин эмчлүүлж байгаа мөн дахин хоёр дахь шатны мэс засалд орох гэж байгаа. Мөн миний бие “Түмэн төмөрт” ХХК-д өөрийн мэргэжлээрээ гагнуурчнаар ажилладаг. Давж заалдах шатны шүүх миний хувийн байдал, эрүүл мэндийн байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар

сольж өгөхийг хүсч байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б нь өмгөөлөгчгүй оролцсон. Шүүгдэгч нь хууль зүйн туслалцаа аваагүйн улмаас өөрийн хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэхтэй холбоотой “Түмэн төмөрт” ХХК-ийн тодорхойлолт, шүүгдэгчийн дансны хуулга, эрүүл мэндийн байдлын талаар баримтын хамт гаргаж өгч байна. Түүнчлэн, шүүгдэгч С.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж буй байдал зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирол төлсөн баримт зэргийг харгалзан үзэж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болоод үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан баримтуудаас прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхэд шүүгдэгчийг эрхэлсэн тодорхой ажилгүй гэх баримт авагдаж байсан. Бусад хувийн байдлыг тогтоох баримтууд байгаагүй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хуулийн дагуу үндэслэлтэй хүлээлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Б нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг, 26 дугаар байрны баруун талын замд “Toyota voxy” маркийн 86-85 УАА улсын дугаартай автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Норовсамбууг мөргөж, эрүүл

мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Норовсамбуугийн “... Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ ганцаараа гараад дэлгүүр орж явтал нэг мэдэхэд л унасан байсан. ...Би уг нь зам сайн харж байгаад зам хөндлөн гардаг. ...” /хх 8/,

гэрч М.Ариунаагийн “...Норовсамбуу нь миний аавын ээж бөгөөд, би ач охин нь юм. 1985 оноос эхлэн одоог хүртэл би эмээтэй хамт амьдарч байгаа, бид хоёулаа амьдардаг. Осол гаргасан жолооч эмээг гэмтээснээс хойш эм тариа авч өгч, шинжилгээг цаг тухайд хийлгэсэн. Одоо эмээгийн биеийн байдал гайгүй байгаа. ...” /хх 21-22/,

шүүгдэгч С.Бын “... Миний автомашин ухрахын камертай. Тэр үед зогсоолоос дөнгөж ухарч байтал гэнэт эмээ гарч ирээд эмээг санаандгүй мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулсан. Би өөрийн бурууг хүлээсэн, эмээг гомдолгүй болгосон. Гэм буруугаа ойлгож, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. ...” /хх 32/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Норовсамбуугийн биед зүүн талын эгэм өвчүүтэй нийлэх хэсгийн хугарал, баруун сарвууны 1-р хурууны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” /хх 25/ гэх дүгнэлт,

Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “...86-85 УУА машин ухраад хүн шүргэсэн гэсэн дуудлагыг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 34 минут 13 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа /хх 15/, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх 5-12/, жолооч С.Бын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0 хувь) /хх 13-14/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч С.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч С.Бын “...миний хувийн байдал, эрүүл мэндийн байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсч байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч М.Б- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд “Түмэн төмөрт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...С.Б 2013 оны 3 дугаар сараас хойш тус байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байгаа...” гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн хэдий ч тэрээр яллагдагчаар болон анхан шатны шүүх хуралдаанд “...тодорхой эрхэлсэн ажилгүй...” гэж мэдүүлсэн байна. /хх 31, 71/

Түүнчлэн шүүгдэгч М.Б-ыг 2013 оны 3 дугаар сараас хойш “Түмэн төмөрт” ХХК-д ажиллаж байгаа болохыг нотлосон нийгмийн болон бусад даатгал төлсөн баримт, тэрээр хэдий хугацаанд ажил үүргээ гүйцэтгэдэг болохыг тогтоосон баримт хэрэгт алга.

Иймээс шүүгдэгч М.Б-ыг “Түмэн төмөрт” ХХК-д ажилладаг, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял түүний хөдөлмөр эрхлэхэд нөлөөлсөн,  ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэхэд эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж тодруулан заажээ.

Шүүгдэгч С.Бын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх, оногдуулахгүй байх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. 

Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирлоо төлсөн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Прокуророос цаашид автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ч тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт эсхүл мөрдөгчийн магадлагааг гаргуулах шаардлагатайг анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1059 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч

С.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ