Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00459

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2019/00459

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                          

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Тольтон бургууд овогт С-ийн Б /.../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00389/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч С.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1964 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. 8 нас хүртлээ эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1973 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 1-р ангид элсэн орж 1980 онд 7 дугаар анги төгссөн. Манай эх Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт ажиллаж байсан. Би эхтэйгээ хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадын эмчилгээ тэжээлийн цэгт мал малласан. Би тэр болгон сургуульд суугаагүй. Мал маллах сонирхолтой байсан. 8 дугаар анги төгсөөгүй малчин болсон. Миний нэгдэлд ажиллаж байсан тушаал 1980 оны 6 дугаар сард гарсан байсан. Би 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд цэргийн алба хааж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1987 онд гэр бүл болсон. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчин хийж байсан. Манай эхнэрийг Алтанцэцэг гэдэг. Нэгдэл тараад 1992 оноос Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын Чандмань ББХ компанид малчин хийж байсан. Чандмань ББХ компани 1993 онд тарсан. Тэр цагаас хойш өдий болтол мал маллаж байна. Ховд аймгийн Мянгад сумын архив шатсан учраас 1980-1992 он хүртэлх материал байхгүй. Малчны тэтгэвэрт гарах насыг наашлуулсантай холбогдуулан шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал малчнаар, 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Чандмань ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... 1995 оныг дуустал карт байгаа. Нийгмийн даатгалын нягтлан 1995 оны 12 дугаар сарыг дуустал тогтоолгоод ир гэж хэлсэн учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна....Чандмань ББХК 1993 онд тарсан. Тарах хүртэл нь ажилласан....Хамрагдсан. 1990-2000 он хүртэл хамрагдсан....Улсаас өгсөн 11 жилээс 2 сар дутуу байсан....2000 онд 2 сар дутуу байсан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

С.Б  нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тус тус малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Чандмань ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 973 дугаартай албан бичиг, 1981 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр, 478628 дугаартай С.Бийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч А.Цагаачийн ....Би 1976-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад тоо бүртгэгч, Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд няраваар ажиллаж байсан....С.Б бид хоёр нэг баг бригадын хүмүүс байгаа юм. С.Б нь 1982 оны 6 сараас 1985 оны 6 саруудад цэргийн алба хаасан. С.Б нь цэрэгт явахаасаа ч өмнө мал маллаж байсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Батцэндийн ....Би 1965-1968 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Давшилт нэгдэлд ажиллаж байгаад цэрэгт явсан. 1968 онд цэрэгт яваад 1971 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад үнээт хэсгийн ахлагчаар 1975 он хүртэл ажилласан. 1975-1977 он хүртэл тус багтаа эмчилгээ тэжээлийн цэгт санитарч, 1978-1982 онуудад Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1982-1992 оныг дуустал Мянгад сумын Давшилт нэгдэлд запас сэлбэг, барилгын материалын няраваар тус тус ажиллаж байсан....С.Б нь цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад адуучнаар 1990 он хүртэл ажиллаж байсан....С.Б нь нэгдэлд ажиллаж байхдаа дандаа адуу малладаг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 14-15, 28-38, 48-49, 50-51 дүгээр тал/

1981 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн С.Бийн Хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 01 дүгээр сараас эхлэн цалин хөлс нь бичилттэй байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч С.Б нь шүүх хуралдаанд ....1990-2000 он хүртэл хамрагдсан....Улсаас өгсөн 11 жилээс 2 сар дутуу байсан....2000 онд 2 сар дутуу байсан.... гэх тайлбараар нэхэмжлэгч нь 1990 оноос 1993 оны 3 дугаар сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь тогтоогдож байна.

Иймээс Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Чандмань ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 17-20 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Цэндсүрэн, А.Цагаач нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан 1980.06.10 гэх бичвэртэй гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хавтаст хэргийн 46-17 дугаар хуудсанд авагдсан гэрч Н.Цэндсүрэнгийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөрсөн, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тольтон бургууд овогт Сумъяагийн Б /../-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тус тус малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Чандмань ББХК-д 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ