Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт *******  холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багт оршин суух хаягтай боловч одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой 6 дугаар багийн 31-01 тоотод түр амьдарч байгаа, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт *******, регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “...Боржигон овогтой ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” зочид буудлын гадна ******* зодож баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ганболд гэдэн найзынхаа хамт “Стар” бааранд ороод 00 цагийн үед Ганболдын найз 2 эмэгтэйтэй таарсан. Тэгээд бид 4 баарнаас гарахад үүдэнд Хатанбаатар, ******* нар тааралдаад 1 дүгээр хороонд байдаг буудал орж 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг хувааж уусан. Тэгээд Ариунзаяа, Нямсүрэн 2 явлаа гэхээр Ганболд бид 2 хүргэж өгөхөөр гартал ******* араас гарч ирсэн. Тэгээд Ганболдоос хэрүүл гуйгаад байхаар би ахын дүү боль гэж ******* хандаж хэлэхэд намайг хавсарч унагаагаад миний баруун, зүүн нүд рүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн асуудал болоход Ариунзаяа, Ганболд, Нямсүрэн нар байсан. Миний зүүн нүд хөхөрсөн. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн. Би ******* гар хүрээгүй. Миний эмчилгээний зардлыг гаргаад өгчих юм бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найз Гэлэндайдамбын хамт “Стар” бааранд ороод баар тарах үед танил эмэгтэйтэйгээ таараад хамт явж байсан 2 хүүхэнтэй мөн 3 залуутай Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” буудалд ороод өрөө аваад доороос нь 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг том пиво аваад бүгдээрээ хувааж уусан, тэгсэн нөгөө гурван эмэгтэйгийн Ариунзаяа, Нямсүрэн хоёр нь явах гэхээр нь би Гэлэндайдамбын хамт хүргэж өгөх гээд гарсан чинь бид хэдийн араас ******* гэх залуу гарч ирээд бид нар наад охидуудыг чинь хүргэж өгнө гээд томроод намайг заамдаад авахаар нь манай найз Гэлэндайдамба больцгоо гээд салгасан чинь ******* Гэлэндайдамбын баруун нүд хэсэг рүү нь гараараа 1-2 удаа цохисон тэгэхлээр нь би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* гэх залуу Гэлэндайдамбын нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Гэлэндайдамба нүүрээ дараад Ганболд цагдаа дуудсан. ******* гэх галуу Ганболдоос хэрүүл маргаан өдөж маргаан эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найз Ариунзаяа, Жавхаа нарын хамт “Стар” бааранд ороод бар хаах үед хамт гарцгаасан. Гарах үед бид нар үл таних 2 залуутай нийлээд 1 дүгээр хороонд байдаг “Арвайн тал” гэх буудалд нэг өрөө аваад, 2 том пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад Ариунзаяа бид 2 явах гэтэл Ганболд гэх залуу Гэлэндайдамба гэх залуутай хамт хүргэж өгнө гээд араас гарч ирсэн. Тэгээд ******* гэх залуу араас нь гарч ирээд маргаан болсон гэсэн би тэр үед их согтсон байсан учраас маргааш нь санахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

       Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 294 дугаартай “...Үзүүлэгч биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-18-р хуудас/,

 

Шүүгдэгч ******* хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № 32 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48/,

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/,

 

Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч “...Боржигон овогтой ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” зочид буудлын гадна ******* зодож баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ганболд гэдэн найзынхаа хамт Стар бааранд ороод 00 цагийн үед Ганболдын найз 2 эмэгтэйтэй таарсан. Тэгээд бид 4 баарнаас гарахад үүдэнд Хатанбаатар, ******* нар тааралдаад 1 дүгээр хороонд байдаг буудал орж 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг хувааж уусан. Тэгээд Ариунзаяа, Нямсүрэн 2 явлаа гэхээр Ганболд бид 2 хүргэж өгөхөөр гартал ******* араас гарч ирсэн. Тэгээд Ганболдоос хэрүүл гуйгаад байхаар би ахын дүү боль гэж ******* хандаж хэлэхэд намайг хавсарч унагаагаад миний баруун зүүн нүд рүү 1-2 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч “...буудлын гадна ******* гэх залуу Гэлэндайдамбыг зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч “******* Гэлэндайдамбын нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Гэлэндайдамба нүүрээ дараад Ганболд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч “Пиво ууж дуусаад Ариунзаяа бид 2 явах гэтэл Ганболд гэх залуу Гэлэндайдамба гэх залуутай хамт хүргэж өгнө гээд араас гарч ирсэн. Тэгээд ******* гэх залуу араас нь гарч ирээд маргаан болсон гэсэн би тэр үед их согтсон байсан учраас маргааш нь санахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №294 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Боржигон овогт  ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвайн тал” зочид буудлын гадна ******* зодож баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Гэлэндайдамба, гэрч , , Ж.Нямсүрэн, яллагдагч ******* нарын мэдүүлэг, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 294 дугаартай дүгнэлт,  яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Хохирогч А.Гэлэндэйдамба нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иймд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Улсын яллагчийн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч нь хохирогчийн хохиролд 360.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар прокурортой ял тохиролцсон. Хэдийгээр ******* нь амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой хүн гэж манай төвд хандаж хууль зүйн туслалцаа авсан хэдий ч сүүлийн 3 жилийн хугацаанд хөөсөн дулаалгын компанид ажиллаж байгаа. Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ч орлоготой гэдэг нь түүний Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Иймд прокурортой тохиролцсон 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Гэлэндайдамба нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР