| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00387/И |
| Дугаар | 00460 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 00460
| 2019 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2019/00460 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, Тайчууд овогт П-йн Ц /../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 153/2019/00387/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П-ийн Ц нь 1963 оны 01-р сарын 07-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж, 1980 онд 8 дугаар анги төгссөн. 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэл цагаан хэрэглэл угаагч, асрагчаар ажиллаж байгаад 1985 оны 9 дүгээр сард хүүхэд төрүүлж жирэмсний 60 хоногийн чөлөөгөө дуусгаад дахиж ажилдаа ороогүй. Иймд П.Цийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
П.Ц нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч П.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг П.Цийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1982 оны 7 дугаар сары 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Ц нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1982 оны 7 дугаар сары 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, угаагчаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 699 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойн хүндэт тэмдгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан гаргасан Цамбагарав хайрханы цагаан нөмрөгт баатрууд ном, 80 жилийн ойн баярыг тохиолдуулан гаргасан Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төв гэх нэртэй номнуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.Насанжаргалын ....Би 1974-1987 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан....1980 онд П.Ц нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийг 8 дугаар анги төгсөөд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1982-1985 онуудад эмнэлгийн асрагч, угаагчаар ажиллаж байсан. 1982 оны хэдэн сард манай эмнэлэгт ажиллаж эхэлснийг санахгүй байна. Ямар ч байсан 1985 оны 9 сард жирэмсний амралтаа аваад гарсан түүнээс хойш буцаж ажилдаа орж ирээгүй.... гэх мэдүүлэг, гэрч С.Үхэрчийн ....Би 1967-1969 онуудад Ховд аймгийн Сувилагчийн сургуульд суралцсан. 1969 оны 7 дугаар сард сургуулиа төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажилд ороод 1994 оны хавар хүртэл тасралтгүй ажилласан....П.Ц нь 1982 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүн эмнэлэгт цагаан хэрэглэл угаагчаар ажилд орж 1985 оны 9 сар хүртэл ажилласан. П.Ц нь цагаан хэрэглэлийн угаагч, үйлчлэгч зэргийг хамтад нь хийдэг байсан. 1985 оны 9 сард жирэмсний амралтаа авч яваад дахиж ажилдаа ороогүй. П.Ц нь надтай 1982-1985 оны 9 сар хүртэл хамт ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 14, 23-24, 39-40, 48-49 дүгээр тал/
Нэхэмжлэгч П.Ц нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1985 оны 9 дүгээр сары 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагч, угаагчаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Үхэрч, С.Насанжаргал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан гаргасан Цамбагарав хайрханы цагаан нөмрөгт баатрууд ном, 80 жилийн ойн баярыг тохиолдуулан гаргасан Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төв гэх нэртэй номнуудын хуулбарууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайчууд овогт Пунцагдашийн Цийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1982 оны 7 дугаар сары 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлэгт 1985 оны 9 дүгээр сары 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагч, угаагчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ