| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00438/И |
| Дугаар | 00461 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 00461
| 2019 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2019/00461 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Монгол түлхүүр ХХК-ийн байрны .. корпус ... тоотод байрлах, М ХХК /.../ -ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-.. тоотод байрлах, Х ХХК /.../-д холбогдох,
худалдан авсан эм бэлдмэлийн үлдэгдэл төлбөр 2,121,000 төгрөг, алданги 1,060,500 төгрөг, нийт 3,181,500 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00438/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Д.Эн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э нь манай компанитай 2016 оны 3-р сарын 29-ний өдөр ХО-1614 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. 2016 оны 9,572,000 төгрөгний эм бэлдмэлийг 100% зээлээр авч, худалдан авалтынхаа үлдэгдэл төлбөр болох 2,121,000 төгрөгийг удаахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй худал ярьж, хууран мэхэлж байгаад гомдолтой байна.
Иймд Хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 2,121,000 төгрөг, дээр гэрээний 9.2.7 буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 1,060,500 төгрөгийн апдангийг 2,121,000 төгрөг буюу үндсэн төлбөр дээр нэмж нийт 3,181,500 төгрөгийг Х ХХК-ний захирал Ц.Эрдэнэзулаас гаргуулж өгнө үү гэжээ.
Тус шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохигчоос ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Д.Энхсаруулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Х ХХК-ийн захирал Ц.Эрдэнэзул бид дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд:
1.Хариуцагч Х ХХК-ийн захирал Ц.Эрдэнэзул би нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагаас 2,121,000 төгрөг, алдангиас 320,000 төгрөг, нийт 2,441,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Х ХХК нь М ХХК-д /Хаан банкны данс 5034402207/ 2019 оны 09 сарын 30-нд 1,220,500 төгрөг, 2019 оны 10 сарын 10-нд 1,220,500 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2.Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Д.Энхсаруулын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х ХХК нь нийт 2 441 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул үлдсэн 740,500 төгрөгнөөс татгалзлаа.
3.Хариуцагч Х ХХК нь эвлэрэлд заасан хугацаандаа нэхэмжлэгч М ХХК-д 2,441,000 төгрөг төлөхгүй хугацаа хэтэрвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрлөө.
4.Зохигч нар эвлэрсэн тохиолдолд гомдол гаргах эрхгүй болохыг ойлголож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь Х ХХК-д холбогдуулан худалдан авсан эм бэлдмэлийн үлдэгдэл төлбөр 2,121,000 төгрөг, алданги 1,060,500 төгрөг, нийт 3,181,500 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас худалдан авсан эм бэлдмэлийн үлдэгдэл төлбөр 2,121,000 төгрөг, алданги 320,000 төгрөг, нийт 2,441,000 /хоёр сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,220,500 /нэг сая хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,220,500 /нэг сая хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч М ХХК-ийн ХААН банк дахь 5034402207 тоот дансанд төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 740,500 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 19/65 дугаартай албан бичгээр иргэн Ж.Энхжаргалд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдав. /хх-ийн 3 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,860 төгрөгнөөс тал хувь болох 32,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 32,930 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 65,860 төгрөгийн тал хувь болох 32,930 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М ХХК-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Х ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, худалдан авсан эм бэлдмэлийн үлдэгдэл төлбөр 2,121,000 төгрөг, алданги 1,060,500 төгрөг, нийт 3,181,500 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас худалдан авсан эм бэлдмэлийн үлдэгдэл төлбөр 2,121,000 төгрөг, алданги 320,000 төгрөг, нийт 2,441,000 /хоёр сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,220,500 /нэг сая хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,220,500 /нэг сая хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч М ХХК-ийн ХААН банк дахь 5034402207 тоот дансанд төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 740,500 /долоон зуун дөчин мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,860 төгрөгнөөс тал хувь болох 32,930 /гучин хоёр мянга есөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 32,930 /гучин хоёр мянга есөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,930 /гучин хоёр мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ