Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00462

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2019/00462

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, Хорхон овогт А-ийн М /.../-ын нэхэмжлэлтэй,

хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 153/2018/00383/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч А.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хүрэлчулуун нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө мал маллаж байхдаа 8 дахь хүүхэд маань төрсөн. 2006 онд Я.Хүрэлчулууны хүүхдүүд нь алдагдаад байхаар нь Батзаяаг үрчлүүлсэн. Батзаяа нь одоо 2 гэрийн хооронд өссөн бөгөөд Ховд аймгийн Дуут сумын дунд сургуульд суралцдаг. Батзаяагийн өөрийнх нь хүсэлт нь Төрүүлсэн эцэг, эхийнхээ нэр дээр иргэний үнэмлэх авна гэсэн хүсэлттэй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хүүхдийнхээ саналын талаар хэлэхэд Я.Хүрэлчулуун, Э.Э нар зөвшөөрсөн. Иймд Батзаяагийн саналыг хүндэтгээд үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү. Бид нарын дунд ямар нэгэн асуудал байхгүй. Батзаяа нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд 2004 оны 8 сарын 22-ны өдөр төрсөн....Манайх 2011 оны 9 сард Ховд аймгийн Дуут суманд шилжиж ирснээс хойш хамт байгаа....Үрчлэлт цуцлагдсан тохиолдолд төрүүлсэн эцэг, эх нь асрамжиндаа авна....Охин Батзаяаг Я.Хүрэлчулуун, Э.Э нарт 2006 оны 10 сарын 25-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү....Би Батзаяаг 2006 онд үрчлүүлсэн....2006 онд үрчлэлт хийгдсэн. 2008 онд үрчлүүлээгүй....гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хүрэлчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э бид нар 1986 онд гэр бүл болсон бөгөөд 6 хүүхэд төрүүлсэн боловч 3 хүүхэд маань эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан. Манай эхнэр сэтгэл санааны дарамтанд орсноос болоод Батзаяаг үрчилж авах асуудлыг яриад лам дээр очиход болж бүтэх талаар хэлээд, 2006 онд охин Батзаяаг үрчилж авсан. Түүнээс хойш Батзаяа хөдөө мал дээр сургуульд ортлоо өсөж бойжсон бөгөөд амьдралын шаардлагаар Ховд аймгийн Дуут суманд шилжиж ирсэн. Би Батзаяагийн ачаар 4 ач, 4 зээтэй сайхан амьдарч байна. Батзаяагийн эцгийнхээ нэрээр овоглох болсон шалтгаан нь улсын тэмцээнд явдаг тамирчин учраас өөрийнхөө эцэг, эхийн нэрээр овоглох шаардлага гарсан учраас түүний хүсэлтийг хүлээж авахаас өөр аргагүй болсон. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. Батзаяа нь ОУ-ын тэмцээнд явах гэхээр Е пасспорт авахад зөрчил үүсээд байгаа....Манай эхнэр 50 настайдаа тэтгэвэрт гарсан. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн үндэслэлээр тэтгэвэрт гарсан....Миний 3 хүүхэд болон Батзаяа, том охины 2 хүүхэд орсон....Батзаяаг 2006 оны 10 сарын 25-ны өдөр 1 дугаартай гэрчилгээ авч, үрчилж авсан....2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ авсан. 2008 онд үрчлүүлээгүй дээ....Засаг даргын захирамж гаралгүй яахав. 2006 онд захирамж гарсан....Батзаяаг 2006 онд үрчилж авсан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.М нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М нь нэхэмжлэлийн шаардлагаа 2004 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, охин Хорхон овогт Хүрэлчулууны Батзаяаг Хорхон овогт Ядамын Хүрэлчулуун, Хорхон овогт Эрхэмбаярын Э нарт 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж тодруулав.

А.М, Т.Сарантуяа нар нь 2004 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Батзаяаг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хүрэлчулуун нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М нь 2004 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Батзаяаг найз Я.Хүрэлчулуун, Э.Э нарт 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлүүлсэн гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хүрэлчулуун нь охин Батзаяаг найз А.Маас 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлэн авсан гэж тус тус тайлбарлав.

Хавтаст хэрэгт №39/01 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар охин Батзаяаг А.М нь Я.Хүрэлчулуун, Э.Э нарт 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 01-рт бүртгэж гэрчилгээ олгосон байх боловч 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 00/000014 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар охин Батзаяаг Я.Хүрэлчулуун, Э.Э нарт 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын үрчлэлтийн 0003-рт бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл тус тус авагджээ. /хх-ийн 7-8 дугаар тал/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна. гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч нь Батзаяаг Я.Хүрэлчулуун, Э.Э нарт 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 00/000014 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар охин Батзаяаг Я.Хүрэлчулуун, Э.Э нарт 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын үрчлэлтийн 0003-рт бүртгэсэн үрчлэлт бүртгэгдсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн

зөв, бодитой байх зарчмыг баримтлавал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулан асуухад нэхэмжлэгч А.М нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Батзаяаг Я.Хүрэлчулуун, Э.Э нарт 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж тодруулсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2004 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, охин Хорхон овогт Хүрэлчулууны Батзаяаг Хорхон овогт Ядамын Хүрэлчулуун, Хорхон овогт Эрхэмбаярын Э нарт 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ