| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00429/И |
| Дугаар | 00464 |
| Огноо | 2019-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 00464
| 2019 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2019/00464 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Өлзий суманд байрлах, Г ХХК /.../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны 25 тоотод оршин суух, Ахсум овогт Б-ын Жд холбогдох,
шатахууны үнэ 1,118,400 төгрөг, алданги 559,200 төгрөг, нийт 1,677,600 /нэг сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 153/2019/00429/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.Ж нь 2018.1.2-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018.12.31-ний өдөр дуусгавар болсон байна.
Иргэн Б.Ж нь Г ХХК-ийн зэгэстэй шатахуун түгээх салбараас 2018.10.18-ны өдөр 114,400 төгрөгний шатахууныг, зам зуур шатахуун түгээх салбараас 2018.10.18-ны өдөр 781,000 төгрөгний шатахууныг, Өлзийт шатахуун түгээх салбараас 2018.10.18-ны өдөр 223,000 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд 2019.08.21-ний өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.
Зээлийн гэрээний 2.2-д худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заажээ. Гэрээний хугацаа 2018.12.31-ний өдөр дуусгавар болсон байна.
Иймд иргэн Б.Жгаас шатахууны үнэ 1,118,400 төгрөг, алданги 559,200 төгрөг, нийт 1,677,600 төгрөгийг Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Н.Очирбат нь тус шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат миний бие итгэмжлэлд заасан эрхийнхээ дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Б.Жгаас шатахууны үнэ 1,118,400 төгрөг, алданги 559,200 төгрөг, нийт 1,677,600 төгрөгийг Г ХХК-д гаргуулахаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Б.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь Б.Жд холбогдуулан шатахууны үнэ 1,118,400 төгрөг, алданги 559,200 төгрөг, нийт 1,677,600 /нэг сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэрэндэндэв нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19/143 дугаартай албан бичгээр Н.Очирбатад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатад нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 3 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,792 төгрөгийн тал хувь болох 20,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 20,896 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Жгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,896 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Жд холбогдох, шатахууны үнэ 1,118,400 төгрөг, алданги 559,200 төгрөг, нийт 1,677,600 /нэг сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,792 төгрөгийн тал хувь болох 20,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 20,896 /хорин мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Б.Жгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,896 /хорин мянга найман зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ