Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00157 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ОБЕГ-т холбогдох

 

2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тэтгэвэрт 13 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оноос Зэвсэгт хүчин, Иргэний хамгаалалт, Онцгой байдлын байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад ОБЕГ-ындаргын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дугаар тушаалаар төрийн тусгай албанд ажиллах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас гэнэт чөлөөлөгдсөн. Тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан ч 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн ерөнхий зохицуулагчаар томилогдох үед 3 сарын тасалдал гарсан нь дараалсан 5 жил буюу 60 сарын цалингийн дунджаас тэтгэвэр тогтоох боломжгүй болсон байна. Энэ тухай төрийн албаны зөвлөлийн дарга н.Д /дэд дарга Т.Б/, тамгын газрын дарга /Д.А/ нартай уулзаж зөвшилцсөний үндсэн дээр уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах хүсэлтээ 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 12 дугаар сарын 16-ны өдөр 2 удаа бичгээр гаргасан. 2014 оны сүүлээр намайг Төв аймгийн Онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах асуудал хариуцсан байцаагч, Аврах тусгай ангийн захирагчийн орлогч зэрэг ажлын байруудын аль нэгэнд томилохоор яригдсан ч ОБЕГ-ындарга огцорч, шинэ дарга томилогдсоноор асуудал түр хойшилсон. Хүний нөөцийн хэлтсийн дарга н.Ц надад “...ажилд томилохын тулд үндэслэл болгох материал хэрэгтэй” гэсний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 дахь удаа бичгээр хүсэлт гаргаад хүлээж байсан. Гэтэл ОБЕГ-ын2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3/441 тоот албан бичгээр “...2012 онд тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан тул ахин томилох боломжгүй болно. Харин 2011 онд тасарсан хугацааг шүүхэд хандан нөхөн тооцуулах нь зүйтэйт зөвлөж байна.” гэсэн хариу өгсний дагуу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тасарсан хугацааг төрийн тусгай албанд ажилласнаар тогтоож, цалин бусад нэмэгдэл цалинг олгуулан нийгмийн даатгал нөхөн тооцуулах, ОБЕГ-ындаргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг нөхөн олгуулах тухай нэхэмжллэ гаргасан. Шүүхийн явцад буюу 2015 оны 05 дугаар сард ОБЕГ-ын дарга /Т.Б/ надад Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуульд багшаар ажиллах санал тавьсан. Энэ албан тушаалд миний эрдмийн зэрэг цол тохироогүй тул орхисон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн 1 дүгээр зүйлээр 457 дугаар шийдвэрээр баталгаажуулсан. Уг гэрээнд миний нэхэмжилсэн мөнгөн дүнгийн 60 хувь буюу 1 947 063 төгрөгийг олгож, нийгмийн даатгал нөхөн тооцуулахаар тусгасан. ОБЕГ-ындаргад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баталсан эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүссэн өргөдөл 2015 оны 11 дүгээр сарын 02-нд илгээсэн ч хариу өгөөгүй. Би Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 230 000 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 57 сарын цалингийн дунджаар буюу 865 818 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон. ОБЕГ-ындарга 2016 оны 02 дугаар сарын 19-ний 93 тоот тушаал гаргаж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эвлэрлийн гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд даалгасан ч мөн л хэрэгжээгүй. 2016 оны 06 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны дугаар магадлалыг албадан хэрэгжүүлэх шийдвэр гаргуулсан. Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газраас нэхэмжилсэн 1 947 063 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан 2016 оны 11 дүгээр сарын 22-нд надад олгосон ч нийгмийн даатгал нөхөн бичиж, баталгаажилт хийлгэсэнгүй. Ийнхүү 2014 оны 09 дүгээр сарын 09-өөс эхлэн удаа дараа өгсөн өргөдөл, хүсэлтүүдийг минь шийдвэрлэлгүй удаашруулсны улмаас өнөөдрийг хүртэл бүрэн тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирсоор байна. Иймд 2014 оны 09 дүгээр сарын 01-ээс 2015 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацааны тэтгэвэр болох 13 400 000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ю.Б-ийг ОБЕГ-ын даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар төрийн тусгай алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн. Энэ тухай маргаан Нийслэлийн Захиргааны анхан, давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Харин нэхэмжлэгч Захиргааны анхан шатны шүүх дээр эвлэрэн хэлэлцсэн ёсоор мөнгөө хүлээн авсан байсан. Одоо харин тухайн үеийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж тэтгэврийн зөрүү 27 774 төгрөгийг тэтгэвэр дээр нэмүүлж авах талаараа хөөцөлдсөн зөв байх гэж бодож байна. Ю.Б- тухайн үеийн дарга нартаа л гомдоод яваад байдаг хүн юм шиг байна. Өөрөө тэтгэвэр ч үгүй ажлаас чөлөөлөгдөх шалтгаантай байсныг өөрөө мэдэж байгаа. Харин ч дарга нар тэтгэвэрт гаргасан байдаг. Энэ хүнтэй Захиргааны анхан шат, давах заалдах шатны шүүх дээр бүтэн жил маргалдсан. Нэгэнт тэтгэвэрт гарчихсан хүнийг буцааж төрийн албанд ажлуулна гэсэн хууль байхгүй гэдгийг өөрөө ч мэдэж байгаа. Онцгой байдлын Ерөнхий газраас нэхэмжлээд байгаа мөнгийг гаргах хууль байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ОБЕГ-т холбогдох 13 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00157 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний 2014 оны 09 дүгээр сарын 09, 12 дугаар сарын 16-нд ОБЕГ-т өгсөн өргөдөл хүсэлтүүдэд хуулийн хугацаанд хариу өгөлгүй 2015 оны 02 дугаар сарын 05-ыг хүртэл нийт 5 сар гаруй хугацаагаар хүлээлгэснээр энэхүү гэм хорын хохирол үүссэн юм. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчаас шууд шалтгаалан миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй байсан нь хангалттай нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч ОБЕГ-т холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэвэр 13 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ю.Б- гаргасныг хариуцагч эс зөвшөөржээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “60 сарын цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгоход 3 сар дутаж 57 сар сараар тогтоогдох болсон тул ажилд томилуулах хүсэлтийг тухайн үеийн удирдлагад удаа дараа гаргасан боловч хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байсаар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хооронд тэтгэвэр авч чадаагүй” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч ОБЕГ-ын даргын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалаар төрийн тусгай алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. /хэргийн 50 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/414 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажлын байраар хануулгах тухай өргөдлийг 2014 оны 9 дүгээр сарын 09, мөн оны 12 дугаар сарын 16, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус хариуцагч байгууллагад хүргүүлсэн байх ба 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/441 дугаартай албан бичгээр 2012 онд тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан тул ахин томилох боломжгүй, 2011 онд тасарсан хугацааг шүүхэд хандан нөхөн тооцуулах нь зүйтэй гэсэн хариуг өгчээ. /хэргийн 45-49 дүгээр тал/ Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хугацаанд төрийн тусгай албанд ажилласан болохыг тогтоолгох энэ хугацааны цалин бусад нэмэгдэл хөлс нийт 3 245 106 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалийн дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 454 дүгээр магадлалаар дээрх тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагын хувьд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 12-19 дүгээр тал/

 

Улмаар ОБЕГ-ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн б/93 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ю.Б-ийг 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн онцгой байдлын хэлтсийн даргын албан тушаалд ажилласан болохыг тооцож, уг хугацааны дундаж цалин хөлс 1 947 000 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн байх боловч, энэ хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч байгуулагад ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй болон ажил үүрэг гүйцэтгээгүй талаар өөрөө нэхэмжлэл, тайлбартаа бичжээ. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сард нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэтгэвэр тогтоолгосон, үүнээс өмнө тэтгэвэр тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандаагүй гэж тайлбарлаж байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тэтгэвэр аваагүйд хариуцагч байгууллагыг буруутай гэж үзэх боломжгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэггүй болно.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Ю.Б-ийг алба хаах насны дээд хязгаар хүрсэн гэх үндэслэлээр хариуцагч ОБЕГ-ын даргын 2014 оны Б/414 тоот тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, 2016 оны 01 дүгээр сараас өмнө нэхэмжэгч тэтгэвэр тогтоолгоогүйд хариуцагч буруутай болох нь тогтоогдохгүй байх тул 13 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Мөн хариуцагч байгууллага нь иргэдээс гаргасан өргөдөл гомдолд хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй болон өндөр насны тэтгэврээ дээрх хугацаанд тогтоолгоогүй гэх нөхцөл байдлуудын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй байна.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                            М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                               С.ЭНХТӨР