Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1247

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3299 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ариунжаргалын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128 дугаартай эсэргүүцлээр Д.Б-д холбогдох эрүүгийн 1906038871645 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..........................., 19..... оны ........ дугаар сарын ............-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Элэгний төвд их эмч ажилтай, ам бүл 3, хүүхэд, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 660-б тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 168 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

 

Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн гэрлэн дохионы уулзвар дээр эхнэр Б.Тунгалагтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1 гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2487 дугаартай шүүгчийн захирамжийн: “Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Тунгалагийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал, мөн эхнэрээ байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн эсэхийг огт тодруулж шалгалгүйгээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ...” гэсэн заалтыг гүйцэд биелүүлээгүй байна. Учир нь мөрдөн шалгах нэмэлт ажиллагаанд хохирогч Б.Тунгалагийн өгсөн мэдүүлгийн /хх 97-100/ дагуу тухайн эмнэлгээс холбогдох баримтыг гаргуулах, Ган-Эрдэнэ, Дашдондог гэгч нараас гэрчийн мэдүүлэг авах зэргээр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг огт шалгалгүй орхигдуулжээ. Харин мөрдөн шалгах нэмэлт ажиллагаанд Л.Дашцэрэн /хх 89-92/, арван найман насанд хүрээгүй Б.Есүг /хх 93-95/ нараас гэрчийн мэдүүлэг авсан байх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлгийн 14 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хохирогч Б.Тунгалаг, яллагдагч Д.Б нарын төрсөн хүү, 16 настай гэрч Б.Есүгт сануулж тайлбарлаагүй байх бөгөөд уг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй юм. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ариунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг онцгойлон дангаар зүйлчилсэн байдаг бөгөөд хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэжээ. Хохирогч Б.Тунгалаг цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “...Би цагдаад дуудлага өгдөг гэдгийг мэддэггүй байсан болохоороо цагдаад дуудлага өгдөггүй байсан....” гэж мэдүүлсэн бөгөөд түүнчлэн яллагдагч Д.Б нь Эрүүгийн хуулиар шалгагдаж байгаагүй, цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй болох нь АСАП сангийн лавлагаанаас харагддаг. Мөн Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн жагсаалтад 6 удаа бүртгэгдсэн боловч эдгээр дуудлагыг Д.Бын эцэг Дашцэрэн, хүү Есүг нар нь гаргадаг байсан болох нь дуудлага мэдээллийн жагсаалтын шийдвэрлэлтийн хэсэгт бичигдсэнээр харагдаж байна. Мөн хохирогчийг ямар нэгэн байдлаар эмнэлэгт хандаж байсан бичиг, баримт байна уу гэхэд “би эмнэлэгт хандаж байгаагүй ээ” гэдэг. Прокурорын хувьд хэргийн зүйлчлэлийн асуудал дээр эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлж байсан боловч анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл тохирохгүй гэж буцаасан байдаг. Б.Бэхболдын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Иймд Д.Б 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Б.Тунгалагийг зодсон үйл баримтад тулгуурлан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3299 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

            Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1 гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн Д.Бод холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

 

            Учир нь, хохирогч Б.Тунгалаг мөрдөн байцаалтад “...Намайг нөхөр Бэхболд 2018 оны 10 дугаар сараас хойш байнга зодож байгаа. Манай нөхөр гэр бүлийн гадуурх харилцаатай болсон ба би гэр бүлээ аваад үлдэе гэж бодоод цагдаад ханддаггүй байж байгаад 2019 оны 1 дүгээр сард өдрийг нь мэдэхгүй байна Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн. ...би цагдаад дуудлага өгдөг гэдгийг нь мэддэггүй байсан болохоороо цагдаад дуудлага өгдөггүй байсан...” /хх 11-12, 98-99/ гэж мэдүүлсэн байх бөгөөд энэ нь дуудлага, мэдээллийн жагсаалтаар /хх 48-50/ давхар нотлогдон тогтоогджээ.

 

            Хохирогч Б.Тунгалаг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх боловч тэр нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага биш, 2019 оны 7 дугаар сарын 30-нд мөн дуудлага өгсөн байх боловч мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага биш байна /хх 48-49/.

 

            Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Бод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3299 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Бод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ